Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. /РД:/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.******* 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я. 

Тус шүүх хуралдаанаар: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн дугаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргаж байна.

2. *******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг Том татвар төлөгчийн газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд төлбөр ногдуулжээ.

2.1. Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын -ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар уг актад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

2.2. Нэхэмжлэл гаргагч нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлд №НА-2 дугаартай нөхөн ногдуулалтын актад гомдол гаргаж Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр гомдлыг буцааж шийдвэрлэснийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, эс зөвшөөрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

2.4. Нэхэмжлэл гаргагч нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч тус зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, эс зөвшөөрсөн тул шүүхэд 2024 оны 07 дугаар сарын -ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан үндэслэлдээ: “Манай “*******” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Том татвар төлөгчийн газраас татварын иж бүрэн шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Тухайн шалгалтаар нийт 1,*******,*******,*******.23 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

3.1 Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нөхөн ногдуулалтын актад хамаарах нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын -ний өдөр гаргасан. Гэвч “*******” ХХК нь №НА-2 тоот нөхөн ногдуулалтын актад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/ дугаартай “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан.

3.2 Тийнхүү шүүгчийн захирамжийг гардаж авснаас хойш ажлын 3 хоногийн дараа захиргааны журмаар буюу Татварын маргаан таслах зөвлөлд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №НА-2 тоот нөхөн ногдуулалтын актад хамаарах гомдлыг гаргасан. Гэсэн хэдий ч 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № тоот Татвар төлөгчийн гомдлыг буцаах тухай Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шуудангаар хүлээн авсан. Тус шийдвэрт “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.6.3-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж гомдлыг үүгээр буцааж байна” гэсэн байна.

Бид шүүхэд хандсан болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийг гардаж авсан бүх баримтыг хавсаргаж бид санаатайгаар 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй болохоо тайлбарлаж гомдлоо тусгасан ба Маргаан таслах зөвлөлд нөхөн ногдуулалтын актад хамаарах гомдлоо гаргасан. Гэвч эдгээр бүх учир шалтгаанаа нотлох баримтын хамт Маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн боловч бидний гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

3.3 Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлийн гомдол хүлээн авахаас татгалзах тухай дээрх шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, №НА-2 тоот нөхөн ногдуулалтын актад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 128/ШЗ2024/ тоот захирамжаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжид №НА-2 тоот нөхөн ногдуулалтын актад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж заасан.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу №НА-2 тоот нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан. Тус зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан.

3.5 Маргаан таслах зөвлөл нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргахдаа Засгийн газрын 2019 оны дугаар тогтоолын хавсралтаар баталсан Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт “Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тогтоолыг маргаанд оролцогч талуудад 10 хоногийн дотор гардуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ” гэж журамласан заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Татварын маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдэж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, журамд заасан хугацааг хэтрүүлж процессын алдаа гаргасан.

3.6 Мөн дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсгийн “...захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах” гэдэг хэсгийг тайлбарлажээ. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт хууль тайлбарлах эрх хэмжээг Монгол Улсын Дээд шүүх хэрэгжүүлэхээр хуульчилсан. Гэвч хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг Татварын маргаан таслах зөвлөл хэрэгжүүлж байна.

3.7 Татварын маргаан таслах зөвлөл манай компанийг гомдол гаргахад хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж үзэж өнөөдрийг хүртэлх хугацаанд гомдлыг хэлэлцэхээс татгалзаж ирсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоос 70 гаруй хууль тогтоомж нь “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байна. Гэтэл бидний нөхөн ногдуулалтын актыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан тус акттай маргахаар гомдол гаргасан баримтыг үнэлэхгүй өнөөдрийг хүрч байна. Эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжийг өөрийн үзэмжээр тайлбарлаж, хүндэтгэн үзэх шалтгааныг нэг талын өнцгөөс ойлгож хэрэгжүүлэх нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа өөрөө нотлох эрхийг хэрэгжүүлэх боломж олгохгүй, нотлох баримтыг үнэлэхгүйд хүргэж байна.

3.8 Угтаа бид Иргэний шүүхийн өмнө хүндэтгэн үзэх шалтгаан нэг өөр, Захиргааны байгууллага, Захиргааны шүүхийн өмнө мөн нэг өөр шалгуураар нотлох баримтаа хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг дүгнүүлж байна. Бид Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэж, хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд хууль дээдлэх зарчмын хүрээнд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож процессын болон хууль хэрэглээний алдаатай Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай “*******” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жилийн татварын иж бүрэн шалгалт орсон. Энэхүү шалгалтаар нийт 1,*******,*******,*******.23 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нөхөн ногдуулалтын актын тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Том татвар төлөгчийн газраас гаргасан акттай танилцах явцад 1,7 тэрбум төгрөгөөр бид маргалдах процессын болон бусад тооцооллын алдаатай холбоотой шаардлага гарах байсан.

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлага байдаг, 40.2.5 дах хэсэгт гомдол гаргах эрхтэй этгээд болон нөхөн ногдуулалтын акт буюу захиргааны актад дурсан байхыг шаарддаг учраас энэ журмын дагуу нөхөн ногдуулалтын актаа уншсан. Манайх хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Үүнд захиргааны болон шүүхийн журмаар 30 хоногт багтаан гомдол гаргах буюу 02 дугаар сарын -ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нөхөн ногдуулалтын акт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Тус шүүгчийн захирамжид Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлээгүй байгаа тул буцаасан.

4.2. Үүний дагуу бид Татварын маргаан таслах зөвлөлд маргаан бүхий актын 10%-ийг төлж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгөөч гэж захирамжийг гардаж авснаас хойш 3 хоногийн дараа хандсан. Маргаан таслах зөвлөлөөс өгсөн хариу нь анхнаасаа Маргаан таслах зөвлөлд хандах байсан гэдэг хариу өгсөн. Маргаан бүхий актад гомдол гаргах хугацаа 30 хоногоор дуусгавар болсон гэдэг хариу өгсөн. Өөрөөр хэлбэл шүүхэд биш Маргаан таслах зөвлөлд хандах байсан гэдэг шаардлагыг тавьсан. Үүний дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг даалгаж өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны 30 хоногтой холбоотой бид захиргааны байгууллагаас гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасан гомдлыг хандан гаргах этгээдийг захиргааны актад бол тодорхой бичсэн байсан.

4.3. Захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргана гэсэн байсанд үндэслэн шүүхийн журмаар гомдол гаргасан юм. 1,7 тэрбумын төгрөгийн үнийн дүн бүхий актыг судлахад маш их хугацаа орсон. Хуульд тавигдсан шаардлагын хүрээнд хэрвээ маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргах байсан бол тухайн нөхөн ногдуулалтын актад маргаан таслах зөвлөлд 30 хоногт багтаан гомдол гаргана гэдэг үг байгаагүй. Иймд шүүхэд гомдол гаргасан. Үүнээс болж 30 хоногийн хугацаа хэтэрсэн. Дахин шүүхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий захиргааны актын улмаас өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэд хэдэн үндэслэл байна. Өөрөөр хэлбэл тооцооллын болон процессын алдаатай байж болохуйц үйл баримтууд байна. Маргаан таслах зөвлөлд хандах 30 хоногийн хугацаа хэтэрсэн учраас хүлээж авахгүй гэж байгаа учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг даалгаад өгөөч гэсэн шаардлага гаргахад акт гардаж авснаас хойш 3 сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх боломж нээлттэй байгаа тул Маргаан таслах зөвлөлд хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх хүсэлт гаргасан.

4.4. Маргаж байгаа 05 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолтой холбоотой хурал болсон. Тухайн хурлын процесс нь 5-10 минут болдог. Бидний зүгээс хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэж маргаан бүхий акттай маргах боломжийг олгож өгөөч гэсэн зүйлийг хэлсэн. Гэтэл Маргаан таслах зөвлөлөөс манай үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа сэргээж өгөөгүй. Иймд бид шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээж өгөөгүй шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.5.  Маргаан таслах зөвлөлийн дугаар тогтоол нэгдүгээрт хууль бус болох нэг шалтгаан нь хууль хэрэглээний тайлбарыг дутуу хэрэглэсэн. Хэрэв Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байсан бол Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэн бичих байсан. Өөрөөр хэлбэл, Маргаан таслах зөвлөл шийдвэрээ гаргахдаа Монгол Улсын хуулийг өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд тайлбарлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд хандах эрхийг зөрчиж байна. Процессын хувьд 10 хоног дотор гардуулах ёстой байхад гардуулаагүй. Маргаан таслах зөвлөлийн хуралд хууль хэрэглээний асуудлыг яриулаагүй, хөөн хэлэлцэх хугацааны хуралд хууль огт ярихгүй, тайлбар гаргах гэхээр энэ удаагийн хуралд хууль ярихгүй, яагаад хугацаа хэтрүүлсэн талаар тайлбар гарга гэдэг зүйлийг хэлдэг.

4.6. Бид шүүхэд хандсан гэдэг зүйлээс өөр зүйл ярьж чадахгүй байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол нотлох үүргийг хүлээнэ. Бид шүүхэд хандсан бүх процессын материалуудыг Маргаан таслах зөвлөлд гаргаж өгч байсан. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан бол бид хууль бус бүрэлдэхүүнтэй байсан гэдэг асуудлаар маргах боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн захиргааны актад Маргаан таслах зөвлөлд хандаарай гэдэг асуудлыг дурдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтад бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гэж дурдсан. Үүнд нь захиргааны актыг хэрэв хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Тухайн нөхөн ногдуулалтын актыг тавихдаа уг шаардлагыг хангаагүйн улмаас тухайн актыг гаргасан байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргаан таслах зөвлөлд хандах хугацааг хэтрүүлсэн.

5.1. Иймд хүндэтгэн үзэх шалтгаанд орно гэж бидний хувьд үзэж байгаа. Мөн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй боловч нарийн бичгийн даргын чиг үүрэг өөр. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам болон Татварын ерөнхий хуульд заасан нарийн бичгийн даргын ажиллах чиг үүрэг зөвхөн Маргаан таслах зөвлөлийн дотоод ажлыг хариуцан ажилладаг, Компанийн тухай хуульд мөн төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэдэг 2 албан тушаал нь эрс өөр албан тушаалтнууд хэрэгжүүлдэг, чиг үүрэг нь ч өөр байдаг. Гэтэл холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг нь өөр этгээд 8 дахь гишүүн болж гарын үсэг зураад байхад үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

5.2. Гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан боловч Төрийн албан хаагчийн захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүйн улмаас бид үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд орох байх гэж найдаж байна. Учир нь бүх хүн хуульч биш, компани болгон хуульчтай биш. Иймд энэ асуудалд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана” гэж оруулсан. Иймд энэ нөхцөл байдал бидний хувьд хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж харж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж шийдвэр гаргасан Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5.3. Марган таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн, магадалга гээд таслал тавьсан байгаа. Үүнийг юу гэж ойлгож байна гэдэг асуултад тус тусдаа гэж ойлгож байна гэж хариулсан. Үүнийг бид мөн тус тусдаа асуудал гэж ойлгож байгаа. Магадалгаа хийгээгүй гэж төлөөлөгч хэлсэн. Гэтэл маргаан бүхий дүгээр тогтоолд Э.******* магадалгаа хийсэн гэж бичсэн байгаа. Ийм учраас энэ асуудлыг харгалзан үзэх байх. Өөрөөр хэлбэл 1 хүн 3 субъектийн ажлыг зэрэг хийж байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг ойлголт нь өөрөөс үл хамаарах шалтгаан. Татварын ерөнхий хуулийн заалтаар олон амьдралын процессыг зохицуулах боломжгүй. Манай тохиолдолд өөрөөс шалтгаалан хугацаа хэтрүүлсэн асуудал огт биш.

5.4. Төрийн байгууллагын гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагчийн гаргасан актад 40 дүгээр зүйлийн 40.2.5 дах заалтыг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор бид хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хуульд заасан зүйл заалтыг хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчийн алдааны улмаас хугацаа хэтрүүлсэн тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулж ойлгох боломжтой, биднээс шалтгаалах үйл ажиллагаа биш гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “”*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “... процессын болон хууль хэрэглээний алдаатай Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

6.1 Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын татварын улсын байцаагчид тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж “нөхөн ногдуулалтын акт”-аар төлбөр ногдуулж, актыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснийг татвар төлөгч 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан байна.

6.2   Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй”, Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.6-т “Маргаан таслах зөвлөл нь дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана”, 4.6.3-т “энэ журмын 4.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заасан.

6.3  Гэтэл татвар төлөгчийн зүгээс уг актад холбогдуулан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гарган ирүүлэхдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасан эрхийн хүрээнд шүүхийн журмаар гомдол гаргасан гэх бөгөөд энэхүү үндэслэлээ хуульд “захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах” гэж заасан тул сонгох эрхийг хэрэгжүүлсэн гэж тайлбарласан.

6.4  Маргаан таслах зөвлөл дээрх гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд хянан үзээд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзан буцаасан. Гомдлыг хүлээн авахаас татгалзсан зөвлөлийн шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/Ш32024/ дугаар захирамжаар “...актыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүрэн хангаагүй байх бөгөөд уг журмыг хэрэглэх боломжтой байх тул ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.3-т заасны дагуу “*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна” гэж шийдвэрлэсэн.

6.5 “*******” ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын -ний өдөр “Хүсэлт гаргах тухай” 01/9******* дугаар албан бичгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлт ирүүлсний дагуу Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид "Маргаан таслах зөвлөл" гэх/ ажиллана” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд хүсэлт гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч г оролцуулан хэлэлцэж дүгээр тогтоолоор “татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-2 дугаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн.

6.6  Тус компанийн зүгээс захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхийг сонгож хэрэгжүүлсэн гэх шалтгаан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “”*******” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцсэн манай Маргаан таслах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн байгууллага 12.1.6-г яагаад сонгосон бэ гэвэл актын 10%-ийг төлөх ёстой байсан учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргах улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг төлөх сонголтыг сонгоод шүүхэд хандсан гэж албан бичгээр тайлбарлан ирүүлсэн. Маргаан таслах зөвлөлийн хуралд энэ тайлбарыг хэлсэн. Хууль бүх татвар төлөгчдөд ижил, тэгш, шударга үйлчлэх ёстой. Бусад татвар төлөгч нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа актаар ноогдуулсан нөхөн татварын 10%-ийг урьдчилж төлж маргаан таслах зөвлөлд хандах хуулийн зохицуулалт байгаа.

7.1. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зохицуулсан байгаа. Татвар төлөгч “*******” ХХК-ийн хувьд энэ асуудлыг мэдэж байсан нь өөрсдийн ирүүлж байгаа албан бичгээр тогтоогдож байгаа. Бусад татвар төлөгчид 10%-ийн татвар төлөөд гомдлоо гаргаад захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгддэг. Нэхэмжлэгч компанийн хувьд өөрсдөө сонгох боломжтой мэт тайлбарлаад шүүхэд хандана гэдэг асуудлаар тайлбарлаад байгаа. Гэвч шүүхэд хандана гэсэн сонголт байхгүй. Татвар төлөгчийн зүгээс бид мэдэхгүй байсан, эсхүл нарийвчлан зааж өгөөгүйгээс болж шүүхэд хандсан гэдэг асуудал үгүйсгэгдэж байна.

7.2. Маргаан таслах зөвлөл жилд 30-40 хэрэг улсын хэмжээнд шийдвэрлэдэг. Татварын акттай холбоотой өнөөдөр бид мэдээгүй байсан, шууд шүүхэд хандсан гэдэг асуудал нь анхны маргаан байна. Хууль тэгш, шударга үйлчлэх ёстой. Нөхөн ногдуулалтын актаар ноогдуулсан урьдчилж төлөх 10%-ийг төлөхгүйгээс болоод энэ асуудал татвар төлөгчид үүсэж байгаа. Энэ асуудал анх Маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргахыг мэдэж байсан. Гэхдээ 70,200 төгрөг төлөхийг сонгох уу, *******,000,000 төгрөг төлөх үү гэдэг сонголтоос бид 70200 төгрөг төлөхийг сонгосон гэдгээ Маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргахдаа ирүүлж байсан албан бичиг болон маргаан таслах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдох учраас хууль мэдэхгүй нь хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байхад гомдлыг хүлээж аваагүй Маргаан таслах зөвлөлийн 9 дүгээр тогтоолыг хуульд нийцээгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд татварын улсын байцаагчийн үйлдэж байгаа нөхөн ногдуулалтын акттай холбоотойгоор хэнд хэрхэн гомдол гаргах талаар асуудлыг нарийвчлан заасан байгаа. Захиргааны ерөнхий хуульд зөвхөн 42 дугаар зүйлийг зүйлд захиргааны актын шаардлагууд байгаа. Үүнээс биш тухайн этгээдийг нэрлэн заана гэсэн өгүүлбэр бол энэ хуулийн 40 дүгээр зүйлд байхгүй.

8.1. Харин нарийвчилсан зохицуулалт Захиргааны ерөнхий хуулийн 92-оос 94 дүгээр зүйлд захиргааны байгууллагын гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хаана, хэнд хэрхэн хандаж гаргах вэ гэдэг асуудлыг зохицуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд захиргааны актад гомдол гаргах эрхийг заасан. Үүн дээр бол захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллага, эс үгүй бол гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гомдол гаргана гэдгийг энэ хуулийн 93 дугаар зүйл дээр нарийвчлан заасан. Зөвхөн акт дээр бичигдсэний дагуу дээрх байгууллагад гомдол гаргана гэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн нарийвчлан зохицуулсан заалтыг харах нь зүйтэй. Хуулийг мэдэхгүй гэдэг нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

8.2. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргаж болно гэж ойлгосон тул шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Татварын ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны хэлбэрт хамаарахгүй байна. Маргаан таслах зөвлөлийн тухайд анх гомдол ирэхэд актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор гаргана гэдэг зохицуулалт байгаа. Энэ хуулийн хугацаа хэтэрсэн байна гэдэг хариу өгсөн. Үүний дараагаар дахин нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж гомдол гаргах хугацаа сэргээе буюу Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу 3 сарын дотор хугацаа сэргээж болох юм байна гэж үзэж хугацаа сэргээнэ үү гэдэг хүсэлтийг ирүүлсэн.

8.3. Үүнийг бол Маргаан таслах зөвлөлийн холбогдох хууль тогтоомж, маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын дагуу нарийн бичиг хүлээн авч маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн нь хууль тогтоомжид нийцэж байна. Маргаан таслах зөвлөл өөрөө хамтын шийдвэр гаргадаг. Тусгайлсан хэмжээгээр захиргааны байгууллагад хамаарна. Татвар төлөгчийн хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээж аваад хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна. Татварын харилцааг Татварын ерөнхий хуулиар илүү нарийвчлан зохицуулсан. Хууль тогтоомжийг хэрэглэхдээ илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтуудыг хэрэглэнэ. Хэрвээ байхгүй бол сүүлд гарсан хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн зохицуулалтууд байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өнөөдөр өөрсдөө сонгох боломжоо хэрэгжүүлээд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад хандалгүйгээр шууд шүүхээр хандсан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.

8.4. Татварын ерөнхий хуульд заасан 6 дугаар зүйлийн 6.1.4-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах иргэн, хуулийн этгээдийн хууль эрх зүйн ажиллагаанд оролцоход хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Маргаан таслах зөвлөлийн гишүүн буюу нарийн бичгийн хувьд ямар ажил үүрэг хийх талаар маргаан таслах зөвлөлийн ажиллах журмаар зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт магадлагчийн ажлыг хийнэ. Хоёрдугаарт, нарийн бичгийн ажил буюу зөвлөлийн гишүүнээр оролцоно. Хэрвээ өнөөдөр маргаан таслах зөвлөлийн магадлагч н.******* нарийн бичиг өөрөө хэн нэгэн татвар төлөгчийн гомдлыг маргаан зохицуулах зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаа бол тухайн маргалдсан асуудлаар саналын эрхгүй байдаг.

8.5. Гэхдээ энэ хуралдаанд оролцсон гэдэг утгаар гарын үсэг зурах нь ойлгомжтой. Өөрөө магадалж байгаа хэр нь хүлээж авахгүй, хүлээж авна гэдэг санал гаргасан нь хуралдааны нууцын асуудал. Ямар нэгэн санал өгөх асуудал байхгүй. Саналын эрхгүй оролцдог гэж ойлгож болно. Магадлагчийн хувьд хийх ёсгүй ажлыг хийсэн зөвлөлийн тогтоол хууль зөрчиж гарсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд анх актыг гардаж авснаас хойш гомдол гаргах хүртэл хугацаанд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Татварын ерөнхий хууль болон акт дээр дурдсаны дагуу шүүхийн болон захиргааны журмаар гэдгийг нь өөрсдөө ойлгохдоо шүүхэд өгсөн нь илүү дээр юм байна гэдэг байдлаар гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр тодорхойлоод байна.

8.6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөн нэмэлтээр хэлэхэд н.******* гишүүний Хууль зүйн яаманд томилогдсон тушаал албан бусаар байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл гаргаж өгөх боломжтой байна. Би зөвхөн нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдлыг авсан бол магадалгаа хийлгэнэ гэж буруу тайлбарлаж бичсэн бол үүн дээр хүлцэл өчье. Хүсэлт гаргавал мөн адил магадалгаа хийлгэнэ. Дүгнээд хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд заасан үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна.

8.7. Татварын улсын байцаагчийн акт дээр зөв бичээгүй нь хууль бус, болохыг тогтоолгосон ч зөрүү байхгүй. Гэтэл өнөөдөр шүүх дээр гомдол гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдана гэж заасан байгаа. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дээр дээд шатын захиргааны байгууллага, эсвэл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шууд шүүхэд гаргах зохицуулалт байгаа. Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэдэг шийдвэрийг гаргаад байгаа.

8.8. Хэрвээ энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шууд үндсэн акттай холбоотойгоор гомдол гаргах эрх, үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх эрх нь Захиргааны хуулиар зохицуулагдаагүй ч гэсэн үүнтэй холбоотой ижил маргааныг Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн байгаа. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн шийдвэр, тогтоол хэрэглэгдэж явах учиртай. Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэр гарсан бол үндсэн акттай холбоотойгоор шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа юм. Гэтэл заавал анх Маргаан таслах зөвлөлийг сонгож гомдлоо гаргаагүй байж өнөөдөр Маргаан таслах зөвлөл манай гомдлыг заавал хүлээж авч хэлэлцэх ёстой гэдэг байдлаар шүүхээр шийдвэр гаргуулах гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

8.9. Өнөөдөр татварын харилцаанд оролцож байгаа бол тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжийг хэрэглэх нь ойлгомжтой. Хуулийг мэдэхгүй буюу буруугаар ойлгож хэрэглэх, тайлбарлах нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл мөн цааш нь лавшруулаад Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдол гаргах 43, 46, 47 дугаар зүйлийг хараад зохих ёсны шийдвэр гаргах боломж нэхэмжлэгч талд байсан. Гэтэл өөрсдөө энэ 2 боломжийг мэдсэн, судалсан атлаа сонгох боломжоо хэрэглээд Маргаан таслах зөвлөлийг буруутгаж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчээс “...Нөхөн ногдуулалтын актад тус актыг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах захиргааны байгууллагыг заагаагүй, ...Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д “татварын албанаас гаргасан акт ... үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл ...захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах” гэж заасны дагуу сонгох эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан, маргаан бүхий тогтоолд эдгээр үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулаагүй хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...маргаан таслах зөвлөлийн тогтоол гарч нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэх шалтгаан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй учир нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч компанийн 2019- 2022 он дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн                                НА-2 дугаар Нөхөн ногдуулалтын актыг гаргасан.
  4. Уг актыг нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын -ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамж (хавтаст хэргийн 55-57 дахь тал)-аар нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан.
  5. Үүний дараа нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичиг(хавтаст хэргийн 35 дахь тал)-ээр “маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан.
  6.  Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын -ний өдөр гаргасныг  хариуцагчаас хүлээн авч маргаан бүхий  2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот тогтоол (хавтаст хэргийн 7-12 дахь тал)-оор нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
  7. Энэхүү тогтоолын гол үндэслэл нь “...хөөн хэлэлцэх хугацаа хуулийн  зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн тохиолдолд Маргаан таслах зөвлөл уг хугацааг хэтэрснээс хойш 3 сарын дотор нөхөн сэргээх бөгөөд ******* ХХК-ийн хувьд хуулиар гомдол гаргах эрхийг олгосон боловч уг эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, гомдлоо шүүхэд гаргасан нь нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааралгүй байна гэж” дүгнэсэн байна.
  8. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд: Татвар төлөгчийн эрх 12 дугаар зүйлийн 12.1.6-д татварын албанаас гаргасан татварын акт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно” гэж татварын улсын байцаагч нараас гаргасан нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргах эрхийг зааж, ямар хугацаа, журмаар гаргахыг маш тодорхой заасан байна.
  9. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасан “...захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах” эрхтэй гэж заасан нь нэхэмжлэгчид аль нэгийг нь сонгож гомдлоо гаргах эрхийг олгоогүй, харин татвар төлөгч этгээд нь татварын албанаас гаргасан аливаа акт, бусад баримт бичигтэй танилцах эрхтэй, мөн захиргааны журмаар гомдол гаргах, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх, эдлэх боломжийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор...маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар тус тус олгосон байна.
  10.  Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн зүгээс татварын албатай харилцах үедээ эдлэх эрхийг тоочин зааж уг эрхүүдээс нөхөн ногдуулалтын татварын акттай холбоотойгоор захиргааны журмаар хаана хандах, ямар гомдол гаргах эрхийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д нарийвчлан зааж зохицуулсан ба хариуцагчаас эдгээр хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлүүд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзэн маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн байна.
  11.  Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс хариуцагчид хандан гаргасан нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэл, тогтоолоор нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэл нь нэхэмжлэгчээс үл хамаарах, гэнэтийн буюу байгалийн шинжтэй, хорио цээр, өвчин, эмгэг гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байхад хариуцагчийг хуулийг буруу хэрэгжүүлсэн, хуульд нийцээгүй тогтоол гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж буруутгах үндэслэлгүй.
  12.  Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид "Маргаан таслах зөвлөл" гэх/ ажиллана”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй”, 47.3-т “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж тус тус зааснаас үзэхэд татвар төлөгчийн гаргасан нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдлыг захиргааны журмаар татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэхээр, нэхэмжлэгчийн хувьд гомдлоо нөхөн ногдуулалтын актаар зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувиа урьдчилан төлж гаргах ёстой.
  13.  Гэвч нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг хангаж гомдол гаргаагүй, уг шаардлагыг хангаж гомдол гаргах ёстойг мэдэж байсан атлаа 10 хувийн төлбөр төлөх хуульд заасан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хуульд заасан сонгох боломжоо ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ үйл баримт нь маргаан таслах зөвлөлд хандаж гаргасан нэхэмжлэгчийн гомдол, тус зөвлөлийн хуралдаанд гаргасан тайлбар, тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
  14. Мөн нэхэмжлэгчээс маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн хууль бусаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хэдийгээр маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах эрхийг дурдаагүй боловч уг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой алдаа гаргасан хууль бус шийдвэр гэж үзэхгүй.
  15.  Иймд нэхэмжлэгчээс гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

                 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ