Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 204/МА2020/00019

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05  дугаар сарын 15-ны өдрийн 145/ШШ2020/00453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  И.Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Г, Б.Б нарт холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 7000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч нарын өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ж.Г, Б.Б нар нь өвлийн сууц, авто угаалгын зориулалттай граж, хүнсний дэлгүүрийн зориулалттай байшин дугуй засварын газар, 4 тал хашааны хамт нийт 57 000 000 төгрөгөөр худалдан авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа 33 000 000 төгрөгийг бэлнээр 17 000 000 төгрөгөнд автомашин авсан. Үлдэх 7 000 000 төгрөгийг уг үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авмагцаа банкинд барьцаанд тавьж зээл аваад өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 25-ны үед үлдэгдэл 7 000 000 төгрөг нэхсэнд дээврээс ус гоожсон гэх мэт шалтгаан хэлээд өгөөгүй. Ж.Г нь манай үл хөдлөх хөрөнгийг ах, дүү, хамаатан садан нарын хамт 7 удаа ирж үзэж харсан. Би тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд засаж янзлах зүйл байгаа гэдгийг хэлээд 70000000 төгрөгөөс хасаад 57000000 төгрөгөнд зарсан. Ж.Г нь намайг наймаагаа тулгаж хийсэн гэж яриад байгаа юм. Би Ж.Г-ийг дарамталж байгаад наймаа хийсэн зүйл байхгүй. Ж.Г нь гэр бүлийн хамт олон удаа ирж үл хөдлөх хөрөнгийг үзэж шалгасан. Ж.Г нь объектуудыг шалгаж үзсэн ба засварын үйл ажиллагааг өөрөө гардаж хийнэ гээд үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгаж авсан. Машин засуулж байсан хүмүүсийн дэргэд бид хоёр наймаагаа ярьсан. Ж.Г нь бүх засвар үйлчилгээг өөрөө хариуцаж хийнэ гээд үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хасуулсан. Энэ хугацаанд миний зарсан үл хөдлөх хөрөнгийг Ж.Г хэрхэн ашигласныг мэдэхгүй байна. Иймд Ж.Г, Б.Б нараас 7 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

С.Г-тэй 2019 оны 03 дугаар сард хашаа байшин, хүнсний дэлгүүр, авто засварын гарааш зэргийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн. С.Г-ийг хамгийн доод үнээ хэл гэхэд 60000000 төгрөг гэхээр нь ярьж байгаад 57000000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг авахаар болсон. Би банкнаас мөнгө аваад С.Г-т 10000000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 7000000 төгрөгийг хугацаа тохироод өгөхөөр болсон. Тохиролцсоны граашийн хаалга, шал, дэлгүүрийн дотор талын засвар зэргийг солихоор болоод наймаа хийсэн. 8 нэрийн дэлгүүрийн гараашийн бичиг баримтыг С.Г өөрөө зохицуулж өгнө гээд наймаагаа хийсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа Г бид хоёр бичиг баримтын зөвшөөрлийг хөөцөлдөөд бүтээгүй. 2019 оны 03 дугаар сараас 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрөл хөөцөлдөж тэр хүртэлх хугацааны ашиг, орлого хаагдсан. Тухайн дэлгүүр өмнө нь мэргэжлийн хяналтын газраас хоёр удаагийн сануулгатай байсныг бас хөөцөлдөж байж 2019 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрлөө сунгуулсан. Хүнсний дэлгүүр дотроо ил галлаж болохгүй гэсний дагуу би бүгдийг өөрчилсөн. Одоо граашийг ажиллуулах гэхээр онцгой байдал, авто тээврийн газраас зөвшөөрөл байхгүй гэдэг. Онцгой байдлын газраас граашийг ирж үзээд цахилгаан утас шаардлага хангахгүй байна галын аюултай гэсэн. Би тухайн үед эдгээр асуудлыг мэдээгүй улмаас наймаа хийсэн. Би энэ үл хөдлөх объектыг засаж янзлаад ажиллуулахын тулд өөрт байдаг хамаг мөнгө төгрөгөө үрээд дууссан. С.Г нь бичиг баримтуудаа өөрөө сунгаж өгнө гэсэн мөртлөө надаас 7000000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь худалдан авсан хөрөнгө биет байдлын болон эрхийн доголдолтой байсан. Байшингийн дээвэр цоорхой байснаас шалтгаалж борооны улирал эхэлсэн байсан тул дусаал гоожиж үйлчилгээг тогтмол явуулах боломжгүй болсон. Үүнээс шалтгаалж дээвэр төмөрийг бүхэлд нь солих болсон тул 2310200 төгрөг шаардлагатай болсон. Мөн 8 нэрийн барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрөл дууссан байсан. Тохирлын гэрчилгээ байхгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, цонх хаалт хамгаалалтгүй байсан тул тусгай зөвшөөрөл авахад нэмж 600 000 төгрөг төлсөн. Ашиглалтын зардал төлөөгүй байсан учир 130045 төгрөг төлсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо шүүх хурал дээр учраа олохгүй юм бол үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөөд 50000000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгө эдэлж хэрэглэснээр доошоо орно гэж байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг би засаж янзалсан болохоос биш эвдэж гэмтээсэн зүйл байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Г, Б.Б нараас 7000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-т олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас 126950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Г давж заалдах гомдолдоо: 

Нэхэмжлэгч С.Г надад биет байдлын болон эрхийн доголдолтой үл хөдлөх хөрөнгө худалдсанаас надад 3000000 төгрөгний бодит хохирол учирсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх миний гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарын үнэлж үзэхгүй, намайг маргаж мэтгэлцэх эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх иргэн хүний эрх ашгийг адил тэгш хамгаалах үүрэгтэй байх ёстой атал миний эрх ашгийг ноцтой хохироолоо. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 145/ШШ2020/00453 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7000000 төгрөгнөөс надад учирсан хохирол болох 3500 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Г-ийн давж заалдах гомдолтой танилцлаа. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05  дугаар сарын 15-ны өдрийн 145/ШШ2020/00453 дугаар шийдвэрээр Ж.Г-ээс 7000000 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэснийг зөв гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо 7000000 төгрөгийн 50 хувь болох 3500000 төгрөгийг  хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь  үндэслэлгүй. Ж.Г надаас 65000 000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч холбогдох засвар үйлчилгээг өөрөө хийнэ гэсэн байдлаа үнийг нь буулгаж 57000 000 төгрөгөөр үнэлж авахдаа 17 000 000 төгрөгөнд нь машин өгч бэлнээр 23000 000 төгрөгийг нь өгсөн. Уг үл хөдлөх хөрөнгийг Ж.Г өөрийн нэр дээр шилжүүлж аваад барьцаанд тавьж банкнаас мөнгө гаргуулж аваад өгөхөөр тохирсон. Ингээд би түүний нэр дээр бүх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлсэн. Ж.Г үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл аваад 10000 000 төгрөгийг өгч, үлдсэн 7000 000 төгрөгийг 7 дугаар сард багтааж өгнө гэхээр нь би зөвшөөрсөн гэтэл өгөхгүй болохоор нь ямар нэгэн маргаангүй юм байна гэж бодоод эвлэрүүлэн зуучлалд хандсан. Ж.Г маргаан үүсгэн шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймд би үлдэгдэл 7000 000 төгрөгөө бүрэн авах үндэслэлтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ж.Г, Б.Б нарт холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 7000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны  шүүхэд гаргасан байна.

 Хариуцагч Ж.Г, Б.Б нар  “...худалдан авсан хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой байсан. Байшингийн дээвэр цоорхой байснаас дусаал гоожиж үйлчилгээг тогтмол явуулах боломжгүй болсон, дээвэр төмөрийг бүхэлд нь солиход 2310200 төгрөг шаардлагатай болсон, дэлгүүрийн тусгай зөвшөөрөл дууссан, тохирлын гэрчилгээ байхгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, цонх хаалт хамгаалалтгүй байсан зэргээс тусгай зөвшөөрөл авахад нэмж 600000 төгрөг, ашиглалтын зардал төлөөгүй байсан учир 130045 төгрөг төлсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....” гэж маргажээ.

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Г нь Өвөрхангай аймгийн *** дугаар багийн *** тоотод байрлалтай 80 м2 талбайтай хувийн сууцны, 203 м2 талбайтай авто засварын, 48 м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, *** нэгж талбарын дугаартай 559 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 57000000 төгрөгөөр хариуцагч Ж.Г, Б.Б нарт худалдахаар тохиролцон төлбөрийн нөхцлийг 33000000 төгрөгийг бэлнээр, 17000000 төгрөгт автомашин оролцуулан өгч авалцан үлдэх 7000000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг байцаанд тавих замаар банкнаас зээлж өгөхөөр хугацаа тохирсон болох нь зохигчдийн гаргасан тайлбар, гэрч Т.Ц, Ч.Ц, Э.Н нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуулиар зохицуулаагүй болохыг дурдан шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болсон байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай зохицуулсан байдаг.

 Үл хөдлөх эд хөрөнгийн дээврээс ус гоождог болох, 8 нэрийн барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тохирлын гэрчилгээ байхгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, цонх хаалт хамгаалалтгүй байсан зэрэг нь  хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч С.Г-өөс хүлээн авах үед байсан доголдол гэж үзэх боломжтой бөгөөд энэ талаар хариуцагч Ж.Г, Б.Б нар эд хөрөнгийн доголдлын талаар тухайн үед мэдсэн, мэдэх боломжтой байжээ.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хариуцагч Ж.Г, Б.Б нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 7000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээв.         

 Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 145/ШШ2020/00453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, *** овгийн Ж.Гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 70950 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.