Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/423

 

                                                              Ж.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Ч.Ц,

шүүгдэгч Ж.С-н өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.С-н өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор Ж.С-д холбогдох 2203 00706 0023 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Ж-н С, ............., ял шийтгэлгүй, /РД: ........../;  

Шүүгдэгч Ж.С нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Газарчин” дээд сургуулийн урд замд “Тоёота Акуа” загварын, ..... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч Ч.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.С-н өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.С-г 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Газарчин дээд сургуулийн урд замд “Тоёота акуа” загварын, ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн үзсэн байдаг. Гэвч уг осол 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 08 цаг 30 минут орчимд болж, тэр даруй жолооч Ж.С нь хохирогчийг уг газраас авч яван эмнэлэгт үзүүлж, хөлийн зургийг авхуулсан байдаг. Тухайн үед ямар нэг хугарал байхгүй байдаг бөгөөд үүнээс 4 хоногийн дараа 11 дүгээр сарын 9-ний өдөр ахин хөлийн зураг авхуулахад гарч ирсэн хугарал нь 11 дүгээр сарын 5-ны өдрийн Ж.С-н үйлдэлтэй ямар шалтгаант холбоо байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтууд хоорондоо ихээхэн зөрүүтэй атал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг шийдвэрлэсэн нь ихээхэн ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэр уг осол 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болсон байх бөгөөд үүнээс хойш 4 хоногийн хугацаанд хохирогч бусад хэлбэрээр гэмтэл авсан байх боломжтой атал энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн дээр дурдсанаар тухайн өглөө талууд шууд хэргийн газрыг орхин эмнэлэгт үзүүлээд хэдэн цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байдаг бөгөөд хэрэг учрал болсноос хойш тухайн газарт хэргийн газрын үзлэг, хэмжилт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүгдэгч Ж.С-г Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн атал эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, энэ талаар бүрэн ажиллагаа хийгдээгүй буюу уг осол гарах болсон шалтгааныг хуулийн дагуу тогтоогоогүй байна. Мөн шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял ногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт заасан  ял хөнгөрүүлэх заалтыг хэрэглэлгүй ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй атал шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан доод ялыг бус 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Намайг зам хөндлөн гарч явахад гэнэт ирээд мөргөсөн. Би унахдаа баруун хөлөө татсан, зүүн хөлөө татаж амжаагүй байтал дээгүүр нь гарсан. Миний гутлын өсгий хугарч өмсөх боломжгүй болж, хөл өвдөж, хөдөлгөж болохгүй байсан. ... Тэгээд Ж.С нөхрийгөө дуудаж, “Гялс төв”-д үзүүлж, тодосгогч бодисгүй зураг авхуулсан. “Гялс төв”-ийн эмч “нарийн, мэргэшсэн эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Бид 3 хамт явж “Гэмтэл согог судлалын Үндэсний төв”-д авахуулсан зургаа үзүүлэхэд “энэ зургаар нарийн гарч ирэхгүй, томограф зураг авхуулж, дүүргийнхээ эмнэлэгт үзүүл” гээд тэр даруй хөлийг маань гипсдсэн. 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлж, хариугаа шүүх эмнэлэгт өгөөд 9-ний өдөр хариу нь гарсан. Гэтэл намайг 4 хоногийн дараа эмнэлэгт үзүүллээ гэж маргаж байгаад гомдолтой байна. ... 228.000 төгрөгийг надаас уучлалт гуйхдаа өгсөн гэж би ойлгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж бодож байна. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй. Шүүгдэгч Ж.С нь хохирогчид анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор эмнэлэг рүү явсан. Үзлэг хийсэн ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлт зөрүүгүй гарсан. Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн нарийн мэргэшсэн эмчид үзүүлэхэд тэр даруй хөлийг нь гипсдсэн байдаг. Мөн хөл хугарсан нөхцөл байдлыг хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн нөхөр бүгд мэддэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ж.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.С нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Газарчин” дээд сургуулийн урд замд “Тоёота Акуа” загварын, ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч Ч.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Ц-н “... Би Газарчин сургуулийн урд замд зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. Ингээд зам баруун тийш зам гарах гэж байтал хойноос нэг машин орж ирж миний баруун талаар мөргөөд би газар шидэгдэж унасан. Ослын дараа босох гэтэл миний зүүн хөл өвдөөд би босож чадахгүй байсан. ...” /хх 13-14/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.П-н “... Би “Тоёота акуа” загварын ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд өөрийн нэр дээр худалдан авч байсан. Манай гэр бүлийн дундын өмч юм. Осол болсон өдөр манай эхнэр над руу залгаад хэлсэн. Би ослын газар ирээд машинаа жолоодоод явган зорчигчийг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. ...” /хх 18/,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантуяагийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц-д эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 228.140 төгрөгийн зардал гарсан ... зардлыг яллагдагч Ж.С-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ч.Ц-н биед зүүн шагай ясны сэртэнгийн хугарал, зүүн гуянд цус хуралт, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаанаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 15191 дугаартай дүгнэлт /хх 36-37/,

Дүрслэл оношлогооны хариу “... Ч.Ц, 2022 оны 11 дүгээр сарын 5-ны зүүн шагайн рентген /Сиди 1ш, зураг 2ш/, зүүн шагайн үе, тавхайн КТГ /сиди 1ш/, Шагайн үе орчмын зөөлөн эд бага зэргийн хавантай. Зүүн шагай ясны урд сэртэн сэлтэрсэн хугаралтай. ...” /хх 38/,

Мөрдөгчийн “... “Тоёота акуа” загварын ...... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ж.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Ч.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1607 дугаартай магадлагаа /65-66/,

зам тээврийн осол, хэсгийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг /хх 4-9/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Ж.С-н өмгөөлөгч Б.Билгүүнээс “... хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн нь хуульд нийцэхгүй, хохирогчийн хөл тухай үед ямар нэг хугарал байхгүй, ослоос 4 хоногийн дараа ахин хөлийн зураг авхуулахад гарч ирсэн хугарал нь 11 дүгээр сарын 5-ны өдрийн Ж.С-н үйлдэлтэй ямар шалтгаант холбоо байгаа нь ойлгомжгүй, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ж.С нь тээврийн хэрэгсэл жолоодон яваад явган зорчигч Ч.Ц-г мөргөсний улмаас түүний биед зүүн шагай ясны сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёр нь шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт болох хохирогч Ч.Ц-н “... Ослын дараа босох гэтэл миний зүүн хөл өвдөөд би босож чадахгүй байсан. ...” /хх 13-14/ гэсэн мэдүүлэг нь Дүрслэл оношлогооны “... Ч.Ц, ... Зүүн шагай ясны урд сэртэн сэлтэрсэн хугаралтай. ...” /хх 38/ гэсэн хариу, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ч.Ц-н биед зүүн шагай ясны сэртэнгийн хугарал, ... гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  ...” гэх 15191 дугаартай дүгнэлт /хх 36-37/ зэргээр давхар нотлогдож байхаас гадна хохирогчийг ослын дараа дахин өөр байдлаар гэмтсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Хохирогч нь онош тодруулах зорилгоор улс, дүүргийн болон хувийн эмнэлгүүдээр удаа дараа шинжилгээ /дүрс, КТГ, Дүрслэл оношлогооны хариу/ хийлгэсэн бөгөөд дээрх шинжилгээнүүдийг үндэслэн гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд зам тээврийн ослын үед хийгдсэн хэргийн газрын үзлэгийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Ж.С-н үйлдлийн улмаас хохирогч Ч.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 228.140 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба уг зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.

Гэтэл шүүгдэгч Ж.С нь даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой атал хохирогч Ч.Ц-н дансанд шилжүүлсэн байх тул дээрх 228.140 төгрөгийг хохирогчоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Ч.Ц-с 228.140 /хоёр зуун хорин найман мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд тушаахыг даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.С-н өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР