| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0824/и |
| Дугаар | 155/ШШ2016/00747 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00747
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дугаар багийн …… дугаар гудамжны ..... тоотод оршин суух Ц овогт Х-ийн О /...................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ..... дүгээр багт оршин суух Б овогт Г-ын Б /-/-д холбогдох,
Зээл, зээлийн хүү, нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2016/0824/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г овогтой Б-тай харилцан тохиролцож 2015 оны 10 сарын 13-нд 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ч одоог хүртэл төлөөгүй тул 8 сарын хүү болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Хугацаа хэтэрснээс Голомт банкны уян хадгаламжийн 1 жилийн хүү болох 450.000 төгрөг, мөн ХААН банкны хадгаламж барьцаалсан зээлийн хүү 336.000 төгрөг тус 1.500.000 төгрөгөнд багтсан.
Иймд нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б нь Х.О-аас 3.000.000 төгрөгийг 2015 оны 10-н сард зээлж авсан нь үнэн. Иймд 4.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Г.Бд холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.О гийн нэхэмжлэлийн шаардлага 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Г.Баас, улсын орлогоос 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.О д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.О гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох, 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.О гийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Г.Баас, улсын орлогоос 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.О д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ