| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00823/И |
| Дугаар | 155/ШШ2016/00746 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ...... дүгээр багт оршин суух О овогт Ц-ийн П /........................./-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/0823/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ц.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1980 оны 1-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 1-р сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал хоньчин, төлчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ц.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ц.П Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.П гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Т.Сэр-Одын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...Ц.П Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, төлчнөөр ажилаж байсан. ...би тус нэгдлийн 1, 2 дугаар бригадуудад 1960-1990 оныг хүртэл 30 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт орсон. гэх мэдүүлэг, гэрч Д.Баасанжавын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ...Ц.П нь 1975 оноос 1990 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Ц-ийн П /........................./-ийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.П гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ