Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/422

 

                                                              Г.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

яллагдагч Г.Ч-н өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/432 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Г.Ч-н өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ч-д холбогдох 2210 01858 0091 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

О овгийн Г-н Ч, ............., ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Яллагдагч Г.Ч нь .......... дугаар хороо, .... байрны .. тоотод 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Б.Н-тэй “утасны зураг устгасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд  нь зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр нь хохирогч Б.Н-н 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл гомдлын /хх 12/ дагуу 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 62 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад: Хохирогч Б.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Ч-д дахин зодуулсан талаар гомдол цагдаагийн байгууллагад гаргасан /хх 13/ байна. Гэтэл дээрх өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ба гомдлын дагуу ажиллагаа хийгдээгүй байна. Түүнчлэн, яллагдагч Г.Ч, хохирогч Б.Н нар нь хамтран амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчлээгүй нь буруу болсон гэсэн үндэслэлүүдээр яллагдагч Г.Ч-д холбогдох эрүүгийн 2 хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч Г.Ч-н өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ...хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасантай нийцээгүй бөгөөд яллах дүгнэлтэд заасан гэмт хэрэг нь “Г.Ч нь...2022.07.22-ны өдөр хамтран амьдрагч Б.Н-тэй маргалдаж улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэл байтал яллах дүгнэлтэд тусгагдаагүй өргөдөл, гомдолд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч Б.Н биечлэн оролцсон бөгөөд тэрээр уг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гомдолтой холбоотой тайлбар хэлэхдээ “...2022 оны 7 дугаар сард Г.Ч-д зодуулсан асуудал нь шийдвэрлэгдэхгүй удааширч байсантай холбоотой дахин 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад хэргээ шуурхай шийдвэрлүүлмээр байна, гомдолтой байна...” гэдэг агуулгаар гомдол гаргасан...” талаар хэлсэн. Түүнчлэн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.Н-с мэдүүлэг авсан байх бөгөөд тэрээр “...Г.Ч өмнө нь намайг зодож, цохиж байгаагүй, надад гомдол санал байхгүй...” /хх 20-21/ гэж мэдүүлсэн ба тэрээр дээрх шүүх хуралдаанд “...надад Г.Ч ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, нөлөөлсөн зүйл байхгүй, өмнө нь цохиж зодсон асуудал байхгүй...” талаараа хэлсэн.

Яллагдагч Г.Ч-н хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-н биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр би өмнө нь Б.Н-г зодож байгаагүй...” /хх 43-44/ талаар мэдүүлсэн.

Мөн шүүх дээрх захирамждаа хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх талаар дурдсан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад хуульчилсан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хууль хэрэглээний хувьд Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаар тогтоолоор “...хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй...хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод... дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ...” гэж, мөн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаар тогтоолоор “...эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм...” гэж тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон яллагдагч нар нь хэн аль нь өмнө нь цохиж зодсон зүйл байхгүй талаар мэдүүлсэн буюу өмнө нь Г.Ч нь гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн хэрэгт авагдсан зөрчлийн талаарх мэдээлэл, баримтад Г.Ч нь Б.Н-н биед халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, шийтгэл хүлээсэн талаарх баримт байхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 432 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Хоёр гэмт хэргийн шинжтэй гомдол байгааг үгүйсгэхгүй. 2022 оны 7 дугаар сард гаргасан үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 11 дүгээр сард гаргасан үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Хохирогч нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл дахин Цагдаагийн байгууллагад гомдол  гаргаж, шалгуулах боломжтой. Гурав ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангана. Одоо байгаагаар 2 гэмт хэргийн үйлдэл харагдаж байгаа учраас хүндрүүлэх шинжид хамаарахгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Г.Ч-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Н нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Г.Ч-д зодуулсан талаар гомдол гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар зөвхөн эхний буюу 2022 оны 7 дугаар сарын үйлдлийг шалгаж, яллагдагчаар татсан байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчийг зодсон эсэх, өөрөөр хэлбэл Г.Ч нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг огт шалгаагүй орхигдуулсан нь буруу болжээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх боловч Г.Ч-н 2022 оны 11 дүгээр сарын 15-ны үйлдлийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаагаар гүйцэт шалгаагүй байхад “хүндрүүлэх шинжээр зүйлчлээгүй нь буруу болсон” гэж яллагдагчийн үйлдлийг шууд хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагчийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох, мөн зүйчлэлийг хүндрүүлэх үндэслэлтэй эсэхийг хангалттай шалгаж тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт хийж, Г.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтоох зүйтэй гэж үзэв. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.Ч-н өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнээс гадна, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг тэмдэглэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/432 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.Ч-н өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ   

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР