Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2020/00020

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Эрдэнэбилэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 146/ШШ2020/00387 дугаар шийдвэртэй,

Боржигон овгийн Чанцалын Дэмбэрэлийн “овог солиулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг Ч.Дэмбэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чойгин нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Ч.Дэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чойгин, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Дэмбэрэл анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1933 оны хүн амын тооллогоор Цэрэнбадамын Дэмбэрэл эрэгтэй 6 настай гэж тоолуулж бүртгэлд бичигдсэн. Би 1933 онд Чанцалын Цэвээндорж гэдэг ламд үрчлэгдсэн. Намайг 11 настай байхад үрчилж авсан Ч.Цэвээндорж нь хилс хэргээр баривчлагдан цаазлагдсан. Ингээд би эсэргүүний хүүхэд гэж гадуурхагдах болсон тул Цэвээндоржийн ээж Чанцалаар овоглох болсон. Ч.Цэвээндорж баривчлагдахдаа ам бүл 3 гэр, хашаа, байшин тус бүр 1, ял шийтгэлгүй, хурал номын орлогоор амьдардаг гэж мэдүүлсэн байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж миний овгийг  Цэвээндоржоор  сольж өгнө үү ...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чойгин анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ч.Дэмбэрэл нь лам Ч.Цэвээндоржид хүүхэд байхдаа үрчлэгдсэн. Ч.Цэвээндорж гэж хүн нь 1938 онд хэлмэгдээд буцаж ирээгүй. Хэлмэгдэлтийн хүүхэд гээд тухайн үедээ их л амьдралын хатууг үзсэн гэж ярьдаг. Лам Ч.Цэвээндоржид үрчлүүлснийг мэдэх хүн бол Б.Сүхбат гэж хүн байгаа. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Лам Цэвээндоржийн ээж Чанцалаар овоглож явдаг. Түүний үрчилж авсан аав нь хэлмэгдсэн тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговор авахын тулд аавын Чанцал гэх овгийг  Цэвээндоржоор сольж овоглож өгнө үү ...гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Чанцалын Дэмбэрэлийн эцгийн нэрийг Ч.Цэвээндоржоор овоглож, овгоо /эцгийн нэрээ/ солиулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Ч.Дэмбэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чойгин нар давж заалдах гомдолдоо: Би 6 настай байхдаа Чанцалын Цэвээндорж гэдэг хүнд үрчлэгдсэн. Ч.Цэвээндорж аав 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлуулсан. Талийгаачийг буудуулснаас хойш хавчлага дарамтаас болгоомжлон Дэмбэрэл намайг хэлмэгдэгч Цэвээндоржийн ээжээр нь овоглох болсон. Намайг Ч.Цэвээндоржийн өргөж авсан хүү мөн болох тухай гэрч Б.Сүхбат шүүхэд мэдүүлсэн байдаг. Тухайн үед үрчлэлтийг бүртгэх хууль ёсны бүртгэл байгаагүй бөгөөд 1933 ба 1944 оны хүн амын тооллогын завсар улс төрийн хилс хэрэшь хэлмэгдүүлэлтэд яллагдсан тул үнэн мөнийг цаасан дээр бүртгэх боломжгүй байсан.

Тухайн үед нийгмийн байдал хүнд байсан ба улс төрийн хэрэгт холбогдсон Цэвээндоржийн хүүхэд гэж айлгаж дарамт шахалт илт үзүүлдэг байсан тул нууж хааж амьдарсаар ирсэн. Энэ шалтгааныг шүүх хурал бүхий л тал бүрээс үзэж дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна. Мөн энэ талаар Б.Сүхбат гэдэг хүн шүүх хуралд мэдүүлэг өгч нотлож байхад үндэслэлгүй хэмээн үзэж байгаад өндөр настай хүний хувьд маш их гомдолтой байна.

Хожим Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 141 тоот шийдвэрээр Чанцалын Дэмбэрэл нь Чанцалын Цэвээндоржийн төрсөн дүү мөн гэж тогтоосон нь улс төрийн хэрэгт цаазлуулснаас хойш хэлмэгдэгч Цэвээндоржийн ээжээр овоглох болсон үйл баримтыг тогтоосон болохоос бодит байдал дээр Ч.Дэмбэрэл би Чанцалын төрсөн хүү биш билээ. 1933 онд би өөрийн төрсөн ээж Д.Цэрэнбадамын өрхөд бүртгэгдсэн ба 1933 онд Ч.Цэвээндоржид үрчлэгдсэн болно.

Ч.Дэмбэрэл би Ч.Цэвээндоржийн үрчилж авсан хүү мөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Чанцалын Дэмбэрэл нь өөрийн овгийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Чанцалын Цэвээндоржоор тогтоолгох хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Монгол улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн байгууллагад зохих журмын дагуу хандан шийдвэрлүүлэхээр зохицуулсан байдаг тул анхан шатны шүүх Ч.Дэмбэрэлийн овгоо солиулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан журмыг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Ч.Дэмбэрэлийн овог солиулах хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгон хүсэлт гаргагч Ч.Дэмбэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чойгин нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй.

Давж заалдах шатны шүүх, Ч.Дэмбэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чойгин нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн  шийдвэрлэв.

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 146/ШШ2020/00387 дугаар шийдвэрийг хүчингүй болгон,  Боржигон овгийн Ч.Д-н “овог солилуулах” хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Ч.Дэмбэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-н нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.