| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2025/00014 |
| Дугаар | 319/ШШ2025/00028 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2025/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3-01 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны12 дугаар сарын 26-ны өдөр 153/2025/00014/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвээнсүрэн, хүсэлт гаргагч ******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Пүрвээ овогтой ******* миний бие нь 1965 оны 4-р сарын 13-ны өдөр Ховд аймгийн зэрэг суманд Пүрвээгийн 6 дахь хүү болон мэндэлсэн. Зэрэг сумын VII жилийн сургуульд 1973 онд нэгдүгээр ангид элсэн орж суралцаад 1981 онд 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар сургуульд элсэн орж суралцаж 1983 онд 10 дугаар ангиа төгссөн. 1983-1986 онд цэргийн албанд явж Өмнөговь аймгийн Ардын Армийн 167 дугаар ангид алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд 1986 оны 10 сарын 18-ны өдрөөс 1990 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн бөөний бараа баазад ачигчийн ажил хийж байсан. 2025 оны 04 сард тэтгэврийн нас болсон учир урьд нь худалдааны байгууллагад ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн бараа баазад 1986 оны 10 сарын 18-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан...” гэв.
Хүсэлт гаргагчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн бараа баазад ачигчаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1219 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн бөөний бараа баазын даргын 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай “Түр ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 57 дугаартай “Шинэ системийн шагналт цалин олгох тухай” тушаалын хуулбар,
1987-1988, 1990-1991 онуудын цалингийн картуудын хуулбар,
Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 29/43 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1, ХААТР-7, ХААТР-21 маягтуудын хуулбар, гэрч *******: “...Би Ховд аймгийн худалдаа удирдах газрын бөөний баазад 1985-1998 онуудад ажиллаж байсан. ******* нь тэнд ачигчаар ажиллаж байсан нь үнэн болно...” гэх мэдүүлэг, гэрч *******: “...Би Ховд аймгийн худалдаа удирдах газрын бөөний баазад 1986-1994 онуудад ажиллаж байсан. ******* нь тэнд ачигчаар 1986-1990 он хүртэл тасралтгүй ажилласан нь үнэн болно...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт цугларсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******г 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч П.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын бөөний бараа баазад ачигчаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС