| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2025/00736 |
| Дугаар | 319/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 319/ШШ2025/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 153/2024/00736/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвээнсүрэн, хүсэлт гаргагч ******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие 1969 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт ******* 2 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд 1986 оноос Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт эцэг, эхийн хамт мал маллаж, сааль сааж эхэлсэн бөгөөд 1986-1991 он хүртэл нэгдэл тарах хүртэл саальчин хийсэн. Одоо тэтгэвэрт гаргах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд ******* намайг 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 1986 оны 06 дугаар сарын 03-аас 1991 оны 09 дүгээр сарын 05-ныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.
Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ******* нь Ховд аймгийн 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2061 албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 70 дугаар дансны хөдөлмөрийн хөлсний түүвэр, Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/27 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР 1, 15, 21 маягтуудын хуулбар, гэрч Б.Эрдэнэсолонгын... Би *******тэй хамт Ховд Дуут сумын 8 жилийн сургуулийг төгсөөд аймгийн төвд ирж 9 дүгээр ангид суралцсан. ******* 8 дугаар ангиа төгсөөд нэгдэлд орсон... гэх мэдүүлэг, гэрч У.Алтанцэцэгийн... Би *******ийг сайн мэднэ. Манай аав, ээж нар хөдөө айл хөрш явсан. ******* бид хоёр нэг ангид суралцаж байсан. ******* нь Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуулийг 1986 оны хавар төгсөөд аав, ээжийнхээ гар дээр малчин болж очсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1557758 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэгт авагдсан тул /хх-ийн 10 дугаар тал/ 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* Сонинцэцэгийг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад, 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС