| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00760/И |
| Дугаар | 155/ШШ2016/00744 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00744
| 2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2016/00744 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, малчин, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт, ....... сумын ......дүгээр багийн нутаг ........ гэх газарт оршин суух Х овогт Г-ын Ц /........................./-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн 8 дугаар ангийг 1985 онд төгсөөд ТМС аваад явж чадаагүй байж байгаад 1985 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл буюу нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Г.Ц нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Х.Д гийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ....Г.Ц нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990-ээд оны үед нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Н-ийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ....Г.Ц нь 1985 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Г-ын Ц /........................./-г Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ