| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0490/и |
| Дугаар | 155/ШШ2016/00749 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2016/00749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ....... тоотод оршин суух Х овогт М-ийн А /.................../-д холбогдох,
Зээлээр худалдан авсан барааны үнэ, нотариатын зардал, нийт 469.500 /дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 155/2016/0490/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр, хариуцагч М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А нь Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвд ажиллаж байхдаа манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Хөвсгөл аймгийн Хадгаламж банкны 2-р тооцооны төв, Скайтел ХХК-н хооронд 2013.03.28-ны өдөр байгуулсан гэрээнд хамрагдаж 300.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy Y гар утас 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэтэй Alcatel 662 гар утас 1 ширхэгийг авч нийт 600.000 төгрөгийг 6 сарын турш цалингаасаа суутгуулж төлөхөөр тохиролцон зээлээр авсан. М.А нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн дээрх гар утаснуудын төлбөрийн үлдэгдэл 462.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд М.А ээс гар утасны төлбөр 462.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 469.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие компанийг төлөөлж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. М.А нь Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвд ажиллаж байхдаа манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Хөвсгөл аймгийн Хадгаламж банкны 2-р тооцооны төв, Скайтел ХХК-н хооронд 2013.03.28-ны өдөр байгуулсан гэрээнд хамрагдаж 300.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy Y гар утас 1 ширхэг, 300.000 төгрөгийн үнэтэй Alcatel 662 гар утас 1 ширхэгийг авч нийт 600.000 төгрөгийг 6 сарын турш цалингаасаа суутгуулж төлөхөөр тохиролцон зээлээр авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн дээрх гар утаснуудын төлбөрийн үлдэгдэл 462.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд М.А ээс гар утасны төлбөр 462.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 469.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.А нь Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвд ажиллаж байхдаа Скайтел ХХК-аас тус бүр нь 300.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утас авсан. Эхний авсан гар утсыг урьдчилгаагүй тухайн сард төлөх 50.000 төгрөгийг төлж авсан. Дараагийн гар утсыг авахдаа урьдчилгаа 60.000 төгрөгийг тухайн сард төлөх 40.000 төгрөгийн хамт тушааж мөн эхний авсан утасны тухайн сард төлөх 50.000 төгрөгийн хамт төлж авсан. Үлдэгдэл 400.000 төгрөгийг нь сар бүр цалин буусан үед Скайтел ХХК-ний ажилтан Төгөлдөр гэгч залуу ирж авдаг, зарим сард нь ирж авалгүй утасдсан үед нь Төгөлдөрт аваачиж өгдөг байсан. Иймд миний бие Скайтел ХХК-д авсан утасныхаа төлбөрийг бүрэн хийж дуусгасан тул ямар ч мөнгөний тооцоогүй болно гэжээ.
Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвд ажиллаж байхдаа Скайтел ХХК-аас тус бүр нь 300.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг гар утас авсан. Эхний авсан гар утсыг урьдчилгаагүй тухайн сард төлөх 50.000 төгрөгийг төлж авсан. Дараагийн гар утсыг авахдаа урьдчилгаа 60.000 төгрөгийг тухайн сард төлөх 40.000 төгрөгийн хамт тушааж мөн эхний авсан утасны тухайн сард төлөх 50.000 төгрөгийн хамт төлж авсан. Үлдэгдэл 400.000 төгрөгийг нь сар бүр цалин буусан үед Скайтел ХХК-ний ажилтан Төгөлдөр-Эрдэнэ ирж авдаг, заримдаа би өөрөө ч Төгөлдөр-Эрдэнэд аваачиж өгдөг байсан. Миний бие Скайтел ХХК-д авсан утасныхаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.А эд холбогдуулан 469.500 /дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Зохигч нь зээлээр бараа, үйлчилгээ авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч манай компаний Хөвсгөл аймаг дахь салбараас Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төв бараа үйлчилгээ авахаар хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу тус тооцооны төвийн ажилтан М.А эд Samsung Galaxy Y маркын гар утас 1 ширхэг, Alcatel 662 маркын гар утас 1 ширхэгийг тус тус 6 сарын хугацаатай зээлээр худалдсан боловч төлбөрөө бүрэн төлөөгүй тул төлбөрийн үлдэгдэл 469.500 /дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг М.А ээс гаргуулж авна, харин хариуцагч нь зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Учир нь:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбараас Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төв бараа үйлчилгээ авахаар хүсэлт гаргаж энэ хүсэлтийн дагуу Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвийн хооронд гэрээ хийж уг гэрээний дагуу Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймаг дахь салбараас Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвийн ажилтан М.А нь Samsung Galaxy Y гар утас 1 ширхэг, Alcatel 662 гар утас 1 ширхэгийг 6 сарын хугацаатай зээлээр худалдан авсан болох нь 2013 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 14 тоот Манай байгууллагын ажилтан албан хаагчид танай байгууллагын үйлчилгээнд хамрагдах хүсэлттэй байна. Иймд танай байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоог цаг тухай бүр төлж байх тул манай байгууллагын ажилтнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх үйлчилгээг олгож өгнө үү. Хавсралтаар бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдах ажилтнуудын нэрсийг хавсаргав гэх бичилттэй Хадгаламж банкны Хөвсгөл салбарын хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2-р тооцооны төвийн хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гурван талт №002/130 ХӨ/009 дугаартай гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Төлбөрийн батлан даалтын гэрээ №002/130 ХӨ/009 дугаартай гэрээ зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч М.А нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тогтоосон хугацаанд үлдэгдэл 462.000 /дөрвөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийг өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээнд зааснаар үлдэгдэл 462.000 /дөрвөн зуун жаран хоёр мянга/ төгрөг, нотариатчийн зардал 7.500 /долоон мянга таван зуу/ төгрөг нэхэмжилж байгааг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч М.А ээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 469.500 /дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэв.
Хариуцагч М.А нь шүүх хуралдаанд гар утасны төлбөрийг тус нэхэмжлэгч байгууллагад бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөвсгөл Хадгаламж банкны 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ны хоорондох өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.735 /арван дөрвөн мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А ээс 14.735 /арван дөрвөн мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.А ээс 469.500 /дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.735 /арван дөрвөн мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А ээс 14.735 /арван дөрвөн мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ