| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0807/и |
| Дугаар | 155/ШШ2016/00745 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ...... дугаар багт оршин суух С овогт С-ийн О /......................./-н
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/0807/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд Улаан-Уул сумын 8-н жилийн сургуулийн 3-р ангийг төгсөн сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 1-р сарын 1-нээс эхлэн 1991 он дуустал Жаргалант-Амьдрал нэгдэлд саальчнаар тасралтгүй ажилласан. Тухайн жилүүдэд ажилласан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд С.О миний Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1982 оны 3-р сарын 1-нээс 1991 оны 10-р сарын 28-ныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч С.О Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.О-н ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Р.Д-н 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...С.О 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. ...би 7 дугаар ангиа төгсөөд 1973 онд илгээлтээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр томилогдож 1991 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ө.Ц-ийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...С.О 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр саальчнаар элсэн орж 1991 оныг дуустал ажиллаж байсан. ...би тус нэгдэлд 1977 оноос 1991 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт С-ийн О /......................./-н Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч С.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ