Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00739

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Ц сумын ..... дүгээр багт оршин суух Ц  овогт Х-ийн Э /......................./-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч155/2016/0689/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Э  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1989.07.01-нээс Цагааннуур сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны санхүү тасагт нягтлан бодогчоор орж 1990.04.01-ний өдөр жирэмсний амралт авч ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилласан болно. Гэтэл ажлаас халагдсан тушаал гаргаагүй учраас тэтгэвэрт орох боломжгүй болоод байна.

Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

....биеийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Х.Э  нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөхий овогтой Э ийн Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай Ажилд томилох тухай....Х.Э ийг 1989.7.1-нээс....томилон ажиллуулсугай. гэх бичилттэй захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Х.Э ийн ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлсний түүвэр, гэрч М.Ц-гийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Х.Э  1986 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд нягтлангаар орж 1990 оныг дуустал ажиллаж байсан. ...би ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захираанд бичээчээр 1986-1990 оныг дуустал ажилласан. гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай Тус аймгийн Цагааннуур сумын АДХГЗахиргааны даргын тушаалд нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Э ийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна., Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10/404 дугаартай Тус аймгийн Цагааннуур сумын 1989-1990 оны засаг даргын захирамж шүүж үзэхэд Х.Э ийг ажлаас чөлөөлсөн захирамж байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч Х.Э ийн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Э  нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц  овогт Х-ийн Э /......................./-ийн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ