| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 101/2024/05709/И |
| Дугаар | 104/шш2024/00652 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00652
2024 11 29 104/ШШ2024/00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгийн өмгөөлөгч П.Аюушжав, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2022 оны 09 сард Б.ын дансанд түүхий эд худалдан авахаар 180,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс түүхий эд болон буцаж ирсэн мөнгө 153,000,000 төгрөг болсон. Би итгэлийн үндсэн дээр мөнгө урьдчилж хийгээд бараа авдаг байсан. 27,000,000 төгрөг үлдсэн өгнө гэж бүтэн жил тойруулаад өгөөгүй. 27,000,000 төгрөгийг Б.аас нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2022 оны 09 дүгээр сарын 07-нд уулзаад хамгийн анх 14,000,000 төгрөг над руу шилжүүлсэн. 180,000,000 төгрөгийн ч биш 384,000,000 төгрөгийн асуудал байсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр самрын тусгай зөвшөөрөл тавигдсан өдөр. 47 тн самрыг үйлдвэр дээр хүлээлгэн өгч байсан. Нэхэмжлэгч баярлалаа гээд миний машин луу 500 кг самар шилжүүлж байсан. Масар хадгалах складны төлбөрийг би төлж байсан. Би өртэй гэж бодоод 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг ******* ахад шилжүүлж байсан. Бид хоёрт төлбөр тооцоо нийлсэн асуудал байхгүй. Би дансны хуулгаа шүүе гэхээр завгүй гээд шүүдэггүй. Би мөнгө нэхэж байх үед өвдсөн байсан тул мөнгө нэхээд байхаар нь за гэж зөвшөөрч байсан. Данс тооцоо нийлээгүй байж хүнээс мөнгө нэхэж болдог юм уу. Би бүх данс тооцоогоо нэгтгээд, бидний дунд өр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс Ц.*******ын деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, цахимаар харилцсан зурвасын хуулбар, Ц.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,
4.Хариуцагчаас Б.ын ХААН банкны дансны хуулга, бичвэрийг гар утсаар авсан хуулбар, Б.ын эрүүл мэндтэй холбоотой баримтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Б.д холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ … Б.тай 180,000,000 төгрөгөөс ч илүү их хэмжээний мөнгөн гүйлгээнүүд байгаа. Итгэлцлийн үндсэн дээр мөнгөө урьдчилж дансанд нь хийгээд бараагаа авдаг байсан. Б. 27,000,000 төгрөгийг өгнө гээд л яваад байсан. Зурвас бичихээр өгнөө гэдэг. Мөнгөө шилжүүлээд самар авдаг байсан. Итгэлцэл дээр явагддаг учир баримт, тооцоо нийлсэн акт байхгүй. Зурвасаар хүлээн зөвшөөрсөн 27,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбар гаргасан.
8.Хариуцагч Б. … 2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл самар надад байсан , 9 дүгээр сарын 20-ны орой нэхэмжлэгч өөрийн машиныг явуулаад самрыг авсан. Надад 180,000,000 төгрөг биш 384,000,000 төгрөг шилжүүлээд самрыг үнэн бодитоор шилжүүлсэн. Өр төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
9.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүхий эд худалдан авахаар мөнгөө шилжүүлсэн гэж, хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа үхрийн мах, түүхий эд их хэмжээгээр нийлүүлж байсан гэжээ. /хх 1, 34 тал/
Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ц.******* нь Б.аас хуш модны самар худалдан авахаар 180,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч тухайн самрыг өөрийн мөнгөөр болон Ц.*******ын шилжүүлсэн мөнгөөр бусдаас худалдан авч Ц.*******од нийлүүлж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.
10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуш модны самар худалдан авахаар урьдчилж өгсөн мөнгөнөөс самар дутуу нийлүүлсэн тул 27,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байх ба талуудын хооронд тохиролцсон хэлцэл нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
11.Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь хуулиар хориглоогүй зүйл байх ёстой бөгөөд хуш модны самар их хэмжээгээр худалдан авахаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр хуш модны самар худалдсан, худалдан авсан зөрчлийн болон эрүүгийн хэрэг болно.
12.Хуш модны самрыг ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг .
13.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээг тогтоож шийдвэр гаргадаг байх ба хуш модны самар худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөл тухайн үед зохигчид байсан эсэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй.
14.Иргэний хуулийн 6 дугаар зүйлд хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна, 8 дугаар зүйлд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно. Гэрээний зүйл нь агуулгын хувьд хуулиар хориглосон буюу хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.
15.Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хуш модны самар нь 2022 онд их хэмжээгээр худалдах, худалдан авах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх, талууд хуш модны түүхий самрыг худалдах, худалдан авах зөвшөөрөлтэй эсэхээ хэрэгт баримтаар нотлоогүй тул хуулиар хориглосон, хууль бус зүйлийг худалдах, худалдан авах, хууль бус зүйлийн үр дагаврыг шүүхэд хандаж шаардах эрх үүсэхгүй.
16.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА