Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 30

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа

Шүүгдэгч: Д.М  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ын М ад холбогдох 1712000000045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Д.М

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.М  нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,,, дүгээр байрны гаднаас иргэн Л.Б гийн улаан өнгийн 21-55 АРЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг залилж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Д.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 сарын 30-ны өдөр Л.Б  гэх хүний мотоциклийг нь авч явж зарж борлуулсан нь үнэн. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Хохирогч Л.Б  ах гомдол саналгүй болохоо хэлсэн, мөн энэ талаараа бичиг хийж өгсөн. Тухайн бичиж өгсөн тодорхойлолтыг нотариатаар батлуулах гэсэн нотариатын хүн нь хохирогч нь заавал байх шаардлагатай гэж хэлсэн учраас нотариатаар батлуулж чадаагүй. Хохирогч Л.Б   ах нь хөдөө мал дээр байдаг учраас аймгийн төв рүү орж ирэхгүй байгаа. Надад гомдол саналгүй гэдгээ хэлсэн байгаа гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Л.Б гийн өгсөн: ... Би 2017 оны 09 сарын 30-ны орой 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байх 6 дугаар багийн 24 дүгээр байрны гадаа /өөрийн байрны гадаа/ мотоциклынхоо рулийг нь түгжээд тавьж байсан. Тэгтэл М гэх зүс таних хоршооллын залуу зогсож байсан. Би нилээн халамцуу байсан. Тэгээд Махаа би түрээд гэр лүү чинь жоохон ойртуулаад өгье тэгээд араас чинь мотоциклын чинь түлхүүрийг оруулаад өгье гэж хэлэхээр нь тэг гээд түрүүлээд би гэртээ орсон. Тэгтэл араас орж ирээгүй юм. Тэгээд би надаас зөвшөөрөл авалгүй М хулгайлсан байна гэж мэдсэн. Миний алдагдсан мотоцикль мустанг 5 гэж хүрэн улаан өнгөтэй. 2 бариул нь 2 талдаа халцарсан байгаа. Баруун талын толь нь хагарсан байгаа. 21-55 АРЗ улсын дугаартай байсан. Миний өмчийн мотоцикль байгаа юм. Би гэртээ ганцаараа 1 шил 0,5 л Ерөөл нэртэй архи уусан. Би 2017 оны 03 сард авсан мотоцикль байгаа. Би мотоциклоо 1.500.000 төгрөгөөр авсан юм. Одоо авсан үнээр нь үнэлнэ. Надаас түлхүүрийг минь аваад араас чинь оруулаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь согтуу болохоороо нутгийн дүү тус болж байна гэж бодсон. Тэгтэл надад хэлэлгүй миний мотоциклыг аваад явсан байна. Би гомдолтой байна. Өөрийн мотоциклыг олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Ю.Бат-Эрдэнийн өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн ,, дүгээр баг Цагаан давааны ,, дүгээр гудамжинд явж байтал мотоцикль зарна гээд нэг залуу ирсэн. Тэгэхээр нь би ямар учиртай вэ гэтэл би хүнээс мөнгө авах байж байгаад түүнийхээ оронд авсан юм. Одоо зарна 400.000 төгрөгөөр өгнө гэсэн. Өөрийгөө М гэдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би 300.000 төгрөг байна өгөөд авъя гэтэл за тэг ахаа би өмнө цагдаад ажилладаг байсан. Эрдэнэмандал суманд хэсгийн төлөөлөгч байсан. 2-3 хоногийн дараа би бичиг баримтыг нь шилжүүлээд өгнө гэсэн. Одоо надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас 300.000 төгрөг бэлэн аваад М гэх залуу мотоциклио өгөөд таксинд суугаад явсан. Би хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. Цагдаа байсан гэхээр нь итгэсэн. Хулгайн мотоцикль байсан бол түлхүүр болон улсын дугаар байхгүй байсан байх. Би уг мотоциклыг хулгайлаад ир гэж захиалга өгөөгүй. Гэмт хэрэгт оролцоогүй. Надад уг мотоциклыг зарахад Мөнхбат ганцаараа явж байсан. Би М-аас улаан хүрэн өнгөтэй. 21-55 АРЗ улсын дугаартай байсан. Би мотоциклыг худалдан авсан 300.000 төгрөгийг Мөнхбатаас нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,

 

Д.М ын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 09 дүгээр 30-ны өдөр 16-17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнбулган сумын Э  гэх дэлгүүрийн ард талд байх ,,,дүгээр байрны гадна зогсоолын урд талд Сархад гэх архи 0.75 л аваад аяганд хийж байгаад 2 удаа уусан. Тэгэхэд би Архангай аймгийн Хоршоололд байдаг зүс таних Батсүрэн гэх ахтай таарсан Батсүрэн ах тэнд мотоциклоо тавиад нугасыг нь түгжээд буух гэхээр нь ахаа би мотоциклыг чинь түрж тэр зогсоолд тавиад араас чинь оруулаад өгье гэж хэлээд заль хэрэглэж мотоциклийнх нь түлхүүрийг аваад ахаа би түлхүүрийг чинь араас чинь оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би Батсүрэн ахыг гэрт орохоор нь эхлээд би тэр мотоциклийг орхиод түлхүүрийг нь өөрийнхөө эзэмшилд байлгаад гэртээ харьсан. Намайг гэртээ харихад 16 цаг болж байсан шиг санагдаж байна. Би тэгээд гэртээ харьсан. Би тэр мотоциклийг зармаар санагдахаар нь буцаж очоод 17 цагийн үед очиж аваад Архангай аймгийн 1 дүгээр баг Цагаан давааны 19 дүгээр гудамжинд нэг залуу явж байхаар нь мотоцикль авах уу? Би цагдаад ажилладаг юм. Хүнээс мөнгөний авлагандаа авсан юм хө 400.000 төгрөгөнд өгнө гэтэл тэр Бат-Эрдэнэ гэх залуу 300.000 төгрөгөөр авна гэхээр нь би зарсан юм.../хх-ийн 15-17, 26-27 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 хуу/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4 хуу/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 20 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-36 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 хуу/

Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.М  нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг,,,дүгээр байрны гаднаас иргэн Л.Б гийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 21-55 АРЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.М  нь хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Б , иргэний нэхэмжлэгч Ю.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М  нь хохирогч Л.Б гийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 21-55 АРЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Д.М ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.М  нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Л.Б , иргэний нэхэмжлэгч Ю.Бат-Эрдэнэ нар нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ санал, хүсэлт байхгүй гэсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овгийн  Д-ын М ыг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Д.М  нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 4. Шүүгдэгч Д.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Д.М ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 6. Шүүгдэгч Д.М  нь энэ  хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ