Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2020/00023

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2020/00589 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б, Б.Б нарт холбогдох “Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэг 28485000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие 2012 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг Спорт хорооны харалдаа хойд хэсэгт 30 айлын орон сууцны барилга барихаар ажил эхлүүлэх гэж байхад 4 дүгээр 10 жилийн сургуульд сантехникчээр ажиллаж байсан *** овогтой *** нь би тусгай зөвшөөрөлтэй барилгын компанитай гүйцэтгэгчээр нь ажиллая гэсэн саналыг нь хүлээн авч ажиллуулахаар тохиролцоод ажлын хөлсний урьдчилгаа болгон Х.Б-д 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3000000 төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 2000000 төгрөг, нийт 5000000 төгрөгийг миний хүү М Улаанбаатар хотод бэлнээр нь өгсөн. 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Б.Б нь ХААН банкны *** тоот дансаараа 8080000 төгрөг, Б нь бэлнээр 1420000 төгрөг авч Улаанбаатар хот руу яваад ***-ийн Л гэдэг хүний Хаан банкны *** тоот дансаар 4 удаа нийт 13930000 төгрөгийг шилжүүлэн авсан. 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ***-ийн Д гэх хүний *** тоот дансаар 11000000 төгрөгийг авсан, барилгын инженер Г, Т нарт 410000 төгрөг, барилгын техникч Ж.Э-д 2565000 төгрөг, Бид 1800000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б тээврийн зардал гэж 2000000 төгрөг, 7 дугаар сарын 10-нд 100000 төгрөг бэлнээр авсан. *** буудалд 540000 төгөргийг хоол болон ор хоногийн тооцоо тус тус авч нийт 46845000 төгрөгийг залилан авсан нь тогтоогдож 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 201201011456 тоот хэрэг үүсгэн шалгуулж байхдаа оргон зайлж олдохгүй болсныг нь олох гэж олон удаа Баянхонгороор Улаанбаатар явж зардал чирэгдэл гаргаж байж хамтран залилагч Б гэгчийг нь өөрийн биеэр олж өгч Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч д аваачин өгснөөр хэрэг дахин сэргэж байцаалт явуулсан юм. Энэ үед Бын эхнэр Бо нь гадаадад суралцахаар явах гэж байсан. Надаас энэ мөнгийг залилах болсон шалтгаан нь гэр бүлээрээ гадаад гарах үндэс болсон гэж үзэж байна. Эдгээр хүмүүс нь сураггүй алга болж байгаад 2016 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор амьдарч байна. Х.Б нь надад барилгын материалаар 5860000 төгрөг, Д.Ө-ээр дамжуулан 11000000 төгрөг, Б-оос 1500000 төгрөг өгсөн нь нийт 18360000 төгрөг болж байна. Одоогийн байдлаар 28485000 төгрөгийн тооцоо дутуу байна. Иймд миний бодит хохирол болох 28485000 төгрөг гэрээнд заасан алдангийг тооцож иргэн Х.Б, Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.С анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Бо-ийн бичсэн тайлбартай танилцлаа. Б.Б нь тайлбартаа “Б-ын хэрэгт өөрийгөө холбогдолгүй гэж бичээд байгаа нь ямар нэгэн байдлаар энэ хэргээс зугтах гэсэн нь тодорхой байна. Б.Б нь өөрийнхөө бичсэн тайлбарт 8 сая төгрөгийг 808000 төгрөг гэж бичсэн нь ямар учиртай юм бэ, өөрийнх нь хувийн дансаар орсон 8080000 төгрөгийг хэзээ өгч яаж зарцуулсан баримт байхгүй. Б-ай ямарч хамааралгүй юм шиг бичиж байгаа ч хэдэн оноос хэдэн он хүртэл гадаадад цуг амьдарсан, хэдэн онд Баянхонгорт ирсэн, одоо амьдарч байгаа газартаа 2 давхар байшин барьж амьдарч байгаагаа бичээгүй, Бын урьд нь үүссэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон гэдгийг мэдэж байгаа зэрэг нь энэ хоёр хүн хамт амьдарч байгаа нь тодорхой байна. Би энэ хүний нэр хүндэд халдах нь битгий хэл энэ хүнийг хүндэтгэн үздэг. Энэ хүнийг хүндэтгэсэн шалтгаан нь миний жолооны шавь, энэ хэргийг үүсэж байх тэр үед УБ хотын Москва хороололд Б-тай нэг дор амьдарч байсан. Гадаадад гарна гэдгийг нь мэдэж байсан боловч энэ хэргийн талаар хэрэгт ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, нинжин сэтгэл гаргасан. Харин энэ хүн намайг сэтгэл санаа эд материал, мөнгө төгрөгийн хохиролд орсныг мэдсээр байж гэр бүлийнхээ хүнд хэлж хохирлыг нь яаж барагдуулах талаар ярьж хэлэхийн оронд өөрийгөө хамгаалан хэргээс зайлах гэж оролдож байгаад эх хүний хувьд маш их харамсаж байна. Би гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Уранчимэгийг авсан байсан юм. Одоо өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд орох хүсэлтэй байна. Мөн Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгөхийг хүсье. Миний бие нэхэмжлэлийн нийт шаардлагаас Х.Б-ын хүлээн зөвшөөрсөн 16 сая төгрөгийг өөрөөр нь, 8080000 төгрөгийг Б.Б-аас гаргуулж, өөр хүмүүс болох Э-ээ болон бусад хүмүүсийн дансаар өгсөн мөнгө, ***  буудлын тооцоо зэргийг тухайн хүмүүсээс нь нэхэмжлэх хүсэлтэй байгаа тул 4475000 төгрөгөөс татгалзаж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг би хэтрүүлээгүй гэж бодож байна. Учир нь би энэ асуудлыг анх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй буюу Д.Б нь намайг залилан мэхэлсэн гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ хэргийг иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүхэд ханд гэсэн тул би харъяа шүүхдээ хандсан гэв.

Хариуцагч Х.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх хэрэгтэй холбогдуулан 2012 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд миний гаргаж өгсөн баримтаар нотлогдох мөнгөн дүнг хасаж нэхэмжлэгчид 18 сая 360 мянган төгрөгийг нөхөн төлөх ёстой гэснийг төлсөн билээ. Нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэлд дурдагдсан Б.Б нь миний тусдаа амьдардаг эхнэр бөгөөд бид сүүлийн арван жил тусдаа амьдарч байна. Тэрээр гадаадад суралцахдаа суралцуулах улсынхаа зуун хувь тэтгэлгээр суралцсан болно. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байхдаа нэхэмжлэлд дурдагдсан Б.Б, Б.Л, Ц.Д нар нь харилцах дансаа хэрэглүүлснээс бусдаар хэрэгт хамааралгүй болохыг нотолсон билээ гэжээ.

Хариуцагч Б.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С гуайтай хамтран ажиллах ямарч гэрээ контракт хийж гарын үсэг зурж байгаагүй. С гуайгаас нэг ч төгрөг авч байгаагүй. Ийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй. С гуай энэ нэхэмжлэлдээ түүнээс залилж авсан мөнгөөрөө гэр бүлээрээ гадаадад оргон зайлсан сураггүй алга болсон мэтээр бичсэн нь миний нэр хүндийг гутаан доромжилсон явдал гэж ойлгож байна. Миний бие 2011 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө өгч тус оны 7 сард тэнцсэн гэсэн хариу авсан бөгөөд уг хөтөлбөр нь гэр бүлээр нь явуулдаг хөтөлбөр юм. Тэр үед нь IELTS-ийн 6 оноотой байсан билээ. Миний тэтгэлэгт хамрагдах хугацаа 2013-2015 он байсан. 2013 он хүртэл хугацаанд би оноогоо ахиулж 6.5 болгоод суралцах шаардлагатай байсан. Б нь 2011 оны 11 сард ажлаасаа гараад Улаанбаатар хотод ажил хийнэ гэж явсан. Энэ байдал нь надад таалагдаагүй учраас би салах бодолтой байсан ч 2012 оны 3 сарын үед гэнэт Улаанбаатараас хүрээд ирсэн, яах гэж яваа юм бэ гэхэд энд ажил гараад гэж хэлсэн. Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс энэ үед намайг сургалтандаа суу гэж дуудсан. Энэ нь 6 сарын сургалт байсан. Ингээд би хотруу явсан. 4 сарын эхэнд манай дүү нэг өдөр надруу утасдаад Б гэртээ бөөн хүн байлгаад байна юу хийгээд байгаа юм бэ гэж асуусан, ингээд би Б-тай ярьтал барилгын суурь ухаж байгаа юм гэсэн. Би гэрээсээ явахыг шаардсан. Ингээд удахгүй 4 сарын сүүлээр Б би хотруу явж байгаа, дансруу чинь мөнгө хийлгэх гэсэн юм дансаа өгөөч гэхэд нь би яах гэж байгаа юм гэсэн. С эгчид байрны материал ачуулах гэж байгаа юм гэсэн. Ингээд би дансаа өгч дансруу 8 сая гаруй төгрөг орсон байсан, маргааш нь намайг бүтэн сайн өдөр хорооллын хаан банк ажилладаг юм, нөгөө мөнгөө аваад өгөөч гэсэн. Ингээд би мөнгийг нь авч өгсөн. Тэр тэгээд салаад явсан. Тэр үед Б хотод, би дүүгийндээ амьдарч байсан. Би шалгалт 6 сарын сүүлээр өгөх ёстой байсан учраас хичээл хийгээд завгүй байсан. Бтай уулзах ч завгүй байсан. Ингээд би 6 сарын сүүлээр шалгалтандаа очих гээд 14 хоног амар гэхээр нь Баянхонгор явж охинтойгоо ***-т очиж хэд хоног амраад хотруу иргээд сургалтандаа явсан. Тэр үед Австралийн засгийн газрын 450.000 төгрөг сар бүр өгч байсан. Ингээд хотруу ирээд байж байтал 7 сарын сүүлээр байх Бын ангийн охин Д надруу залгасан. Би 32 дээр байна, ирээд уулзаач гэсэн. Би маш их гайхсан. Яваад очтол С гуай хүүтэйгээ тэр 3 байж байсан. Тэгээд Б мөнгө авчихаад уулзах гэхээр зугатаагаад байна гэсэн. Энэ үед Бд миний уур маш их хүрсэн. Ингээд Б охиноо ирж авна гэсэн . Тэгэхээр нь та нар барьж аваад уулз гэж хэлсэн. Б-руу утасдаад охиноо ав гэсэн. Тэр үед С гуай болон хүү нь, бас цагдаагийн нэг хүн Б-ыг барьж аван Баянзүрх дүүргийн цагдаа дээр очсон. Ингээд Б цагдаад дээр байцаагдаж байгаа гээд л байдаг байсан. Би “чи ажил олж хийж мөнгийг нь төл гэдэг шаардлагыг тавьж байсан” ингээд миний сургалт дуусч 10 сард Баянхонгор яваад 2013 оны 1 сард Австрали явах болсон. Австрали явахад намайг Нисэх дээр гаргаж өгсөн. Тэгэхдээ хөтөлбөрөөс бэлдсэн онгоцны тийз өгч , амьдрах мөнгө сургалтын төлбөрийг төлөх байсан болохоор би ямарч мөнгө Б-аас аваагүй. Б мөнгө ч үгүй байсан. Австралид байхдаа би охиноо дүүгийнхээ охиноор авчируулсан. Б нэг хэсэг сураг тасарсан байснаа 2013 оны 10 сарын үед 15 сая төгрөг өгөөч гэсэн. Би чадахгүй гэсэн. Дараа нь хэд хоногийн дараа 10 сая төгрөг өгчих гээд , хэрэг хаагдах гээд байна гэсэн, би дургүйцсэний эцэст зөвшөөрч Сидней хотод байдаг Б гэдэг эмэгтэйтэй ярьж 10 сая төгрөг явуулсан. Ингээд Б би Австралид та хоёр дээр очмоор байна гэсэн. Би хэрэг чинь бүрэн хаагдсан уу, гадаадруу гарах зөвшөөрөл байгаа юм уу гэхэд “бүх юм зүгээрээ гэж хэлсэн” ингээд би Бын эрүүл мэндийн даатгалыг төлж сургуулиас бичиг аваад виз нь ирсэн. Англи хэл сайн мэдэхгүй болохоор ажил хийх боломж хомс, хүүхдээ харж миний стифентээр амьдарч байсан. Ингээд Австралиас ирсний дараа С гуайтай таартал Б хаана байна мөнгөө авмаар байна гэсэн. Би Б-д хэлтэл хэрэг хаагдсан гэж хэлсэн. Ингээд саяхан намайг шүүхээс дуудсан. Нэхэмжлэлээ ирж ав гэхэд би үнэхээр гайхаж цочирдсон. Тэр тусмаа намайг холбогдогчоор татсан байхыг уншаад үнэхээр цочирдлоо. Би энэ хэрэгт холбогдолгүй С гуай өөрөөч сайн мэдэж байгаа. Би дээр дурдсанчлан С гуайтай гэрээ контракт хийгээгүй. С гуайгаас нэг төгрөг ч аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15930000 төгрөгийг хариуцагч Х.Б-аас, 8.080.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4475000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300375 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 278000 гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 131/Ш32017/01713 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: Миний бие  Д.С нэхэмжлэлтэй иргэний хэргийн гэрээний үүргийн маргаанаар хэлэлцэгдсэн шүүх хурлаас гаргасан надад хамаарах шийдвэрт дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 26.3-т хариуцагч гэдэг нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндсэн дээр шүүхэд дуудагдсан этгээдийг хэлнэ гэж заажээ. Гэтэл би нэхэмжлэгчийн хуулиар хамгаалсан ямар ч ашиг сонирхолд хохирол учруулаагүй хүлээсэн үүрэг байхгүй, гэрээнд оролцоогүй, гэрээ хийгдсэн эсэхийг ч мэдэхгүй байтал, гэрээний үүргийн маргаанд хамтран хариуцагчаар тооцогдож миний дансаар дамжин Бд очсон мөнгийг төлүүлэхээр шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндслэлтэй байна. Надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 8080000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээс надад хамааралтай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б, Б.Б нарт холбогдуулан “Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний үүрэг 28485000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

   Нэхэмжлэгч Д.С хариуцагч Х.Б-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, бараа материалын үнэ 46845000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 18360000 төгрөгийг буцаан авсан, одоо үлдэгдэл 28485000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Б “...2012 онд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон...хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд миний гаргаж өгсөн баримтаар нотлогдох мөнгөн дүнг хасаж нэхэмжлэгчид 18 сая 360 мянган төгрөгийг нөхөн төлөх ёстой гэснийг төлсөн Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...”, хариуцагч Б.Б “...Энэ нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С гуайтай хамтран ажиллах ямарч гэрээ контракт хийж гарын үсэг зурж байгаагүй...” гэжээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр 201201011456 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон материалаас нотлох баримтуудыг гаргуулан авчээ. Иргэний болон эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой, хоёр өөр хуулиар зохицуулагддаг тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт иргэний хэрэгт шууд нотлох баримт болохгүй. Эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас үнэлсэний эцэст шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох бөгөөд нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Эрүүгийн хэргийг шалгах явцад Х.Б-аас 11000000 төгрөгийг Д.Сд хүлээлгэж өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд үүнийг нийт авсан 46845000 төгрөгнөөс, эсвэл үлдэгдэл 28485000 төгрөгнөөс хасаж тооцох эсэх талаар үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, нэхэмжлэгч Д.С нь 2012 оны 4 сарын 21-ний өдөр Б.Б-ийн ХААН банкны *** тоот данс руу хоёр удаагийн үйлдлээр нийт 8080000 шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотдлогджээ.

 Шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж 15930000 төгрөгийг хариуцагч Х.Баас, 8.080.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.С “...Б-ыг чи яагаад өөрийнхөө дансаар мөнгөө авдаггүй юм бэ гэхээр би цалингийн зээлтэй гээд эхнэрийн дансаар хийчих...” гэсэн тайлбар, хариуцагч Б.Б “...миний дансаар орж ирсэн мөнгийг би Б өгсөн...” гэж тайлбараас үзвэл Д.С, Б.Б нарын хооронд ямар нэгэн гэрээний үүрэг үүсээгүй боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхад шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг  8.080.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

  Хариуцагчийн гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдолыг хангахгүй орхисон тул хариуцагч Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144230 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

   1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2020/00589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын заалтын “1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15930000 төгрөгийг хариуцагч Х.Б-аас, 8.080.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4475000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 15930000 төгрөгийг хариуцагч Х.Б-аас, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 8.080.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4475000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Хариуцагч  Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144230 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.