Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2020/00022

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Эрдэнэбилэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07  дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00637 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 14409311 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч,  хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17/725 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19/1340 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2000000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлүүдийг Тоуоtа harrier *** улсын дугаартай суудлын авто машин барьцаалж зээл авсан. Гэтэл Б.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан хэдий ч 17/725, 19/1340 тоот гэрээгээр авсан 8000000 төгрөгийн үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй одоог хүрч байна. Иймд хариуцагч Б.Д-ээс 17/725, 19/1340 тоот зээлийн гэрээ байгуулж авсан зээлийн үндсэн төлбөр болох 8000000 төгрөг, төлөөгүй сарын хүү 5702263.15 төгрөг, алданги буюу торгуулийн хүү 680547.94 төгрөг, нотариатын зардал 26500 төгрөг нийт 14409311 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б 8000000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Өвөрхангай аймгийн *** суманд баригдаж байгаа 18 айлын орон сууцыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгаад борлуулалтын орлогоос төлж дуусгана. Хүүг цаг тухайд нь төлж байсан учир алданги төлөхгүй ...гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Б.Д-ээс 13728763 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх
хэсэг 680547.94 төрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 226594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229997 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Зээлдүүлэгч тал нь зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн.

 Иймд зээлдэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү бодсон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан үндэслэлээр зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн үр дагаврыг зээлдэгч хариуцахгүй. Хариуцагч тал зээлийн гэрээний хугацаанд төлөх байсан хүү 2.430.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хүү болох 3.272.263 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 637 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 14409311 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

“*******” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан бөгөөд “*******” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б.Д-тэй 6000000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар сарын 4.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай,  2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2000000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар сарын 4.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн  болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Б.Д нарын байгуулсан  2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17/725 тоот дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19/1340 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгч “*******” ХХК-иас хариуцагч Б.Д-ийн эзэмшлийн  Хаан банкны *** тоот данс руу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 6000000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн дансны хуулбар  зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн,

нэхэмжлэгч “*******” ХХК нь  зээлийн гэрээний дагуу 6000000 төгрөгийг хариуцагч Б.Д-д шилжүүлж, хариуцагч нь гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 13728763 төгрөгийг хариуцагч Б.Д-ээс шаардах эрхтэй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нотариатын зардал хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнэн хариуцагч Б.Д-ээс үндсэн зээл 8000000 төгрөг, хүү 5702263.15 төгрөг, нотариатын зардал 26500 төгрөг нийт 13728763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс анз 680547.94 төгрөгийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагч  Б.Д-ийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгч *******гийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ээс гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.         

 Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч *******гийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.