Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2020/00021

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Эрдэнэбилэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07  дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2020/00580 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х-т холбогдох “28000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Д.Х-аас 2018 оны ВЕlВЕМ ND3250 S маркын автомашиныг 28000000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл С гэх мөнгө зээлүүлдэг хүн, уг машиныг зээлийн барьцаанд авч өөрийн нэр дээр шилжүүлсэн нь уг машиныг өмчлөх, нэр дээрээ шилжүүлэх боломжгүй болгосон тул иргэн Д.Х-аас машины үнэнд төлсөн 28000000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Х нь 2018 оны 05 дугаар сард иргэн Г.Б-д 28000000 төгрөгөөр тухайн машиныг зарах талаар харилцан тохиролцож 28000000 төгрөгийг иргэн Д.Х-т өгсөн байна. Тухайн авто машиныг худалдаж авах үед машины эзэмшигч нь *** ХХК-ны нэр дээр байсан. Авто машин тухайн үед компани дээр байхад нь Улаанбаатар орохдоо өөрийн нэр дээрээ шилжүүлж болох юм байна гэж ойлгоод Д.Х-аас худалдаж авсан байдаг. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тухайн авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд Улаанбаатар хотод “***” ХХК дээр очиход авто тээврийн үндэсний төвд Т.Бийн нэр дээр тухайн авто машиныг шилжүүлж өгнө үү гэсэн 19 дугаартай албан бичиг гаргаж өгсөн. Ингээд Авто тээврийн үндэсний төвд очиход дээрх автомашин нь Батсайханы С гэдэг хүний нэр дээр байна. Одоо таны нэр дээр шилжүүлэх ямар ч боломж байхгүй гэсэн хариу өгсөн. “***” ХХК-ийн нэр дээр байгаа бичиг баримт нь хүчингүй болсон тул хурааж авна гээд хураасан. “***” ХХК нь өөрийн эзэмшлийн авто машиныг иргэн Б.С-д шилжүүлсэн тул холбогдох бүртгэлийг хийж Г.Б-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 16-нд Авто тээврийн үндэсний төвд хүргүүлж байсан. Авто тээврийн үндэсний төв нь 2018 оны 03 дугаар сарын 16-нд авто машин эзэмших эрхийн гэрчилгээг Б.С-д олгохдоо урьд “***” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон авто машины эзэмших эрхийн гэрчилгээг хурааж хүчингүйд тооцох ёстой байсан. Нэг автомашиныг хоёр тусгай гэрчилгээгээр хоёр этгээд эзэмшдэг байсан байна. Д.Х автомашины нэрийг шилжүүлээгүй байхдаа 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Г.Б-д 28000000 төгрөгөөр зарсан байна. Нэхэмжлэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сард уг авто машиныг Д.Х-аас худалдаж авч байхад цаг хугацааны хувьд анхаарах ёстой гэж бодож байна. Г.Б уг авто машиныг худалдаж авахаас өмнө энэхүү авто машины гэрчилгээ Б.С гэдэг хүний нэр дээр байсныг мэдэж байсан. Цаг хугацааны хамаарлын үүднээс авч үзэхэд Д.Х-ын зарсан авто машин хүчингүй гэрчилгээтэй байсан тул Д.Х, Г.Б нарын хооронд хийсэн хэлцэл хүчингүй гэж үзэж байна. Иргэн Б.С нь Ж-ийн зээлийн барьцаанд байгаа авто машин миний хууль ёсны эзэмшлийн авто машин та миний машиныг хөдөлгөж болохгүй. Зээлдэгч Ж зээлээ төлөхгүй бол энэхүү машинаар үүргийн гүйцэтгэлийг хангах учраас та энэ машиныг хөдөлгөх эрхгүй гэж Г.Б-д хэлээд Б.С машинаа аваад явсан. Ингээд иргэн Г.Б нь мөнгөгүй, машингүй болсон учир гомдол гаргасан. Хариуцагч Д.Х-аас 28000000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Д.Х анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би энэхүү автомашиныг 2017 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн ***  сумын харъяат, одоо Ч.Ж гэх хүнээс худалдан авч 2018 оны 5 дугаар сард Г.Б-д худалдсан. Г.Б-д өөрийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэхээс татгалзаж, Улаанбаатар хотын дугаартай байгаагаар нь ашиглана гээд бичиг баримтыг авч явсан. Г.Б нь энэхүү машинаар хоёр жил шахам тээвэр хийсэн.

Ийм учир миний буруугаас болж бичиг баримт шилжүүлэх асуудал саатаагүй. Машины бичиг баримтыг миний бие ямар ч газар зээлийн барьцаанд тавьсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Машины бичиг баримтыг Г.Ж нь С гэх хүнд барьцаалсныг нэхэмжлэгч өөрөө мэдсээр байж Д.Х надаас мөнгө нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв 2018 онд надаас машин худалдан авахдаа бичиг баримтыг зохих журмын дагуу Г.Б хүлээн авсан бол асуудал үүсэхгүй байсан. Иймд нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хүн нь Г.Ж гэж үзэж байна. Ингэж үзэж буй үндэслэл нь машин Г.Б-ийн эзэмшилд байгаа бөгөөд тэрээр хоёр жил шахам ямар ч саадгүй ажил үйлчилгээндээ ашиглаж байгаа тул миний эсрэг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар Г.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Х-д холбогдох “28000000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297555 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2020/00580 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан тул гомдол гаргаж байна.Үүнд:

Нэг: Шүүх нь шийдвэрийнхээ “тогтоох нь” хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн   243.1,   мөн   хуулийн   255   дугаар   зүйлийн   255.1-1зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, хэргийн нөхцөл байдалтай тохироогүй шийдвэр гаргалаа.

Тайлбар. Шүүх нь энэ хэргийг шийдвэрлэхдээ 2 иргэний хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “худалдах ба худалдан авах гэрээ” мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 “худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм. Гэрээ хэлцлийн харилцааг тодорхойлоход зайлшгүй хийгдэх дүгнэлт бол тухайн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох явдал юм. Шүүх нь маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ч энэхүү гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх талаарх эрх зүйн дүгнэлтийг буруу хийжээ. Гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй болно.

Хоёр: Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “2018 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Г.Б нь BEIBEN NO3250 S маркын автомашиныг 28000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хариуцагч Д.Х-тай байгуулжээ. Зохигчид дээрх гэрээний үүрэг үүссэн, талуудын хүсэл зоргийн илэрхийллийн талаар маргаангүй гэж эрх зүйн дүгнэлт гаргасан нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Тайлбар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн талаас бүрдүүлсэн баримт, бичгээр гаргаж өгсөн тайлбар, мөн анхан шатны шүүх хурал дээр гаргасан тайлбар мэдүүлэгт нэхэмжлэгч тал хэлцлийг хүчин төгөлдөр бус болох талаар тайлбар гаргаж, мэдүүлэг өгсөөр байхад хэлцэл хүчингүйг нотлох баримтууд хэрэгт байсаар байхад хэлцлийн талаар маргаангүй гэсэн ташаа дүгнэлт гаргасан.

Гурав: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “2018 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Г.Б нь BEIBEN NO3250 S маркын автомашиныг 28000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг   хариуцагч Д.Х-тай байгуулжээ. Зохигчид дээрх гэрээний үүрэг үүссэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж гэрээний зүйл нь хүчингүй баримт байхад ташаа дүгнэлт гаргажээ.

Тайлбар: Яагаад хариуцагчтай хийсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нэхэмжлэгч тайлбар ба мэдүүлэгтээ мэдүүлээд байна вэ? Яагаад

Хариуцагч Д.Х-аас Ч.Ж гэгч нь шатахуун авч байсан ба эдгээр хүмүүсийн хооронд шатахууны төлбөр үүсч улмаар Д.Х нь төлбөрийн барьцаанд Г.Ж-ийн “***” ХХК-ийн нэртэй энэхүү машиныг 2017 оны 10, 11 дүгээр сарын үед авч улмаар энэ машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхгүй байлгаж байгаад 2018 оны 05 дугаар сард Г.Бид зарж 28000000 төгрөгийг нь авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс “***” ХХК-нд энэ машины эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон байдаг. Худалдаж авсан автомашины төлбөрөөс нэг ч мөнгө өгөөгүй, тооцоо дуусгаагүй болохоор автомашин нэр дээр шилждэггүйг Г.Б өөрөө мэдэх тул эзэмшигч нь компани юм байна утсаар нь холбогдож компанийг олж очиж байгаад нэр дээрээ шилжүүлнэ гэж бодоод машиныг авсан байдаг. Г.Б нь хашаа байшингаа зарж дээрээс нь мөнгө нэмж арай ядан төлж дуусгаад Улаанбаатар явж 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхээр “***” ХХК дээр очиход уг компани нь Автотээврийн үндэсний төвд “Г.Б-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн утгатай №010/19 дугаартай албан бичиг өгсөн.

Автотээврийн үндэсний төвд уг бичгийг аваачиж өгөхөд “Энэ машин нь “*** С” гэгч иргэний нэр дээр байна. Одоо таны нэр дээр шилжүүлэх боломжгүй байна. “***” ХХК-ийн нэр дээр байгаа энэ гэрчилгээ чинь хүчингүй тул хураалаа. Энэ гэрчилгээ чинь хуурамч гэрчилгээ байна. Та хүнд хууртагдаж өөр эзэмшигчтэй, хуурамч гэрчилгээтэй машин авсан байна. Автомашин нь улсын бүртгэлийн нэг л гэрчилгээтэй байх ёстой. Та энэ машиныг Д.Х гэгчээс 2018 оны 05-р сарын эхээр худалдаж авсан юм бол таныг худалдаж авахаас бүр 2 сарын өмнө Б.С-ийн нэр дээр 2018 оны 03 дугаар сарын 16-нд шилжсэн байна. Та машин зарсан Д.Х-ыгаа шүүхдэж мөнгөө олж авсан чинь дээр байх гэсэн хариултыг өгснөөр Г.Б хотоос буцаж ирж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Б нь 2018 оны 05-р сарын эхээр уг автомашиныг Д.Х-аас худалдаж авсан байхад 2018 оны 03-р сарын 16-нд буюу Г.Б-ийг уг автомашиныг худалдаж авахаас бүр өмнө энэхүү автомашин нь ***-ы С гэгчийн нэр дээр шилжсэн байдаг нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар шүүхэд өгсөн “***” ХХК-ийн болон Б.С-ийн нэр бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбаруудаас харагдана. Цаг хугацааны хамаарал буюу дарааллын хувьд авч үзвэл, Хын зарсан автомашин нь хүчингүй гэрчилгээ бүхий автомашин байсан. Тийм ч учраас Автотээврийн Үндэсний төв нь тухайн автомашиныг өөр эзэмшигчтэй байна. Энэ гэрчилгээ чинь хүчингүй гэрчилгээ байна гээд нэхэмжлэгчээс гэрчилгээг хурааж авсан. Ийм л автомашиныг Д.Х нь Г.Б-д зарсан. Энэ ч утгаараа 2 иргэний хэлцлийн зүйл болох автомашины гэрчилгээ нь хүчингүй тул хэлцлийг хүчингүй гэж үзэж байна. Б.С гэгчээс Ч.Ж нь зээл авч барьцаанд уг автомашиныг, ковшийн хамт тавьсан байдаг. Б.С нь “Ч.Ж-ийн 50000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан автомашин бол миний барьцаанд байгаа миний хууль ёсны эзэмшлийн машин шүү. Зээлдэгч Ч.Ж зээлээ төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг наад машинаар чинь хангах тул та хөдөлгөх эрх байхгүй шүү” гэж Г.Б-д хэлж ярьж байгаад улмаар машинаа авсан байдаг.

Дөрөв: Д.Х Г.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчиж хийгдсэн хэлцэл байхад шүүх хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тайлбар: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл байх ба байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хэлцлийн зүйл нь хүчингүй гэрчилгээ бүхий автомашин тул энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд Г.Б мөнгөө буцаан нэхэмжилсэн нь хуулиар түүнд олгосон эрх юм.

Тав: Шүүх нь шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Нэхэмжлэгч Г.Б нь 2018 оны 05-р сард BEIBEN NO3250 S маркын автомашиныг хариуцагч Д.Х-аас өөр хүний нэр дээр бүртгэлтэйг мэдсээр байж худалдаж авсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Д.Х-аас 28000000 төгрөг гаргуулах шаардах эрхээ алдсан байна.” гэж нотлох баримт бүрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжилж судлаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн “эрхийн зөрчилтэй автомашиныг мэдсээр байж авсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэл гаргэх эрхээ алдана.” гэсэн тайлбарт хөтлөгдөн нэг талыг барьсан, хууль зөрчсөн шийдвэр гаргалаа.

Тайлбар: Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Б нь Д.Х-аас уг машиныг худалдан авах үед гэрчилгээ нь хүчингүй. Б.С гэгчийн нэр дээр эзэмших эрх нь байгаа гэдгийг огт мэдээгүй. Уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхээр Улаанбаатар явж, тухайн автомашины эзэмшигч болох “***” ХХК-иас нэр дээрээ шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг авч Автотээврийн үндэсний төв дээр 2019 оны 05-р сарын 09-ний өдөр очиж байж л Д.Х-аас авсан машины гэрчилгээ нь өөр эзэмшигчтэй хүчингүй гэрчилгээ гэж тухайн гэрчилгээг хурааж авснаар л Д.Х-ыг хүчингүй гэрчилгээ бүхий машин худалдсан байна гэдгийг мэдэж авсан байдаг. Г. Б нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 “улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх зарчим”-д буюу тухайн машины улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой гэдэгт итгэсэн учраас уг машиныг Д.Х-аас худалдаж авсан. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрчилгээгүй автомашин байсан бол Г.Б яасан ч худалдаж авахгүй. Ийм ч учраас нэхэмжлэгч Г.Б-ийг эрхийн доголдолтой машин гэдгийг мэдсээр байж авсан гэх үндэслэлгүй байна.

Зургаа: Шүүх нь эрхийн доголдолгүй хөрөнгийг эрхийн доголдолтой хөрөнгө гэж буруу ойлгож шийдвэр гаргасан.

Тайлбар: Худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлыг зохицуулсан Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.”Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.” гэж тодорхойлсноос харахад Д.Хаас Г.Бид худалдсан тухайн машины эзэмшигч “Гүн билэгт энх трейд” ХХК нь энэ машинаа Ч.Жд худалдсаныг Д.Х шатахууны өрөндөө авч, Г.Бид худалдсан байдаг. Ийнхүү гуравдагч этгээд болох “***” ХХК нь машинаа бусдад худалдаж мөнгийг нь авсан байсан учраас худалдагч Д.Хт гомдлын шаардлага гаргах ямар ч боломжгүй. Харин ч гуравдагч этгээд болох машины эзэмшигч “***” ХХК нь тухайн машиныг Г.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг 2019 оны 05-р сарын 09-ний өдөр Автотээврийн үндэсний төвд Г.Б-оор хүргүүлсэн байдаг нь хэрэгт бий.

Долоо: Шүүх анхнаасаа манай нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой ойлгомжтой байсан учраас хүлээж авч хэрэг үүсгэсэн гэж ойлгож байгаа. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан асууж байсан ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны зүйл, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлолгүйгээр талуудын хоорондох эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэнгүй.

Тайлбар: Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой бус ойлгомжгүй байвал анхнаасаа хүлээн авахаас татгалзах, нэгэнт шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг сайтар тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нэхэмжлэгчийн бичгээр өгсөн тайлбар, анхан шатны шүүх хурал дээр өгсөн тайлбар мэдүүлэг, өөр эзэмшигч буюу Б.С гэгчийн нэр бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Автотээврийн Үндэсний төвөөс хүчингүй гэж хурааж авсан “Гүн билэгт энх трейд” ХХК-ийн нэр бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд хангалттай байсаар байхад хэргийг хууль буруу хэрэглэн шийдвэрлэв.

Найм: Хариуцагч Д.Х нь хэзээ ч нэр дээрээ шилжүүлэх боломжгүй, хүчингүй болсон гэрчилгээ бүхий автомашиныг худалдсан, худалдагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа үйл баримтыг шүүх зөвтгөлөө.

Тайлбар: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл Д.Х нь хүчингүй гэрчилгээтэй машин худалдаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 нь гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний зүйлийг биетээр буюу мөнгөн хэлбэрээр буцааж нөгөө талд өгөх асуудлыг зохицуулсан байдаг бол Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж худалдагч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд худалдан авагч нь хөрөнгө мөнгөө гаргуулах эрхийг хуулиар олгосон байдаг ч шүүх нэг талыг барин шийдвэр гаргасан.

Ес: “Шүүх шударга” гэж итгэж хандсан нэхэмжлэгч Г.Б нь өвлийн сууц, газраа заран байж машины төлбөрт өгсөн болохоор өнөөдөр орох оронгүй, мөнгө ч үгүй. машин ч үгүй, автомашины гэрчилгээ ч үгүй болж хохирч, “хүчингүй гэрчилгээ бүхий” машин худалдсан хариуцагч Д.Х-ыг 28000000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэв.

Тайлбар: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.” гэжээ.

Иймд Д.Х-т өгсөн 28000000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө гэж үзэж түүнээс нэхэмжлэгч буцаан шаардаж нэхэмжилж байгаа нь хуульд нийцнэ. Иймд “Өөрөө яагаад хүчингүй гэрчилгээтэй машин авсан юм бэ? Хохь нь ээ гэсэнтэй агаар нэгэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 01-ний дрийн 145/ШШ2020/00580 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгч иргэн Г.Б-ийн эрх ашгийг илтэд хохироосон шийдвэр тул түүнийг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Г.Б хариуцагч Хтай BEIBEN NO3250 S маркын автомашиныг 28000000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь гэрээний үүрэг, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаангүй, хүчин төгөлдөр гэрээ юм. Х нь 2017 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн *** сумын харъяат одоо Улаанбаатар хотын *** дүүргийн ***-р хороо, *** ***-р гудамж, ***-р байр *** тоотод оршин суух Ч.Ж гэх хүнээс худалдан авч 2018 оны 05 дугаар сард Г.Б-д худалдсан. Г.Б нь уг машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхээс татгалзаж, Улаанбаатар хотын дугаартай байгаагаар нь ашиглана гээд бичиг баримтыг нь авч явсан бөгөөд энэхүү машинаар 2 жил шахам тээвэр хийсэн. Ийм учраас миний буруугаас болж бичиг баримт шилжүүлэх асуудал саатаагүй. Дээрх маргааныг шийдвэрлэж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 145/ШШ2020/00580 дугаартай хуульд үндэслэсэн, үнэн зөв шийдвэрийг гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанчлан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т анхан шатны шүүх хуралдаанд гэрээний зүйл болох BEIBEN NO3250 S маркын автомашины эзэмшигч нь Б.С гэх хүний эзэмшилд буюу эрхийн доголдолтой байсан гэсэн тайлбарыг гаргасан. Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сард BEIBEN NO3250 S маркын автомашиныг зээлийн барьцаанд байгааг мэдсээр байж худалдаж авсан байгаа нь нотлогдож байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” нь хэргийн үйл баримт, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байх бөгөөд хариуцагчийн зүгээс эд хөрөнгийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан зүйлгүй байхгүй.

2. Нэхэмжлэгч нэгэнт эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан учир хариуцагч Т.Хыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

3. Нэхэмжлэгч Г.Б болон хариуцагч Т.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь талуудын эрх, үүргийг тодорхойлсон  хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаангүй, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмуудыг зөрчсөн зүйлгүй байх тул давж заалдах гомдлын агуулга үндэслэлгүй байна.

4. Гэрээний зүйл болох BEIBEN NO3250 S маркын автомашин одоог хүртэл нэхэмжлэгч Г.Б-ийн эзэмшилд байгаа.

5. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүх анхнаасаа манай нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой ойлгомжтой байсан учраас хүлээж авч хэрэг үүсгэсэн гэж ойлгож байгаа. Талуудын хоорондох эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэргийг хууль буруу хэрэглэн шийдвэрлэв гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07  дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2020/00580 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.Б нь Д.Х-т холбогдуулан 28000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Х нь өмгөөлөгч П.Адьяасүрэнтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 24 дугаартай гэрээг /хх-ийн 29х/ 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, улмаар өмгөөлөгч П.Адьяасүрэн нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  Улаанбаатар хотын *** дүүргийн ***-р хороо ***-р гудамж, ***-р байрны *** тоотод оршин суух Ч.Ж-г гэрчээр асуулгах хүсэлтийг гарган, анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШЗ2019/01760 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахаар шийдвэрлэн, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 145/ШЗ2019/01818 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ч.Ж-г гэрчээр асуулгахаар захирамжилж шүүхийн даалгавар биелүүлүүлэхээр явуулсан боловч заасан  хаягт байхгүй гэсэн шалтгаанаар буцааж ирүүлсэн, уг гэрч асуулгах хүсэлтээс хариуцагч тал татгалзаагүй байхад Ч.Жэс гэрчээр мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэжээ.

Иргэн Ч.Ж-ээс гэрчээр мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн хийх ёстой ажиллагаа юм.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Г.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-ын гаргасан  давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор  шийдвэрлэв.

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2020/00580 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, *** овгийн ***-ийн Б-ийн нэхэмжлэлтэй, *** овгийн Д.Х-т холбогдох 28000000 төгрөг гаргуулах тухай хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид төлсөн 297950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын ******* тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.