Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

Д.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Л.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Б нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Г холбогдох эрүүгийн 2216001710168 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овогтой Д.Г нь Монгол Улсын иргэн, халх, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............... аймгийн ................ сумд төрсөн, ..... настай, эрэгтэй, ........  боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .................. сумын ............... багийн ................. тоотод түр оршин суудаг гэх, ................. аймгийн .................. сумын ...... баг, ............... оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ................. регистрийн дугаартай,

 

1. Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь- Алтай аймгийн ................ сумын ................. багийн нутаг дэвсгэрт иргэн Г.М эрхлэн ажиллуулдаг “................” хүнсний дэлгүүрт цагдаагийн албан хаагчийн хувцас өмсөж орон “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт ажилладаг, цалин удахгүй буухаар мөнгийг нь өгье...” хэмээн хуурч, мэхлэн хохирогч Г.Маас 221,500 төгрөгийн үнэтэй архи, хүнсний бүтээгдэхүүн, мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 49,100 төгрөгийн архи, ундаа авч, нийт 270,600 төгрөгийн хохирол учруулсан,

Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан “Шүдлэн үхэр зарна” гэсэн зарын дагуу худалдан авалт хийхээр шүдлэн үхэр захиалсан хохирогч П.Д “Шүдлэн үхэр зарна, үхрийг удахгүй авч очиж өгнө.” гэж хуурч, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,140,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,660,000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны 52.................... тоот дансаар шилжүүлэн авч, нийт 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Г “Гурван охин шүдлэн зарна. 2-3 хоногийн дараа хүргээд өгье.” гэж хуурч, мэхлэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөгийг иргэн Б.Н-ын хаан банкны 53.................... тоот дансаар шилжүүлэн авч, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний сарлаг үхрийн үржүүлгийн зарын группт “Үхэр зарна.” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Ц.Д 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 99...................... дугаараар холбогдож 3,000,000 төгрөгийг Хаан банк дахь 51.................... тоот дансанд шилжүүлэн авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагджээ.

 

1.2 Прокуророос Д.Ггийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогтой Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ггийн цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг тухайн  өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч Д.Ггаас 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийг хохирогч П.Дд, 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хохирогч Ш.Гт, 3,000,000 (гурван сая) төгрөгийг хохирогч Ц.Дт тус тус гаргуулан олгож, хохирогч Г.Мт 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг төлсөн болохыг дурдаж,

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тэмдэглэж,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 (хоёр) хуудас, улсын яллагчийн гаргаж өгсөн 2 (хоёр) хуудас баримтыг тус тус хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Police” гэсэн бичигтэй хар өнгийн ноосон цамц 1 (нэг) ширхэг, хар хөх өнгийн саравчтай малгай 1 (нэг) ширхгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

3. Шүүгдэгч Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д овогтой Г миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Тиймээс миний хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээс түүнд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд тусч байна. Д.Г нь эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймагт түр оршин суудаг. Эхнэр нь аймгийн анагаахын сургуульд суралцаж, Д.Г нь бага насны хүүхдээ харж гэртээ байдаг. Анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Прокурор: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Хэргийн үйл баримтын талаар:

 

6.1. Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн ................. сумын ............... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” хүнсний дэлгүүрт цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас өмсөн орж “Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт ажилладаг. Цалин удахгүй буухаар мөнгийг нь өгье.” гэж хэлж хохирогч Г.Маас 221,500 төгрөгийн үнэ бүхий архи, хүнсний бүтээгдэхүүн, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 49,100 төгрөгийн архи, ундаа авсан байна.

6.1.1. Энэ үйл баримт нь хохирогч Г.М, гэрч Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед  эхнэр Д.Г нь “Цагдаад ажилладаг гээд нэг залуу цагдаа хувцастайгаа орж ирээд хүүхдээ угаах гэсэн юм жаахан юм зээлээч гэхээр нь өрөвдөөд 0.5 литрийн  лаазтай “Сэнгүр” пиво 144.000 төгрөг, 45.000 төгрөгийн үнэтэй, 0.75 литрийн “Бигэр” виски, 12.500 төгрөгийн төмс, 20.000 төгрөгийн “мони” нэртэй чихэр нийт 270.600 төгрөгийн бараа зээлчихлээ гэж хэлсэн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Г гэдэг залуу хүүхэд тэвэрч орж ирээд “Одоо манай цалин буух гэж байна, 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “Бигэр” виски, 1 коко кола ундаа зээлчихье мөнгөө бэлнээр нь одоо аваад ирье гэж хэлж авч яваад мөнгийг нь өгөөгүй. Сураггүй алга болсон. Говь-Алтай аймгийн цагдаад ажилладаг хүмүүсээс асуухад тийм хүн байдаггүй гэж хэлэхээр нь цагдаад гомдол гаргасан.” тухай мэдүүлэг /1 хх 32-33, 36-37/,

6.1.2. Хохирогч Г.М өөрийнх нь дэлгүүрээс хүнсний зүйл авч явсан хүн нь Д.Г болохыг заасан тухай таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хх 16-20/,

6.1.3. Д.Г нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байгаагүй тухай тус цагдаагийн газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33/03-4374 дугаар албан бичиг /1 хх 24 /,

6.1.4. Шүүгдэгч Д.Ггийн хохирогч Г.М дэлгүүрээс худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнийг 270,600 (хоёр зуун далан мянга зургаан зуу) төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ХҮ-921/4097 дугаар шинжээч дүгнэлт /1 хх 45-46/ зэргээр тогтоогдож байна.

6.2. Шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Г-т  3 ширхэг шүдлэн үхрийг 1 бүрийг 500,000 төгрөгөөр худалдана гэж хэлж 1,500,000 төгрөгийг гэрч  Б.Н-ын хаан банкны 53.................... тоот дансаар шилжүүлэн авч, хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

6.2.1. Энэ үйл баримт нь хохирогч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай дүү Ш.А Өмнөговь аймгаас утсаар залгаад “Бууцагаан сумын цагдаа хийдэг хүн, охин шүдлэн 500,000 төгрөгөөр зарна гэж байна, Эрдэнэцогтын үхэрт байдаг, дүү А-тай ойр байдаг юм, итгэж болох байх гэж хэлээд байж байтал 94............. дугаараас залгаад “Дүүтэй чинь утсаар ярьсан. Шүдлэн үхэр 500,000 төгрөгөөр зарна.” гэж хэлэхээр нь “3 охин шүдлэн авъя.” гэж хэлэхэд танай дүү А-нд 2-3 хоногийн дараа өөрийн биеэр аваачиж өгнө гэж хэлээд над руу дансаа явуулахаар нь эхлээд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дүү Ш.А нь нөгөө шүдлэн үхэр зарна гэсэн хүн дахиад 3 шүдлэн зарна гэж байна та ярьж байгаад мөнгийг нь хийчих гэж хэлсний дараа 94............ дугаараас та мөнгөө хийх болж байна уу, өнөөдөр хөдөө явах гээд байна гэсэн утгатай зурвас бичээд байхаар нь би тухайн дугаар луу залгаад миний дүү үхрээ аваачиж өгсний дараа мөнгийг чинь өгнө гэхэд нь “Би одоо хөдөө явах гээд бензин, маслоны мөнгөний хэрэг байна гэж хэлэхээр нь “Чи бензиний мөнгөгүй байж шүдлэн үхэр зарна гэж худлаа хэлээд байгаа юм байна. Би чамд ерөөсөө мөнгө өгөхгүй. Гурван шүдлэнгээ хурдан авч ирж өг. Эсвэл мөнгөө авъя гэж хэлэхэд утсаа тасалсан. Түүнээс хойш дахин над руу залгаагүй, намайг залгахаар утсаа авахаа больсон, мөн мессеж бичихээр хариу бичихээ больсон тул цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд 1,500,000 төгрөгөө нэхэмжилж байгаа” талаарх мэдүүлэг /1 хх 142-144/,

6.2.2. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2022 оны 05 дугаар сарын эхээр эгч Ш.Г нь “Танай тэр хавьд байдаг хүний хүүхэд танайд 3 шүдлэн үхэр аваачиж өгнө.” гэж хэлсэн 5-6 хоногийн дараа залгаад “Өмнөх 3 шүдлэн дээр нэмээд 3-ыг нийт 6 шүдлэн тууж аваачиж өгөх байх. Эрдэнэцогт сум дээр явна гэнэ. Үлдэгдэл 3 шүдлэн үхрийнхээ мөнгийг авмаар байна” гэж хэлж байна гэхээр нь “Наад хүнээ надтай яриул. Битгий мөнгө өг” гэж хэлсэн. Түүнээс хойш эгч нь дахиж яриагүй байж байгаад 05 сарын дунд үеэр “Нөгөө шүдлэн өгөх хүн үхрээ аваачиж өгсөн үү” гэж асуухад нь “Авчирч өгөөгүй” гэдгийг нь хэлсэн.” тухай мэдүүлэг, /1 хх 154-155/

6.2.3. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Д.Г байрыг нь түрээслэн амьдарч байхдаа “Би нутгийнхаа ченжид 3 мал зарсан, тэгээд чиний данс руу мөнгийг нь хийлгэчихье” гээд  53.................... дугаарын данс руу нь 1,500,000 мянган төгрөг хийлгүүлж байрны түрээс болох 550,000 төгрөгөө өгч 950,000 төгрөгийг нь бэлнээр аваад явсан.” тухай мэдүүлэг /1 хх 159/,

6.2.4. Б.Н-ын Хаан банкны 53.................... дугаартай дансанд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг 21 минутад Ш.Г-ийн 52................ тоот данснаас “ganaa shudlen” гэх утгатай 1,000,000 төгрөгийн орлого, 19 цаг 23 минутад Ш.Г-ийн 52.................. тоот данснаас “shudlen” гэх утгатай 500,000 төгрөгийн орлого орсон.” тухай мэдээллийг тусгасан гэрч Б.Н, хохирогч Ш.Г нарын Хаан банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 хх 112-113, 120, 124/ зэргээр тогтоогдсон байна.

6.3. Шүүгдэгч нь хохирогч П.Д 5 ширхэг шүдлэн үхэр, 1 ширхэг тугалтай үнээ худалдана гэж хэлж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,140,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,660,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 52.................... тоот дансаар шилжүүлэн авч, нийт 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

   6.3.1. Энэ үйл баримт нь хохирогч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн Э сумын нэгдсэн групп гэх фейсбүүк хаягт Г Г гэх хаягаас “3 шүдлэн үхэр зарна” гэсэн зар тавьсан байсны дагуу утсаар ярихад “Өөрийгөө хөдөө байдаг Д гэдэг хүн гэж танилцуулаад мөнгөний хэрэг гараад 1 тооны шүдлэн үхрийг 380,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тухайн үед хотод байсан болохоор өөрийнхөө 52................... гэсэн данснаас 3 шүдлэн үхрийн мөнгө болох 1.140.000 төгрөгийг өөрийнх нь өгсөн Г гэсэн хүний 52.................... тоот Хаан банкны данс руу явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин над руу залгаад “Эмнэлгээр яваад хүүхдийн хагалгааны зардлын мөнгө хэрэгтэй байгаа тул дахин 2 шүдлэн, 1 тугалтай үнээ зармаар байна” гэсэн. Тэгэхээр нь итгээд 2 шүдлэн үхрийг нэг бүрийг нь 380,000 төгрөгөөр бодоод тугалтай үнээг нь 900,000 төгрөгөөр бодоод нийт 1,660,000 төгрөгийг мөн өөрийнхөө данснаас 52.................... данс руу хийсэн. 2022 оны 03 дугаар сарын сүүлчээр хотоос ирээд үхрээ бөөгнүүлж авъя гээд анх холбоо барьсан дугаар цахим хаяг руу нь холбогдох гэхэд болохгүй дугаар нь ашиглалтад байхгүй цахим хаяг руу нь чат бичихээр авахгүй, хариу өгөхгүй байсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр ирээд шууд Д гуайнд очиж “Үхрээ авъя” гэтэл “Би яриагүй манай хүү Г миний нэрийг бариад чамаас мөнгө авсан байна. Говь-Алтай аймагт байгаа гэсэн сураг байсан. Ямар дугаартай байгааг мэдэхгүй гэсэн. Тэгээд өөрийнхөө дугаарыг үлдээгээд явсан боловч холбогдоогүй тул цагдаад өргөдөл гаргасан.” тухай  мэдүүлэг. /1 хх  151-152/,

6.3.2. Хаан банк дахь шүүгдэгч Д.Ггийн эзэмшлийн  52.................... тоот дансанд  52............. тоот данснаас “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 16 минутад “3.n shvdlen uher” гэсэн гүйлгээний утгатай 1,140,000 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 28 минутад  “2.shvdlen neg tugaltai unee” гэсэн гүйлгээний утгатай 1,660,000 төгрөгийн орлого орсон” тухай мэдээллийг агуулсан шүүгдэгч Д.Ггийн эзэмшлийн Хаан банкны 52.................... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх  130-136/,

Уг үйлдлийг гаргах болсон нөхцөл байдал нь иргэн П.Д шүдлэн үхэр зарна гэх үед Дотоодын цэрэгт цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж байсан. 2020 оноос өөрийн эхнэр О-тай Говь-Алтай аймагт түр оршин суух хаягтайгаар амьдарч эхэлсэн. Тухайн үед манай эхнэр жирэмсэн байсан. Манай эхнэр төрөлхийн зүрх муутай жижиг биетэй болохоор өөрөөр төрөх боломжгүй эмнэлгийн хяналтад байдаг байсан. Би хотод ажилладаг байж байгаад байнга ирж очдог ажлаас чөлөө авдаг, заримдаа тасалдаг байсан. Нэгэнт эхнэр хүүхэдтэй болж байгаа юм чинь гээд ажлаас гарах өргөдлөө өгсөн. Ажлаас гарах өргөдлөө өгсөн чинь хувцасны тооцоо гэж гардаг. 1,900,000 төгрөгийн тооцоо гарсан. Тэрийг заавал төлж барагдуулж байж халах зөвшөөрөл өгнө гээд П.Даас мөнгө аваад үлдсэн мөнгө нь урсгал зардалд зарцуулсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар,

6.4. Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нь фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний “...сарлаг үхрийн үржүүлэг...” зарын группт А Б гэх хаягнаас “Үхэр зарна.” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Ц.Д 10 бяруу, 10 шүдлэн үхэр худалдана гэж хэлж 3,000,000 төгрөгийн урьдчилгааг Хаан банк дахь 51.................... тоот дансаар шилжүүлэн авсан байна.

6.4.1. Энэ үйл баримт нь хохирогч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 20-ны үед Би фейсбүүкийн сарлаг үржүүлэгчдийн групп дээр А Б гэсэн хаягнаас байршуулсан үхэр зарна гэсэн зарын дагуу утсаар ярихад “Сарлагийн 10 бяруу, 10 шүдлэн үхэр, 10 тугалах үнээ, нийт 30 тооны үхэр зарна гэхээр нь салгаж зарах эсэхийг асуухад 10 бяруу 10 шүдлэн үхрийг салгаж зарна гэсэн. Аль аймаг, сумд байдаг талаар нь асуухад Б аймгийн Г сумд байдаг гэхэд нь “Хол юм байна. Авахаа болилоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөгөө А Б гэсэн хүн залгаад “Ахад нь мөнгөний хэрэг гарчихлаа. Чи хямдруулаад худалдаад ав.” гэхээр нь аав, ээжтэйгээ яриад 10 бяруу, 10 шүдлэн үхрийг нь авахаар болоод эргэж нөгөө хүн рүүгээ яриад 10 бяруу, 10 шүдлэн үхрийг нь авахаар болж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн 51............... дугаар данснаас түүний хэлснээр нь урьдчилгаа 3,000,000 төгрөгийг эхнэр О нь 51.................... дугаар данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш үхэр малаа өгч авалцана гээд утсаар ярьж байгаад 5 сараас хойш утас нь холбогдохоо больсон тул цагдаагийн байгууллагад хандсан.” тухай мэдүүлэг /2 хх 7-8/,

6.4.2. Гэрч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Хүү Ц.Д нь 2022 оны 03 дугаар сард Өмнөговь аймагт уурхай дээр ажиллаж байгаад ирэхдээ фэйсбүүкээр зар харж байгаад үхэр худалдаж авахаар болсон гэж ярьсан. Удалгүй мал зарна гэсэн хүн нь мөнгөний хэрэг болоод байна гэж ярьсаар байгаад урьдчилгаа 3,000,000 төгрөгийг О гэдэг хүний дансаар шилжүүлж авсан” тухай мэдүүлэг /2 хх 11-12/,

6.4.3. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 02 дугаар сараас хойш миний 51.................... дугаар дансыг нөхөр Д.Г нь хамт ашиглаж байгаа бөгөөд мөнгө орсон гэх хугацаанд эмнэлэгт хэвтэж байсан болохоор тэр талаар мэдэхгүй, тухайн үед  Д.Г ашиглаж байсан” тухай мэдүүлэг. /2 хх 25-26/,

 6.4.4. “Ц.Дийн эзэмшлийн Хаан банк дахь 51................ тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 40 минутад “vher avah hun” гэх утгаар 3,000,000 төгрөгийг гэрч Б.О-ийн 51.................... тоот дансанд шилжүүлсэн” тухай мэдээллийг агуулсан хохирогч Ц.Дийн 51............. дугаар, гэрч Б.О-ийн 51.................... дугаар Хаан банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд /2 хх 15-18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

7. Нотлох баримтын талаар.

7.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

7.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

7.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, шүүгдэгчийн 4 удаагийн үйлдлээр 4 иргэнд 7,370,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч уг үйлдэлдээ гэмшиж байгаа тухай мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

8. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

8.1. “Залилах” гэмт хэрэг нь хуурч мэхлэх замаар, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух зэргээр эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байдаг бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаас өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх буюу хагасыг нь хийх санаа зорилго нь бий болсон зэрэг нийтлэг шинжтэй байдаг.

Мөн иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан, дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийх, эсхүл итгэл эвдэн хохирогчийн эд хөрөнгийг өөрийн болгож авах нь залилах гэмт хэргийн үндсэн шинж байдаг. 

8.2. Шүүгдэгч Д.Ггийн үйлдлүүд нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцсыг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн хохирогчоос эд зүйл авсан, түүнчлэн бодит байдал дээр биелэх боломжгүй “Үхэр зарна.” гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгон хохирогч Ш.Г, П.Д, Ц.Д нарыг хуурч мэхлэн өөрийн болон бусдын дансаар үхрийн үнэ, урьдчилгаа төлбөрийг аваад хариу төлбөр хийгээгүй шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан.” шинжийг бүрэн хангаж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

   8.3. Прокуророос шүүгдэгч Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй залилах гэмт хэргээр зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нэг удаа ял оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8.4. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, эд мөрийн баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

   9. Давж заалдах гомдлын талаар:

   9.1. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийг ялаас чөлөөлөх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргажээ.

   9.2. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш хохирогч П.Д 2,800,000 төгрөг, Ш.Г-т 1,500,000 төгрөг, хохирогч Ц.Дт 3,000,000 төгрөг төлж гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн Хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

  9.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн гишүүний буюу хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал нөлөөлсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг амлаж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахаар шийдвэрлэв.  

9.4. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 93 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас дүйцүүлэн хасч, шүүгдэгч уг ялыг эдэлсэнд тооцож шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг “720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” гэж,  4 дэх заалтын “хорих ялд” гэснийг “нийтэд тустай ажил хийлгэх ялд” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон 29 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 64 хоног, нийт цагдан хоригдсон 93 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт цагдан хоригдсон хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч дүйцүүлэн тооцож, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч П.Д 2,800,000 төгрөг, хохирогч Ш.Г-т 1,500,000 төгрөг, хохирогч Ц.Дт 3,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдсугай.   

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.Б

                        ШҮҮГЧИД                           Ц.О

                                                       Ч.Э