Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/457

 

                                                          Н.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Д.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Л-н өмгөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Л-д холбогдох 2208 00000 1644 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны  04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Н-н Л, ...........,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1008 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, /РД: ......../;  

Шүүгдэгч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ..... тоотод хохирогч Н.Б-г өөрийн гэрт байсан гар хийцийн сүхээр толгойн тус газарт нь цохиж, түүний биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2.014.300 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Л-н өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүгдэгч Н.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйчлэл дээр маргадаггүй болно. Хохирогч Н.Б нь шүүгдэгчээс нийт 2.014.300 төгрөгийг нэхэмжилсэн ба ар гэрийн зүгээс хохирлыг нөхөн төлсөн болно. Шүүгдэгчийн нүдний хараа муудаж, эрүүл мэндийн хувьд хэвийн бус нөхцөлтэй байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлын нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх шинж байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Л-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ...... тоотод хохирогч Н.Б-г өөрийн гэрт байсан гар хийцийн сүхээр толгойн тус газарт нь цохиж, түүний биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н “... 2022 оны 9 дүгээр сарын 5-ны орой Л-н гэрт баруун талын орон дээр унтах гээд тонгойгоод сууж байхад Л нь гэртээ байсан мод хагалдаг сүхээр миний толгойн баруун хойд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би тухайн үед ухаан алдаж унаад тэр чигээрээ унтаад өглөө сэрсэн. ...”   /хх 14/,  

гэрч Х.М-н “... Миний санаж байгаагаар 20 цагийн үед Л-н гэрт очиж дахин архи уусан. Би хоол хийхээр зогсож байтал түг гээд чимээ гарахаар нь эргээд хартал Н.Л гартаа сүх барьчихсан, Б газар ухаан алдаад уначихсан. ...” /хх 34-35/,

гэрч Н.Э-н “... Би архи хундагалаад доош хараад сууж байтал түг гээд чимээ гарахаар нь гайхаад хартал Л гартаа сүх барьчихсан Б-н толгойн хэсгээс цус гараад газар ухаан алдаад уначихсан. ...” /хх 37-38/,

гэрч Н.О-н “... 2022 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би гэрээсээ бие засахаар гартал Н.Л-н гэрт чимээ шуугиан гараад байхаар нь яваад ортол орны хөлд нэг эрэгтэй суучихсан толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан. Энэ үед манай дүү Л орон дээрээ хэвтчихсэн нэг залуу энгэрээс нь зуурчихсан, бас нэг залуу зуухны хажууд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад зуухны хажууд зогсож байсан залуу хэлэхдээ “танай дүү Л сүхээр энэ залуугийн толгой руу цохичихлоо” гэж хэлсэн. Би толгойноос нь цус гарч байсан залууд хандаж 103 дуудах уу гэж асуухад “үгүй ээ, зүгээр” гэж хэлэхээр нь хоорондоо битгий маргалдаж муудалцаад бай гэж хэлээд гарсан. ...” /хх 28-29/,

шинжээч Ц.Бадралын “... Н.Б-н толгойн зулайн баруун хэсэгт сүхээр 1 удаа цохиулсан тохиолдолд баруун зулайн ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал нь үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нүүрний нүүрний хэсэгтээ 1 удаа тоосгоор цохиулснаас дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал хамар ясны хугарал тархины зүүн духны дэлбэнгийн цусан хураа, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Б-н биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12752 дугаартай дүгнэлт /хх 43-46/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, хохирогч Н.Б-н өвчний түүхийн хуулбар /хх 80-93/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Л-г  зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Л-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээний дотор буюу 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хохирогч Н.Б нь дахин Э гэгчид толгойн хэсэгтээ тоосгоор цохиулж, хүнд гэмтэл авсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд Э гэгчийн үйлдлийг шалгаж тогтоон өөр шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн талаар прокурор давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Цаашид прокурор нь нэг хохирогч, холбогдогчтой, цаг хугацааны хувьд ойрхон үйлдэгдсэн гэмт хэргүүдийг тус тусдаа шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтаа хэрэг тус бүрт хавсаргаж байвал зохино.

Үүнээс гадна, прокурорын яллах дүгнэлтэд болон мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Л-н нэрийг Н.Лхагвасүрэн гэж ташаа бичсэнийг дурдаж байна.

Шүүгдэгч Н.Л-н өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Хэдийгээр шүүгдэгч Н.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх боловч уг баримт хэрэгт авагдаагүй байх ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд гавал тархины гэмтэл буюу хүнд хохирол учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх хохирлын асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх ёстой атал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтдаа хуулийн зүйл, хэсгийг буруу бичиж, хууль зүйн хувьд техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Л нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Л-н өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хойш 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР  

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР