Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/411

 

                                                           Т.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Гармаа,

шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч З.Жадамбаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч З.Жадамбаагийн гаргасан давж заалдах гомдлоор Т.У-д холбогдох 2110 00701 1133 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

М овгийн Т-н У, ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийн танил М.О-тэй фейсбүүкээр холбогдож “...тусгай үүргийн нислэгт нэрийг нь багтааж Англи улсаас Монгол Улсад авчирна, онцгой комисст таньдаг хүн байгаа...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.500.000 төгрөгийг түүний эхнэр болох Б.О-н Хаан банкны 502хххх375 дугаартай данснаас өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 410ххх125 дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60-1 дүгээр байрны 37 тоотоос шилжүүлэн авч, хохирогч Б.О-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Т-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.У-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-с 2.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.О-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.У энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч З.Жадамбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.У нь шүүхийн шатанд гурван удаагийн гүйлгээгээр Г.Оч-н дансанд нийт 1.280.000 төгрөгийг “зээлээ төллөө” гэсэн утгатайгаар Б.О-д учруулсан хохирлоосоо төлсөн. Тухайн үед “Г.О-с зээлэв” гэсэн утгатай 2.500.000 төгрөгийг авсан. Шүүх гомдол гаргагч Б.О тухайн мөнгийг Г.О-с авсан нь тодорхойгүй, шүүгдэгч Т.У нь хохирогч Б.О-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн хувьд Г.О-тэй холбогдож түүнээс зээлэв гэсэн гүйлгээний утгатай 2.500.000 төгрөгийг эхнэр Б.О-с нь авсан. Г.О-т төлбөрийг төлөх ёстой гэж ойлгон түүний дансанд 1.280.000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч Т.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ, чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Шүүх шүүгдэгч Т.У-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэнийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.У-д торгох ял оногдуулах хууль зүйн боломжгүй гэж прокурорын зүгээс үзсэн. Учир нь, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар ажил хөдөлмөр эрхэлдэг, ямар орлоготой болох нь тогтоогддоггүй. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзээгүй. Шүүгдэгч Т.У-н үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийн танил М.О-тэй фейсбүүкээр холбогдож “...тусгай үүргийн нислэгт нэрийг нь багтааж Англи улсаас Монгол Улсад авчирна, онцгой комисст таньдаг хүн байгаа...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.500.000 төгрөгийг түүний эхнэр болох Б.О-н Хаан банкны 502хххх375 дугаартай данснаас өөрийн Худалдаа Хөгжлийн банкны 410ххх125 дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60-1 дүгээр байрны 37 тоотоос шилжүүлэн авч, хохирогч Б.О-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-н “... Т.У тухайн үед манай нөхрийг “тусгай үүргийн нислэгт нэрийг нь багтаана, онцгой байдалд таньдаг хүн байгаа” гэж байсан. Тэгээд манай нөхөр лүү холбогдоод Монгол Улсад ирэхээр боллоо гээд... У гэх хүний нэртэй дансны дугаар явуулаад 2.500.000 төгрөг шилжүүлчих, дараа нь үлдэгдэл 2.500.000 төгрөг авна гэж байна гэж надад хэлсэн. Би итгээд ... У гэх хүний Худалдаа хөгжлийн банкны данс руу 2.500.000 төгрөгийг “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн. Түүнээс хойш 2 удаа тусгай үүргийн онгоцоор хүмүүс ирсэн бөгөөд түүнд манай нөхрийн нэр багтаагүй, энэ талаар Т.У-с асуухад “удахгүй болно, цаашаа хүнтэй ярьж өгсөн, тэр хүн нь болохгүй байна” гэж худлаа хэлээд алга болсон. ...” /хх 27/,

гэрч Г.О-н “... Т.У цаад хүмүүс нь нэр чинь орлоо л бол үлдэгдэл мөнгөө нэхнэ гэсэн тэгэхэд нь би “нэр орчихвол болно” гэж хэлсэн. Т.У надад урьдчилгаа 2.500.000 төгрөгийг нь өг гэхээр нь дансны дугаарыг авч эхнэр О-д энэ талаар хэлж тайлбарлан мөнгийг нь шилжүүлсэн ...” /хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.О-н Хаан банкны 5022...75 дугаарын данснаас “...2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 410033125 дугаарын данс руу О-с 07/05-нд зээлүүлэв гэсэн утгатай...” 2.500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 64/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.У-г хохирогч Б.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.У-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч З.Жадамбаагийн “... Г.О-н дансанд шилжүүлсэн 1.280.000 төгрөгийг хохиролд тооцуулах тухай...” давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.  

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчийн хохиролд төлсөн 1.280.000 төгрөгийг хохирогч Б.О-н дансанд бус түүний нөхөр Г.О-н данс руу шилжүүлснийг хохирлоос хасаж тооцох боломжгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Т.У-с 2.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.О нь гэрч Г.О-тэй гэр бүлийн харилцан хамааралтай болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.500.000 төгрөгөөс Г.О-н Хаан банкны 500....537 дугаартай дансанд шилжүүлсэн нийт 1.280.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч З.Жадамбаагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих боломжгүй байна.

Гэвч шүүгдэгч Т.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгтээ гэмт хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн байхад 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үйлдэгдсэн мэтээр буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Т-н У-г 500 цаг нийтэд тустай ажил  хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Т.У-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

- тогтоох хэсэгт “Шүүгдэгч Т.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг төлснийг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.У-н өмгөөлөгч З.Жадамбаагийн гаргасан давж заалдах гомдлоос “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР