| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2015/00711/и |
| Дугаар | 155/ШШ2016/00741 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багийн ..... дугаар гудамжны .....тоотод оршин суух Л овогт Б-ийн Б /..................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2015/00711/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б , хариуцагч А.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б-ийн Б 2015 оны 09 сард Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн сонгон шалгаруулалтанд орж 03 дугаар байранд орсон. Тус сургуулийн удирдлагуудын зүгээс шалгалтанд тэнцээд ажлын байраар хангагдаагүй хүмүүст орон тоо гарахад тавигдах шаардлагыг нь хангаж байгаа тохиолдолд ажлын байраар хангана. Мөн хүний нөөцдөө бүртгэж байгаагаа мэдэгдсэн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус сургуулийн хяналт-үнэлгээ шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байсан юм. А.Р захирал нь шинээр томилогдон ирээд намайг ажил үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэн ажиллаж байхад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил хүлээлцүүлэх комисс томилон ажлаас шууд халсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаагүй ажиллаж ирсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэрийдлээр миний эрхэлж байсан ажлын байрыг сул орон тоо гэж үзсэн бөгөөд зохион байгуулалттайгаар миний ажлын байрыг урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд булаан авсан. Ийнхүү намайг ажлаас халсан нь буруу байх тул Хөвсгөл аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт-шинжилгээ мониторинг хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 09 сард Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн сонгон шалгаруулалтанд орж 03 дугаар байранд орсон. Тус сургуулийн удирдлагуудын зүгээс шалгалтанд тэнцээд ажлын байраар хангагдаагүй хүмүүст орон тоо гарахад тавигдах шаардлагыг нь хангаж байгаа тохиолдолд ажлын байраар хангана. Мөн хүний нөөцдөө бүртгэж байгаагаа мэдэгдсэн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус сургуулийн хяналт-үнэлгээ шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байсан юм. А.Р захирал нь шинээр томилогдон ирээд намайг ажил үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэн ажиллаж байхад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил хүлээлцүүлэх комисс томилон ажлаас шууд халсан. Би хувийн байгууллагад ажиллаагүй улсын байгууллагад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаагүй ажиллаж ирсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэрийдлээр миний эрхэлж байсан ажлын байрыг сул орон тоо гэж үзсэн бөгөөд зохион байгуулалттайгаар миний ажлын байрыг урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд булаан авсан. Мөн энэ хэрэгт Аын шүүхээр шийдвэрлүүлж байсан баримтыг гаргаж өгсөн байна. Тухайн шүүхээр шийдвэрлүүлж байх үедээ Д нягтлан бодогч эдгээр баримтаа гаргаж өгөхгүй яасан юм бол гэж бодож байна. Ийнхүү намайг ажлаас халсан нь буруу байх тул Хөвсгөл аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт-шинжилгээ мониторинг хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 04 сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 1.330.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Р шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сургуулийн Хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ажилтны ажлын байран дээр түр тушаалаар ажиллаж байсан Ба овогтой Б нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тайлбар хүргүүлж байна. 1. Тус сургуулийн Хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ажилтны орон тоон дээр үндсэн ажилтанаар ажиллаж байсан Ба овогтой Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалт, сургуулийн дотоод журмын 8,4,5 дах заалтын дагуу өөрийн хүсэлтээр 2015-10-09 ний өдрийн захирлын Б/67 тоот тушаалаар 6 сарын цалингүй чөлөө авсан. 2. ХШМХ ажилтны орон тоон дээр 2015-10-19-ний захирлын Б/68 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24,1 дэх заалт /энэ нь шинээр авч буй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах хуулийн үндэслэл/ сургуулийн дотоод журмын 6,3 дах заалт /энэ нь хүний оронд түр хугацаагаар ажилтан авч ажиллуулах үндэслэл/-ыг үндэслэн ХШМХ ажилтнаар Ба овогтой Б-ийг түр хугацаагаар авч ажиллуулсан. 3. ХШМХ ажилтнаар ажиллаж байсан Б.Б нь 2016-04-05-нд ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ сургуулийн захиргаанд өгч 2016-04-08-ны өдрийн захирлын Б/21 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 4. Тус сургуульд ахлах нягтлангаар ажиллаж байсан Ц.Аыг Булган Орхон Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ахлах нягтлангийн ажилд нь эргүүлэн тавих шийдвэр 2016-03-22-нд гарсан. Мөн Тус сургуульд ахлах нягтлангаар ажиллаж байсан Ц.Аыг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон сум дундын шүүхийн шийдвэрээр ахлах нягтлангийн ажилд нь эгүүлэн тавих шийдвэр гарсан ба миний өмнө ажиллаж байсан захирал 2016-03-22-нд гарсан Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн гүйцэтгэх 210 тоот хуудсаар анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг 2016-04-15-нд тус тус өгөгдсөн. Уг шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч нягтлан Ц А нь 2013, 2014 оны санхүүгийн баримтанд Мэргэжлийн хяналт аудитийн газраас хийсэн хяналт шалгалтад үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж санхүүгийн их хэмжээний зөрчил дутагдал гаргасан, мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гарч акт тавигдсан. Мөн Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитийн албанаас нягтлан бодогчийн ёс зүйн алдаа гаргаж, холбогдох хууль дүрэм, журмыг ноцтой зөрчсөн Ц.Аыг энэ байгууллагад санхүүгийн чиглэлээр ажиллуулахгүй байх санал оруулсан. Аймгийн цагдаагийн газрын 2016-03-22-ны өдрийн 48/2-422 тоотод Ц.А нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг тогтоосон байна. Дээрхи шалтгаануудын улмаас Ц.Аыг ахлах нягтлангийн ажлын байранд авч ажиллуулах боломжгүй гэж байгууллагын зүгээс үзсэн. Өммө тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Энхболд, Ц.А нар харилцан ярилцан тохирч ХШМХ ажилтнаар авч ажиллуулах шийдвэрт хүрч ергөдлийг нь авсан байсан. Иймд ХШМХ ажилтаны ажлын байран дээр үндсэн ажилтнаар ажиллаж байсан Б.Б өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, энэ ажлын байран дээр ажиллаж байсан Б.Б нь түр тушаалтай түр ажиллаж байгаа учраас ХШМХ ажилтны ажлын байр нь сул орон тоо гэж үзэн шүүхийн шийдвэр биелүүлж харилцан тохиролцож, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар Ц.Аыг ХШМХ ажилтнаар авч ажиллуулан, түр энэ ажлын байран дээр ажиллаж байсан Б Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.
Хариуцагч А.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт-үнэлгээ шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилд Б гэдэг хүн ажиллаж байсан. Уг хүн нь хүсэлт гаргаж 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу чөлөө олгосон. Хариуцагч нь хяналт-үнэлгээ шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтны орон тоон дээр туршилтын 6 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байсан. Б нь чөлөөний хугацаагаа дуусгаад цаашид ажиллахгүй гэх хүсэлт гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагч Б нь сул орон тоон дээр ажиллаж байсан. Тус сул орон тоон дээр хүн ажилд авах юм бол төрийн албан хаагчийн шалгалт зарлаж сонгон шалгаруулалтаар ажилд авах ёстой байдаг. Мөн А нь манай байгууллагын ахлан нягтлан бодогчоор ажиллаж байгаад Аудит, санхүүгийн зөрчил гаргаж ажлаас халагдсан ба А шүүхэд үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргаж шүүх Аыг ажилд нь эргүүлэн авах шийдвэр гаргасан ба ажилд нь эгүүлэн томилохгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албанд нь томилох тухай албан хуудас ирүүлсэн. Гэтэл Нэргүй даргаас Аыг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан, асуудал нь шийдэгдээгүй байсан учраас буцааж ахлах нягтлан бодогчийн ажилд нь эргүүлэн томилж болохгүй гэж зөвөлсөн албан бичиг, Цагдаагийн байгууллагаас Аыг шалгаж байгаа гэсэн албан бичгүүд ирсэн учраас ахлах нягтлан бодогчийн ажилд томилох боломжгүй болсон юм. Шүүхийн шийдвэрт ажилтныг ажилд нь эгүүлэн томилохдоо ажил олгогч тал ажилтантай харилцан тохиролцвол ажлын байрыг сольж болох талаар заасан байсан. Үүний дагуу захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хуралдаад Атай харилцан тохиролцоод хяналт-шинжилгээ мониторинг хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагын Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41-43-р тал/ Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/68 дугаартай Б.Б-ийг ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 4-р тал/, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь Б.Б-ийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлгийн 6.3, 6.6.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх ба ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь Б.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримталсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэл нь тушаалд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цаашид сунгагдахгүй болсон үндэслэл, шалтгааныг тодорхой зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Мөн ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хөдөлмөрийн дотоод журмын дагуу Б.Б-тай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан байсан гэж тайлбарлаж байх боловч 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд хугацаагүй байгуулсан болох нь нэхэмжлэгч Б.Бумдарийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 41-43-р тал/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Б.Б-ийг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 4-р сард 556.393 төгрөг, 3-р сард 455.231 төгрөг, 2-р сард 370.929 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №1083076 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба сүүлийн 3 сарын цалин 1.383.553 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 64.305 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2016 оны 04 сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл ажлын нийт 45 хоногийн цалин 2.893.725 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.113.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.113.000 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 31.262 төгрөг, нийт 101.462 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.113.000 /нэг сая нэг зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б д олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1.113.000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж нийт 101.462 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН