| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00007/И |
| Дугаар | 103/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2025/00077
| 2025 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2025/00077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19** онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1986 онд ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд Зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 52 тоот тушаалаар Онон бригадад хоньчин болж, илгээлтийн эзнээр ажиллаж эхэлсэн. 1986-1993 оныг дуустал 8 жилийн хугацаанд тасралтгүй, хоньчин саальчнаар ажилласан. 1993 онд ******* сумын Хөдөлмөр нэгдлийн зохион байгуулалт өөрчлөгдөж, мал хувьчлагдаж нэгдэл тарснаар 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 тоот тушаалаар ажилгүй болж хувийн мал маллах болсон. Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, ******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолтууд, ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Д.******* хүсэлтээр Ц.*******, Ц.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Д.******* нь 1970 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Д.******* ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч ******* аймгийн Архивын тасгаас олгосон цалингийн тодорхойлолтод зарим он, сарууд дутуу бөглөгдсөн байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Д.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.Хүсэлт гаргагч Д.******* нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай Илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай тушаалаар .., овогтой *******г Онон бригадад хоньчноор 7-р сарын 15-ны өдрөөс ажиллуулсугай /хх-ийн 9 дүгээр тал/
4.2.1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 112 тоот Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 22 дугаарт Д.******* гэж бичигдсэн, /хх-ийн 12 дугаар тал/
4.3.1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125 ээлжийн амралт олгох тухай тушаалын малчдын нэрсийн жагсаалтын 36 дугаарт Д.******* гэж бичигдсэн /хх-ийн 10 дугаар тал/
4.4.******* аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 тоот Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалаар Малчин Д.*******д 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн тэтгэмжтэй чөлөө олгосугай, /хх-ийн 12-15 дугаар тал/
4.5.1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ..., Агац, Балж, Онон багийн малчин гишүүдийг 12 сарын 25-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн, /хх-ийн 17 дугаар тал/
4.6. Д.******* 1986-1992 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн талаарх ******* аймгийн Архивын тасгийн 308 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-ийн 8 дугаар тал/
4.7.Гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн: Д.******* 1987 оны үед ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. Би тэр үед багийн бага эмчээр ажиллаж, 14 хоног тутам айлуудаараа тойрч явдаг байлаа. Бид иргэний хамгаалалтын ажлаар хашаа барих, худаг гаргах зэргээр залуучуудаараа хамт явдаг байсан. Д.******* нь нэгдэл тарах хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Д.******* нь Балж бригадад үхэр малладаг байсан. ******* сумын Балж бригад нь үхрийн суурь бригад байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр тал/,
4.8.Гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн: Д.******* 1986-1993 он буюу нэгдэл тарах хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш хувийн малаа малласан. Бид ******* аймгийн ******* сумын Балж бригадын сүүн заводод сүүгээ тушаадаг, саахалт айлууд байлаа. Энэ хугацаанд 1988 онд анхны хүүхдээ төрүүлж байсан, 1989, 1992 онд хүүхэд төрүүлж байсан санагдаж байна. Би бас анхны хүүхдээ 1988 онд төрүүлсэн болохоор сайн санаж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно /хх-ийн 33 дугаар хуудас/.
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******г 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Онон, Балж бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Хүсэлт гаргагч Д.******* хүсэлтээр хүрэн, саарал өнгийн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримт шинжлэн судлахад 2 дэвтрийн нүүр хэсэгт бичигдсэн бичвэрүүд нэг өнгийн балаар нэг хүн бичсэн, тамга тэмдэг бүдэг, цээж зураггүй, хөдөлмөрийн дэвтрийн ажилласан хоног, авсан хөлсөнд касс гэсэн тэмдэг дарагдсан зэрэг нь эргэлзээ төрүүлэхээр байх тул хүрэн, саарал өнгийн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Онон, Балж бригадад 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ