| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 204/2020/00018/и |
| Дугаар | 204/МА2020/00018 |
| Огноо | 2020-07-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 204/МА2020/00018
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2020/000321 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.Ш-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** сумын Соёлын төвд 10 жил ажилласан. Соёлын төвийн эрхлэгч Ц.О нь намайг үндэслэлгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/10 тоот ажлаас халагдах тушаал гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвийн ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан болон байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.4, 9.3.5, 9.3.6 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан. Дээрх байгууллагын дотоод журмын заалтуудад өмнөх шүүх хуралдаанд тайлбараа өгсөн. Сахилгын шийтгэлтэй холбоотой шүүх хурал 2020 оны 01 дүгээр сард болсон. Урьд авсан сахилгын шийтгэлийн үндэслэлээ энэ ажлаас халах тушаал дээр бичсэн байдаг. Энэ нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэх үндэслэл тушаалдаа оруулсан. Хариуцагч тайлбартаа Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газрын хяналт шинжилгээ үнэлгээ хийх хүмүүс 2019 оны 03 дугаар сарын 11-нд ирсэн. Тэрүүгээр муу үнэлэгдсэн гэдэг. Энэ бол шалгалт байгаагүй Баярцэнгэл гэдэг мэргэжилтэн надад зөвлөн туслах зөвлөгөө өгч шалгалт авсан. 10 төрлөөр шалгалт үнэлгээ дүгнэлт өгсөн байдаг. Энэ үнэлгээ дүгнэлт зарим нь худлаа үнэлэгдсэн. Хөгжим бүжгийн багшийн хувьд байнгын бэлтгэл сургуулалт хийдэг. Соёлын төвийн эрхлэгч О”тэй 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 11-нд ирсэн шалган туслах үнэлгээ бол 2018 оны ажлыг дүгнэсэн. Би Соёлын төвийн эрхлэгч Ц.О”тэй 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин хариуцагч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 03-наас хойших ажлыг дүгнэх ёстой байсан. Урд оны өөрт нь хамааралгүй асуудлаар үндэслэн ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй юм. Хариуцагч Ц.О нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Сахилгын шийтгэл оногдуулж цалингийн 20 хувиар шийтгэгдсэн асуудлаар шүүхэд хандахад шүүх миний талд шийдвэрлэсэн. О нь Соёлын тухай хууль зөрчиж садар самуун явдалтай кино гаргасан би энэ үйлдлийг тухай бүр нь хэлдэг байсан. Мөн Соёлын биет өв болох 84 ширхэг чулууг хууль бусаар хувь хүнд өгсөн зэрэг бүх явдлыг нь хэлж байсан учир намайг үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргасан. Би ур чадварын талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Миний хувьд 4-5 хөгжим өөрийн хэмжээнд тоглоно. 7-8 хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүнтэй. Мөн продюсер мэргэжлээр сурч байгаа. 10 гаруй уран бүтээл гаргасан хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлийг тайлбарлая. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон. Соёлын төвийн хөгжмийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч нь хангадаггүй. Үүнд дээд боловсролтой, мэргэжлийн үнэмлэх дипломтой байхыг шаардсан байдаг. Гэтэл Э.Ш нь дээд боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн үнэмлэх диплом байхгүй. Манай Соёлын төвийг удирдлага арга зүйгээр хангах үүрэг бүхий Боловсрол соёл урлагын газар ажилладаг. Боловсрол соёл урлагын газар нь Соёлын төвд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөн туслах үйлчилгээ зэргийг үзүүлдэг байгууллага. Боловсрол соёл урлагын газраас 2019 онд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, бүх багш ажилчдаас мэргэжлийн болон хуулийн шалгалт, мэргэжил ур чадварын шалгалт авсан. Гэтэл хөгжмийн багш Э.Ш нь хууль мэргэжлийн болон ур чадварын шалгалтад 55 хувь буюу хангалтгүй гэж үнэлэгдсэн. Ийм учраас мэргэжил ур чадварын хувьд шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Төрийн албан хаагчид бид улирал, хагас жил, бүтэн жилээр ажлын биелэлтийн талаар тайлангаа бичиж ажлаа дүгнүүлдэг. Хөгжмийн багш Э.Ш нь 2018, 2019 оны тайлангаа бичиж үнэлүүлээгүй тайлан нэг ч удаа бичиж өгөөгүй. Би цаасаар ажил хийдэггүй гэдэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмын 9.3 дугаар зүйлийн 5.3-т үйл ажиллагааны тайланг 2 удаа хангалтгүй үнэлүүлсэн, тайлангаа хугацаандаа үнэлүүлээгүй бол ажпаас халах үндэслэл болно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байдаг. Энэ үндэслэлд хөгжмийн багш нь ажпын байрны үндсэн зорилго болох сум орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх олон нийтийн соёл урлагын ажилд дэмжлэг үзүүлэх хамтран зохион байгуулах, тэдний авьяасыг хөгжүүлэх, мөн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т иргэд залуучуудын урлагын боловсролыг дээшлүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Хөгжмийн багш Э.Ш нь энэ үүргээ биелүүлдэггүй 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий боловсролын гүнзгий сургуулийн төгсөлтийн баяр 10 цагт эхэлж 18 цагт дуусах төлөвлөгөөтэй байсныг зөрчсөн талаар үйлчлүүлэгчдээс гомдол ирж энэ гомдлын талаар танилцуулахад надруу түлхүүр шидэж миний биед гэмтэл учруулсан. Энэ нь зөрчлийн хэрэг үүсгэж шалгагдаад түүнийг буруутай гэж шийдэгдсэн байгаа. Энэ тухай байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.6-д заасан байгууллагын ажилтан албан хаагчид ажлын байран дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдыг хэл амаар доромжлох, бусдын нэр төрд халдах, бусдын биед халдах гэмтээх зэргээр халдсаныг хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэлх арга хэмжээ авна гэж заасан байдаг. 2015 онд мэргэжлийн үнэмлэх хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдөж байсан. 2017 онд ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжилгүй, боловсролгүй хүнийг хөгжмийн багшаар ямар ч сонгон шалгаруулалтгүй авсан. Ширэндэв нь 2017 онд ажиллаж байсан Соёлын төвийн эрхлэгчийг Авилгатай тэмцэх газарт өгсөн байгаа юм. Хөгжмийн багш Э.Ш-т нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1,9.2.4-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1-т үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах харьцаанд зөрчил дутагдал гаргаж үйлчлүүлэгчдийг чирэгдүүлсэн нь тогтоосон юм. Гэтэл өөртөө дүгнэлт хийж ахиц гаргахгүй Соёлын төвийн үйл ажиллагааг 2 цагаар тасалдуулж, Энэтхэг улсын элчин сайд болон аймаг сумын удирдлагуудад ёс зүйгүй асуудал гаргаж байсан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.4-т заасан ажлын цагийг албан ёсны зөвшөөрөлгүй хоёроос дээш хоногийн хугацаагаар тасалсан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж арга хэмжээ авна гэж заасан. Гэтэл тэрээр 7 дугаар сард 50 цагийн ажил тасалсан. Иймэрхүү зүйлүүд удаа дараа гаргадаг тул Соёлын төвийн эрхлэгч миний бие Э.Шийг үндэслэлгүй халсан зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд Э.Ш-ээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Алдар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.О нь нэхэмжлэгч Э.Ш-ийг ажлаас үндэслэлтэй халсан гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан Цагдаагийн газрын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмын 9.5.3-т заасан үйл ажиллагааны тайланг гаргаж өгдөггүй. Хөгжмийн багш нь мэргэжил ур чадваргүй гэдгийг Соёлын төвийг удирдлага арга зүйгээр хангах Боловсрол соёл урлагын газрын дүгнэлтээр батлагдаж байгаа. Иймд тушаал үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гарган гэсэн. Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байтал тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандсан байдаг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь хүндэтгэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаараа нотлоогүй байх тул тэрээр хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Иймд шүүх хугацаа хэтэрч буюу 2 сарын дараа шүүхэд нэхэмжпэлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Э.Ш-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59533 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Ш-т олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.Ш давж заалдах гомдолдоо: Ц.О нь 2018 оны 12 дугаар сард *** сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ирсэнээсээ хойш намайг байнга харилцаагаар дарамтлах зориуд ажил дэмжихгүй байх, ажлаас хална гэж байнга хэлэх үндэслэлгүйгээр цалингийн 20 хувиар шийтгэх зэргээр сэтгэл санааны хүнд байдалд оруулж албан тушаалаар дарамталж ирсэн. Эрхлэгч О нь 2019 оны 11 сарын 18-ны 18 цагийн үед намайг өрөөндөө дуудаж урьдчилж хэлэлгүйгээр ямар нэг тайлбаргүйгээр чамайг ажлаас халлаа гэж гэнэт хэлсэн би маш их цочирдож балмагдаад гарч явсан. Хамт олны хурал нэгч удаа хийгээгүй хурлаар авч хэлэлцээгүй надад ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгаагаа урьдчилж хэлээгүй бөгөөд одоо болтол ажлаас халагдсан тушаалаа албан ёсоор гардан авч гарын үсэг зураагүй учир шүүхэд гомдол гаргах хугацаа хоцроогүй гэж үзэж байна. Иймд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 321 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаж байна, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ш нь Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Э.Ш нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.О 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.4, 9.3.5, 9.3.6,10,11 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Э.Ш-ийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж тус сумын Соёлын төвийн хөгжмийн багшийн ажлаас чөлөөлснийг ажилтан Э.Ш эс зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргасан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцсэн эсэх талаар хийсэн эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчид ажлаас халсан шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж өгөх гэсэн боловч хүлээн аваагүй болох нь Э.Ш-ийн ажлаас халах тушаалыг танилцуулах үйл явцын тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ш-ийн “...ажлаас халах тушаал гээд гэнэт хэлэхэд нь шоконд ороод тухайн үед юу хийснээ мэдээгүй...нэг сарын дотор нэхэмжлэлээ өгөх гэсэн чинь шүүхийн үүдэнд суудаг хүүхэн таны сахилгын шийтгэлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа авна гээд аваагүй...” гэх тайлбараар /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Ш-т түүнийг ажлаас халсан тухай ажил олгогчийн гаргасан шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулах гэсэн боловч аваагүй, тухайн үед ажлаас халах тушаал гарсаныг мэдсэн боловч 55 хоногийн дараа шүүхэд гомдлоо гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах”-аар хуульд тодорхой заасан байхад нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Ш нь нь ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 168 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох тул нэхэмжлэгч хуульд заасан журмаар гомдол гаргах хугацаагаа сэргээлгэх эрхтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2020/00321 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Ш-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.