Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/410

 

                                                           Д.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 01949 2039 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Г овгийн Д-ы У, .........., /РД: ........../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 699 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/844 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 844 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг хүчингүй болгож, 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний биечлэн эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольсон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ХМШЗ/53 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг эдэлж байгаа;  

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ...... тоотод Д.О-г зодож, биед нь тархины зүүн зулай, дух, чамархайн хэсгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун нүдний дээд доод зовхинд цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Д-ны У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 7 сар 10 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хохирогч Д.О нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.У-с нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ээж, эхнэр, 2 нялх хүүхдийн хамт амьдардаг. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Ээж маань хорт хавдрын улмаас хагалгаанд орсон байгаа. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор “Номин” дэлгүүрт ажилд орсон байсан. Хохирогч Д.О-т учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.У-н өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.У-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1.000.000 төгрөгийг өгч хохирол барагдуулж, уучлалт гуйсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас анхан шатны шүүхээс төлөх төлбөргүй гэж заасан байдаг. Д.У-н хувьд одоогоор 20 настай, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг болон ар гэрийн гачигдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр ял шийтгэлийн хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ...... тоотод Д.О-г зодож, биед нь тархины зүүн зулай, дух, чамархайн хэсгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун нүдний дээд доод зовхинд цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.О-ын “... Би дагавар хүү Тэ-гээ үлдсэн бөгөөд би түүнд хандаж “чай чанахгүй яасан юм” гээд хэлсэн ба бид хоёрын дунд маргаан болсон. Би архи уусан байсан болохоор тэр үеийг сайн санахгүй байгаа. Тэгээд хажуугаар гэнэт л У гаднаас орж ирээд намайг түлхэж унагаасан ба дээрээс миний толгой хэсэг рүү цохиж, хөлөөрөө цээж рүү өшиглөсөн. ... Миний биед учирсан гэмтлийг дагавар охин Н-н нөхөр У учруулсан. ...” /хх 14/,

гэрч Б.М-н “... Би орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр О гэртээ согтуу зодуулчихсан байдалтай, орон дээр цээж нь хөхөрч няцарсан ганцаараа хэвтэж байсан. Болсон асуудлын талаар тодруулахад “У хоолойг нь боож газар унагаж байгаад толгой, цээж рүү нь өшиглөж зодсон” гэж гэсэн. ...” /хх 18-19/,

гэрч Б.Т-н “... Өдөр 16 цагийн үед манай хүргэн ах мөнгө аваад дэлгүүр орохоор гарсан. Түүнийг гарсан хойгуур манай хойд аав О надад “цай чанахгүй яасан юм” гээд уурлаж дайрсан. ... Тэр үед гаднаас манай хүргэн ах У орж ирээд хойд аав О-ыг хойш татаж унагаагаад улмаар ... толгой руу нь 2-3 удаа цохиж унагаан цээж хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. ...” /хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Д.О-н биед тархины зүүн зулай, дух, чамархайн хэсгийн нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун нүдний дээд доод зовхинд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 78-19/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.У-г хохирогч Д.О-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/834 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 7 сар 10 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Үүнээс гадна, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Шүүгдэгч Д.У-с “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Д.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд гавал тархин доторх гэмтэл буюу хүнд хохирол учирсан нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13ы өдрийг хүртэл хугацаанд 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                              М.АЛДАР