Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
Хэргийн индекс | 125/2024/0015/З |
Дугаар | 125/ШШ2024/0035 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 125/ШШ2024/0035
2024 09 04 125/ШШ2024/0035
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: *******,
Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ******* нарын хоорондын Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол *******, хариуцагч *******, гомдол гаргагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Иргэн *******гээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд “миний мэдээллийг ашиглаж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж байна, би өөрөө жороор эм авч чадахгүй байна” гэх гомдол, мэдээлэл гаргасан.
1.2. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ******* 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг 3 сарын хугацаатай хасах шийтгэл оногдуулжээ.
1.3. *******гаас Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Отгонтэнгэр овогтой Гэрэлзаяа би 2016 оноос Ховд аймгийн Жаргалант сумын ******* өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.
******* овогтой *******д 2024 оны 05 сарын 17-ны өдөр танихгүй хүн утсаар холбогдож, тебантин гэх эмийн хөнгөлөлттэй жор бичүүлэх гэсэн юм гэсэн. Тухайн үед би хөнгөлөлттэй цахим жор бичиж өгөхгүй гэсэн боловч манай ээж Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт суурьшиж байгаа, өндөр настай, өөрөө очих боломжгүй байна. Бид хаанаас ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй учраас та бичиж өгөөч гэсэн. Тухайн үед ажлын ачаалал ихтэй байсан ба бусдад чирэгдэл учруулахгүй байх үүднээс, мөн цахим системд ******* нь өмнө нь тебантин гэх эмийг байнгын хэрэглэдэг байсан учир өвчтөний өмнөх түүхийг нь цахим сангаас харж байгаад цахим жор бичиж өгсөн. Тебантин гэх эмийн зориулалт өвчин намдаах зориулалттай, мансууруулах болон хориглосон эмийн заалтанд ороогүй байдаг. Гэтэл намайг эрх бүхий албан тушаалтан ******* нь ямар нотлох баримтыг үндэслээд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж миний эмчлэх эрхийг 3 сараар хасаж, 1.000.000 төгрөгөөр торгож Шийтгэл оногдуулаад байгаа нь үндэслэлгүй, эргэлзээтэй, хуулийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын заавар журамд 70 дээш насны хүн заавал биеэр ирж үзүүлэхгүйгээр байнгын хэрэглэдэг эмийг эмийн сангаас хөнгөлөлтэй үнээр авахаар бичүүлж болно гэсний дагуу би 80 настай *******д хөнгөлөлт бичиж өгсөн.
Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Намайг хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад эрх бүхий албан тушаалтан ******* нь миний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчиж 1.000.000 төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг 3 сараар үндэслэлгүйгээр хассан байна.
Иймд Ховд аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, улсын байцаагч *******гийн 2024 оны 07 сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ******* би Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн гомдол, мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны шуудангаас хүлээн авч танилцахад ******* Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч ******* үзлэг хийлгүйгээр цахим жор бичсэн нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын зардлын цахим систем дэх мэдээлэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны "Журам шинэчлэн батлах тухай" Б/115 дугаарт тушаалын даатгуулагчид үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жор бичих эмч, эрүүл мэндийн байгууллагад хориглох зүйлийн 3.2.2-т “Эмч үзлэг, оношилгоо, шинжилгээ хийхгүйгээр даатгуулагчид эмийн жор бичих”, 4.1-д “Энэхүү журмыг зөрчсөн иргэн хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх” гэж заасан.
Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар бүлэг Эмчийн эрх үүрэг, 22 дугаар зүйлд Мэргэшсэн болон резидент эмчийн эрх, үүргийг заасан. 22 дугаар зүйлийн 1-т “Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.1.1-д “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх”; 22.1.2-т “эмийн жор бичих” зэрэг хуульд заасан үүрэгтэй.
Иймд ******* Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч ******* үзлэг хийлгүйгээр цахим жор бичиж хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих 1 дэх хэсэгт заасан 1. Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэсэн Төрийн захиргааны шийтгэлийн арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, ******* шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх торгууль мөн эмчлэх эрхийн лицензийг 3 сараар хасах шийтгэл оногдуулсан болно.
Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
4.1. Эрх бүхий албан тушаалтны гомдол гаргагчийн үйлдсэн гэх Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг ******* үйлдээгүй гэж дүгнэж байна. Яагаад гэвэл ******* эмчийн хувьд ******* гэх өвчтөний эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд байрласан өвний мэдээллийг харахад ******* 80 настай, өмнө нь тебантин гэх эмийг хөнгөлөлттэй бичүүлж, хэрэглэж байсан гэдэг нь тодорхой харагдаж байсан.
Тиймээс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 43 минутад *******д хөнгөлөлттэй эмийг бичиж жор олгосон.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/189 дугаартай мэдэгдэлд 70-аас дээш насны ахмадууд заавал ирж үзүүлэхгүйгээр, өөрөөр хэлбэл 70-аас дээш насны ахмадуудын хурууны хээ шаардахгүйгээр эмийн хөнгөлөлтийг бичих боломжтой болох талаар дурдсан. ******* эмчийн хувьд энэхүү мэдэгдлийн дагуу жор олгосон учраас энэхүү эмчийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3180 дугаартай албан бичигт энэ талаар тодорхой зааж өгсөн байна. Үүнд, “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А115 дугаар тушаалд 70-аас дээш насны ахмадууд, холбогдох байгууллагуудаас авсан хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй даатгуулагчдын судалгааг үндэслээд эрүүл мэндийн даатгалын цахим системд далаас дээш насны ахмадууд болон хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй даатгуулагчдын хурууны хээг уншуулахгүйгээр цахим жорыг бичих зохицуулалтыг хийсэн болно” гэсэн тайлбарыг ирүүлсэн.
Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдэгдлийн хүрээнд *******д тухайн эмийг түүний өмнөх өвчний түүхийг харж байгаад бичсэн. Хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны хувьд дээрх мэдэгдэл болон нотлох баримтуудыг үндэслэхгүйгээр ******* эмчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж дүгнэж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны сарын 26-ны өдрийн А/115 дугаартай журмын 2.1.10 дахь хэсэгт зааснаар “тухайн даатгуулагч нь үндсэн харьяаллаас өөр аймагт, нийслэлд, сумд оршин сууж байгаа бол харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой. Харин зөвхөн нэг цаг хугацаанд ижил төрлийн эмийг хөнгөлөхгүй” гэсэн агуулга бүхий заалт тус журамд тусгагдсан байна. Урьд нь энэ төрлийн эмийг хөнгөлөлттэй байдлаар бичүүлэн авч байсан бүх мэдээлэл нь бүгд системээс тодорхой харагддаг. Мөн ******* нь Ховд аймагт байсан ч, байхгүй байсан ч эмч хүний хувьд журмын дагуу, эмчийн үүргээ биелүүлж өвчтөнд эм бичиж өгсөн. Энэ үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж миний хувьд дүгнэж байна. Дээрх журмын 2.3.3 дахь хэсэгт “даатгуулагчдад үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн цахим жор бичих эмч, эрүүл мэндийн байгууллагын эрх үүрэг”-ийг зааж өгсөн. Эмч нь үндсэн харьяаллаас өөр аймаг, нийслэл, суманд байхаас үл хамааран эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, цахим жорыг харьяалал харгалзахгүй бичих эрхтэй байсан. Уг журмын дагуу эмч ******* жор бичиж олгосон.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийг шатанд ярихдаа ******* тухайн эмийг аваагүй, *******гээс өөр хүн авсан гэх байдлаар тайлбарлаж байна. Тухайн эмийг ******* авсан, аваагүй гэдгийг нотлогдоогүй. Мөн ******* тухайн өвчтөнийг үзэхгүйгээр өөр хүнд эм бичиж өгсөн гэх нөхцөл байдал ч мөн нотлогдож тогтоогдоогүй.
Эрх бүхий албан тушаалтны хувьд *******г Зөрчлийн тухай хуулиар мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 1,000,000 төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Гомдол гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлж өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн ерөнхий газрын мэдэгдэлд зааснаар журамд 2.3.3 болон 2.1.10-т зааснаар эмчийн үүргээ биелүүлсэн. ******* эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчсөн гэх зөрчил гаргасан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй байдлаар тогтоогдсон гэж үзэхгүй байна.
Тиймээс 2024 оны 7 сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүнчлэн түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн байх тул эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг: Тогтоогдсон үйл баримтын талаар:
Үүнд: А/ 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогч *******гээс мэдүүлэг авсан. Уг мэдүүлгээр ******* нь өөрөө Ховд аймгийн Жаргалант сумын ******* өрхийн эмнэлэгт хандаж Gabapentin-300 mg эмийн цахим жор бичүүлж аваагүй нь тогтоогдсон,
Б/ 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын зардлын цахим системд үзлэг хийж, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* өрхийн эмнэлгийн эмч ******* нь толгой өвдөх зовиуртай, үзлэгээр БЕБ дунд арьс салст цэвэр чийглэг, Захын лимфийн булчирхай үл тэмтрэгдэнэ. Уушги хоёр талдаа цулцангийн амьсгалтай. Зүрхний авиа бүдэг, хэм жигд, А/Д 150/100, 140/100, puls-78, хэвлий зөөлөн, элэг дэлүү хэвийн өтгөн, шээс хэвийн гэх үзлэгийн тэмдэглэл үйлдэж, G54 Мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг, зүрхний даралт ихсэн өвчин гэх онош тогтоож, Gabapentin-300 mg /тебантин/ гэх эмийг 60 ширхэг, 30 өдрийн турш өдөрт 2 ширхгийг хэрэглэхээр 201611 дугаартай цахим жор бичиж өгсөн, уг жороор 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 19:20 цагт Улаанбаатар хотын эмийн сангаас уг эм олгогдсон үйл баримтыг үзлэгээр тогтоосон,
Хоёр: Хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн тухайд:
Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ “... Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн заавар зөвлөмжид 70-с дээш настай хүн заавал биеэр ирж үзүүлэхгүйгээр байнгын хэрэглэдэг эмийн хөнгөлөлттэй жорыг олгож болно гэсэн, *******гийн мэдээллийн сан дахь өвчний түүхээс харахад Gabapentin-300 mg эмийг өмнө нь бичүүлэн авч байсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмын 2.1.10-д даатгуулагч нь үндсэн харьяаллаас өөр аймаг, нийслэл, суманд оршин сууж байгаа бол харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх, 2.3.3-д Эмч нь үндсэн харъяаллаас өөр аймаг, нийслэл, суманд байхаас үл хамааран эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жорыг харъяалал харгалзахгүй бичих гэж зааснаар цахим жор бичиж өгсөн...” гэж,
Хариуцагчаас “... гомдол гаргагч ******* нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22.1.2-т заасан эмийн жор бичих эрхээ хэрэгжүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журамд заасан эмч үзлэг оношилгоо, шинжилгээ хийхгүйгээр даатгуулагчид эмийн жор бичихийг хориглосныг зөрчсөн...” гэж тус тус тайлбарлан маргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2020 оны сарын 26-ны өдрийн А/495 дугаар тушаалаар баталсан “Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”-ын 3.2, 3.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргын 2020 оны сарын 26-ны өдрийн А/115 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1.2, 2.3.1, 2.3.2, 3.2.2 дахь заалтыг тус тус баримтлан *******гаас Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР