Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 125/ШШ2024/0037

 

 

 

 

 

 

2024       09         05                                           125/ШШ2024/0037

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороо нарын хооронд үүссэн тендерийн үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн тендерийг шалгарсанд тооцож гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******, хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. А/ Нэхэмжлэгчээс анх Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/ ажлын тендер”-т “*******” ХХК-нийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,

Б/ Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/ ажлын тендер”-т “*******” ХХК-нийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, өөрчилсөн.

А/ Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаар манай компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах,

Б/ Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 509 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах,

В/ Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилга" (Ховд, Цэцэг сум) ажлын тендерт нэхэмжлэгч "*******" ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар тус тус даалгах гэжээ.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх   ЭМЯ/20240101018 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/ ажлын тендер”-т оролцсон.

2.2. Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хуралдан ижил төстэй ажлын туршлага буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж “*******” ХХК-нийн ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг тус яамны 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/5403 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлэхийг мэдэгдсэн.

2.4. Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдан, ижил төстэй ажлын туршлага буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж “*******” ХХК-нийн ирүүлсэн тендерээс татгалзан, дахин тендер зарлахаар шийдвэрлэж, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 509 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

2.5. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6276 дугаар албан бичгээр “...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана...” гэж зааснаар гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн.

2.6. Нэхэмжлэгчээс “... Манай компанийн тендерээс татгалзахдаа ТШЗ-ийн 19.1 дэх хэсгийн 3-д “сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. Энэ шалгуурын дараахаас аль нэгээр нь хянан үзнэ. А/ “Батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил” гэх шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь манай компани 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1.910.362.150 төгрөгийн өртөг бүхий Сургуулийн барилга, 160 суудал, /Баян-Өлгий, Улаанхус сум, Согоог баг/ барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2021 оны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авсан, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.196.115.460 төгрөгийн өртөг бүхий Цэцэрлэгийн барилга /Ховд, Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэг/ ажлын гэрээ байгуулан 2021 оны 12 сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авсан тул ТӨХ-ийн 19.1 хэсгийн 3-д заасан батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангасан. Мөн ТШЗ-ийн 19.1 дэх хэсгийн 3-ийн б-д “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг харгалзахгүйгээр тухайн ажлын хүчин чадал, барилгын ажлын нийт талбайн хэмжээний 30 болон түүнээс дээш хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажил” гэх шаардлагыг тавьсан. Манай компанийн гүйцэтгэсэн дээрх 2 барилга угсралтын ажлын талбайн хэмжээ нь 1932.8 кв метр талбайтай ба Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 933 кв метр талбай бүхий барилгын ажил гүйцэтгэхэд талбайн хэмжээгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

2.7. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тендерийн үнэлгээний хорооны зүгээс “... ТШЗ-ний 19.1.3-д “...ижил төстэй ажлын гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлага хангаагүй буюу “*******” ХХК-нийн тендерт ирүүлсэн ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил болох Сургуулийн барилга, 160 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум, Согоог баг/” ажлын гэрээг 2020 онд байгуулсан байсан тул ТШЗ-ийн 19.1.3-д заасан шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан...” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д "..... Батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх" гэж заасан.

 Гэтэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 509 дугаартай мэдэгдэлд "Тус компанийн ижил төстэй хийж гүйцэтгэсэн Сургуулийн барилга, 160 суудал /Баян-өлгий, Улаанхус сум, Согоог баг/ ажил нь tender.gov.mn сайт буюу цахим системээс шалгаж үзэхэд 2020 онд шалгарч гэрээ байгуулсан тул" сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа байх гэсэн шалгуурыг хангаагүй, мөн тус ажлын төсөвт өртөг нь 1,595,033,896 төгрөг тул шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан нь хууль бус.

Учир нь манай компани 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1.910.362.150 төгрөгийн өртөг бүхий Сургуулийн барилга, 160 суудал, /Баян-Өлгий, Улаанхус сум, Согоог баг/ барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2021 оны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авсан, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.196.115.460 төгрөгийн өртөг бүхий Цэцэрлэгийн барилга /Ховд, Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэг/ ажлын гэрээ байгуулан 2021 оны 12 сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авсан тул ТӨХ-ийн 19.1 хэсгийн 3-д заасан батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангасан. Мөн ТШЗ-ийн 19.1 дэх хэсгийн 3-ийн б-д “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг харгалзахгүйгээр тухайн ажлын хүчин чадал, барилгын ажлын нийт талбайн хэмжээний 30 болон түүнээс дээш хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажил” гэх шаардлагыг тавьсан. Манай компанийн гүйцэтгэсэн дээрх 2 барилга угсралтын ажлын талбайн хэмжээ нь 1932.8 кв метр талбайтай ба Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 933 кв метр талбай бүхий барилгын ажил гүйцэтгэхэд талбайн хэмжээгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа.Нэхэмжлэлд дурдсан дээрх үндэслэлээр манай компанийг ижил төстэй ажлын шаардлагыг хангасан байхад хүргүүлсэн мэдээллээс ялгаатай байдлаар үнэлгээ хийж шаардлага хангаагүй гэж татгалзсан Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны шийдвэр нь үндэслэлгүй байх тул Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилга" (Ховд, Цэцэг сум) ажлын тендерт нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилга" (Ховд, Цэцэг сум) ажлын тендерт нэхэмжлэгч "*******" ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.

3.2. Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус тендерийг үнэлэх тендерийн үнэлгээний хороог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/111 тоот тушаалаар байгуулсан.  Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж цахим системд урилга нийтэлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цаг хүртэл тендер хүлээн авсан.

Тус тендерийг нээхэд "*******" ХХК болон "*******" ХХК үнийн санал ирүүлсэн байсан. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10:50 цагт Үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн ирцтэй хуралдаж "*******" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа өртэй байсан ба энэ нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуул"-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй гэж заасан тул татгалзсан.

"*******" ХХК нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлууд нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 19.1.3-д заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлага хангаагүй тул татгалзаж Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар "*******", "*******" ХХК-иудад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цахим систем буюу tender.gov.mn сайтад нийтэлсэн.

"*******" ХХК нь дээрхи хүргүүлсэн мэдэгдэлтэй холбоотойгоор Монгол Улсын Сангийн яаманд гомдолд гаргаж, тус яамнаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/5027 тоот тендер түдгэлзүүлсэн, холбогдох материал ирүүлэх тухай албан бичиг ирүүлсний дагуу холбогдох материалуудыг цахимаар хүргүүлсэн.

Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 03/5403 тоот гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт ""*******" ХХК-ийн Тендерт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2020 онд байгуулсан БСШУСЯ/202001234 дугаартай "ХІІ.1.1.201 Сургуулийн барилга, 160 суудал (Баян-Өлгий, Улаанхус сум, Согоот баг) барилга угсралтын гэрээ", 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23/2021 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт" ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийх шаардлагатай байна” гэж ирсэн.

Иймд ирүүлсэн албан бичгийн дагуу Үнэлгээний хорооны гишүүд дээрх шаардлагад нийцэж байгаа эсэхэд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдаж гишүүдийн 100 хувийн саналаар "*******” ХХК нь ТШЗ-ийн 19.1.3-д заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлага: (Ижил төстэй хийж гүйцэтгэсэн "Сургуулийн барилга, 160 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум, Согоот баг/” ажил нь tender.gov.mn сайт буюу цахим системээс шалгаж үзэхэд 2020 онд шалгарч гэрээ байгуулсан тул "Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа байх шаардлагыг мөн тус ажлын төсөвт өртөг нь 1,595,033,896 төгрөг тул “Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй” байх) шаардлагуудыг тус тус хангахгүй байна гэж шийдвэрлэсэн. Тус мэдэгдлийг 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр цахим системд нийтэлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус тендерийн Үнэлгээний хороог Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/111 тоот тушаалаар байгуулагдсан.

Тухайн тендерийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цаг хүртэл сонирхогч этгээдүүд оролцох боломжтой цахим систем буюу tender.gov.mn сайтаар зарлагдсан. Тендер үнэлэх хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж тус өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хянан баталгаажуулж оролцогч "*******" болон "*******" ХХК-иудад тендерт шалгараагүй тухай 395, 396 тоот мэдэгдлүүдийг цахим системд нийтэлсэн.

Тухайн тендерт Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 12 өдрийн 03/5027 тоот тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирснийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Үнэлгээний хороонд хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/5403 тоот гомдол хянасан тухай албан бичгийг Үнэлгээний хороонд хүргүүлсний дагуу Үнэлгээний хороо нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж тус өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хянан баталгаажуулж "*******" ХХК-ий гаргасан гомдлын дагуу ирүүлсэн Бүртгэлийн дугаар 1.12 материалыг дахин хянаж үзэн тендерт шалгараагүй тухай 509 цахим системд нийтэлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацаа дууссан тул үнэлгээний хорооны гишүүд дахин хуралдаж 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл сонирхсон этгээдээс материал хүлээн авахаар дахин зарласан байна.

 

3.4. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авах ажиллагааны газар нь тендер шалгаруулалтын зохион байгуулахад оролцож тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийн захиалагчид хүргүүлдэг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог 50.1.1, 50.1.2-т заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж заасан. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д зааснаар үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу үнэлгээний хорооноос ******* ХХК-ийн тендерээс татгалзсан тул уг шийдвэрийг захиалагч болон оролцогчид хүргүүлж ажилласан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Тогтоосон үйл баримтыг дүгнэсэн тухайд:        

1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж зааснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 3.499.900.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЭМЯ/20240101018 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/ ажлын тендер”-ийн үнэлгээний хороо 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, тус тендерийн баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцсэн.

1.2. Хуралдаанаар тус төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх оролцогчид тавигдах ижил төстэй ажлын туршлагыг сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байхаар баталсан ба тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.1.3-д “ижил төстэй ажлын туршлагыг үнэлэхдээ доорх шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангасан” байхыг шаардсан. Үүнд:

А/ Батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх,

Б/ Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дүнг харгалзахгүйгээр тухайн ажлын хүчин чадал, барилгын ажлын нийт талбайн хэмжээ 30 болон түүнээс дээш хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажил байхаар доод шалгуур үзүүлэлтийг тогтоосон.

1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” ирүүлэхээр заасан ба нэхэмжлэгч “*******” ХХК-аас ирүүлсэн тендерийн ижил төстэй ажлын туршлагад

1-д:  Цэцэрлэгийн барилга /Ховд, Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэг/ угсралтын ажил

2-т: Сургуулийн барилга, 160 суудал /Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог баг/ барилга угсралтын ажил гүйцэтгэсэн талаарх ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, ажил хүлээн авсан улсын комиссын акт зэргийг ирүүлсэн байна.

1.4. Цэцэрлэгийн барилга /Ховд, Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэг/ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 5 сарын 11-ний өдөр байгуулсан ба гэрээний 5.3-д “... Гэрээний санхүүжилт 1.040.100.400 төгрөг ба 2020 онд 250.000.000 төгрөг, 2021 онд 790.100.400 төгрөг санхүүжнэ...” гэж дурдсан.

1.5. Сургуулийн барилга, 160 суудал /Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог баг/ барилга угсралтын ажлын гэрээг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулсан.

1.6. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний 1.1-д “...гүйцэтгэгч нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн 160 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2020 оны төсвийн тухай хуульд санхүүжих дүнг 250.0 сая, 2021 онд санхүүжих дүнг 1.350.0 сая /нэг тэрбум гурван зуун тавин сая/, 2022 онд төсөв батлаагүй, 2023 онд 360.3 сая тус тус батлагдсан...” гэж дурдсанаас үзвэл 2021 онд гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1.350.000.000 төгрөгийн санхүүжилт авахаар гэрээ байгуулсан байна.

1.7. Сургуулийн барилга, 160 суудал /Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог баг/ барилга угсралтын ажлыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, Цэцэрлэгийн барилга /Ховд, Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэг/ угсралтын ажлыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны /гэрээ дүгнэх маягтын гэрээний биелэлт хэсэгт дурдсан/ өдөр тус тус барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай улсын комиссын дүгнэлтээр хүлээн авсан байна.

1.8. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн гүйцэтгэсэн дээрх 2 төсөл арга хэмжээний 2021 онд авсан санхүүжилт нь нийт 2.140.100.400 /хоёр тэрбум нэг зуун дөчин сая нэг зуун мянга дөрвөн зуу/ төгрөг байна.

1.9. “Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/ ажлын тендер”-ийн техник, эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/-ийн барилгын зургаас харахад Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 2 давхар, нийт талбайн хэмжээ нь 932.8 кв метр талбай бүхий барилга байхаар зураг баталсан байна.

1.10. “*******” ХХК-нийн гүйцэтгэсэн Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог багийн 160 суудал бүхий сургуулийн барилгын талбайн хэмжээ нь 1082.6 кв метр талбайтай байхаар, Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэгийн барилгын талбайн хэмжээ нь 702.9 кв метр талбайтай байхаар тус тус батлагдсан байна.

Хоёр: Хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн тухай:

2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” ирүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй байхаар заасан.

2.2. Хуулийн дээрх заалтаас үзвэл сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртгөөс тооцож ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх гэрээ, гэрээний үүргийг гүйцэтгэсэн талаарх баримт ирүүлэхийг захиалагч шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

2.3. Маргааны энэ тохиолдолд ТШЗ-ний 19.1.3-д “2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн, эсхүл үнийн дүнг харгалзахгүйгээр гүйцэтгэх барилга угсралтын ажлын нийт талбайн хэмжээний 30 хувиас багагүй хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх хамгийн доод шалгуур үзүүлэлтийг нэхэмжлэгч “*******” ХХК хангасан эсэхэд дүгнэлт өгөх зүйтэй байна.

2.4. ТШЗ-ний 19.1.3-д “...сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд нь

А/ доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байх,

Б/ Гэрээний дүнг харгалзахгүйгээр барилгын ажлын талбайн хэмжээний 30 болон түүнээс дээш хувьтай дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх доод шалгуур үзүүлэлтийг тогтоосон.

2.5. А/ “*******” ХХК нь 2021 онд 2 удаа буюу Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог багийн 160 суудал бүхий сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэсэн, үнийн дүнгийн хувьд Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог багийн 160 суудал бүхий сургуулийн барилгын ажлын 2021 оны гүйцэтгэлийн төсөвт 1.350.000.000 төгрөг, Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын 2021 оны гүйцэтгэлийн төсөвт 790.100.400 төгрөгөөр санхүүжихээр тус тус гэрээнд заасан, нийт 2.140.100.400 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь 3.499.900.000 төгрөгийн өртөг бүхий Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын алжын 50 хувь /1.749.950.000/-аас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн,

Б/ “*******” ХХК-нийн гүйцэтгэсэн Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, Согоог багийн 160 суудал бүхий сургуулийн барилга 1082.6 кв метр талбайтай, Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан баг, 10 дугаар цэцэрлэгийн барилга 702.9 кв метр талбайтай, нийт 1785.5 кв талбай бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь 932.8 кв метр талбай бүхий Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн барилгын нийт талбайн 30 болон түүнээс дээш хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг тус тус хангасан байхад хариуцагчийн “... ижил төстэй ажлын гэрээг 2020 онд байгуулсан тул шаардлага хангаагүй гэж үзсэн...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

2.6. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шалгуур болон ТШЗ-ний 19.1.3-д заасан шалгуур үзүүлэлт, тендерийн үнэлгээний хорооны баримт бичиг боловсруулах үеийн хурлын тэмдэглэл зэргээс харахад сүүлийн 3 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг, ажлын талбайн хэмжээг шалгуур үзүүлэлт болгосон байхад ижил төстөй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан огнооноос хамаарах агуулгаар шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “*******” ХХК нь ижил төстэй хоёр барилга угсралтын ажил гүйцэтгэснээс тухайн жилд буюу 2021 онд нийт 2.140.100.400 төгрөгийн өртөг бүхий санхүүжилт авсан нь “...2021, 2022, 2023 онуудыг аль нэг жилд нь доод тал нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх...” шалгуурыг, мөн “*******” ХХК-нийн гүйцэтгэсэн дээрх 2 барилга угсралтын ажлын нийт талбай нь 1785.5 кв метр тул “...үнийн дүнг харгалзахгүйгээр барилгын ажлын нийт талбайн хэмжээний 30 болон түүнээс дээш хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажил...” гүйцэтгэсэн байх шалгуурыг аль алийг нь хангасан байхад “...ижил төстэй ажлын гэрээг 2020 онд байгуулсан...” гэх агуулгаар нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй, хууль бус тул тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 509 дүгээр мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй байна.

2.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг дор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 29.3-д “Өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол тендер үнэлэх үндсэн шалгуур нь харьцуулах үнэ байна”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг... өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд нь эрэмблэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ...” гэж заасан.

2.9. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Цэцэг сум/ ажлын тендер”-т “*******” ХХК болон “*******” ХХК оролцсоноос “*******” ХХК-аас уг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 3.248.982.179 төгрөгийн үнийн санал, “*******” ХХК –аас 3.378.901.153 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба “*******” ХХК-ийн үнийн санал нь “*******” ХХК-нийн үнийн саналаас бага буюу хамгийн сайн тендер ирүүлсэн байна.

2.10. “*******” ХХК-нийн ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь энэхүү шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн “Хоёр”-т заасан үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдсон ба “*******” ХХК-нийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан хамгийн сайн тендер гэж үзэх үндэслэлтэй тул Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилга" (Ховд, Цэцэг сум) ажлын тендерт нэхэмжлэгч "*******" ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар тус тус даалгах нь зүйтэй гэж үзлээ.

2.11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 35100 төгрөг, тендерийн үнэлгээний хорооноос 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 49.4.13, 49.8.5 дахь заалт, 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 509 дүгээр мэдэгдлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭМЯ/20240101018 дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилга" (Ховд, Цэцэг сум) ажлын тендерт нэхэмжлэгч "*******" ХХК-ийг шалгарсанд тооцож гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар тус тус даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 35100 төгрөг, тендерийн үнэлгээний хорооноос 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МЯНГАНБАЯР