Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00074

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00074

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ***** дугаар хороо, ****** байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч:М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь Барилгын цэргийн Ерөнхий газрын Туршин нэвтрүүлэх төвд 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* миний бие 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 083 дугаар ангид байлдагчаар алба хааж байгаад Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа туршин нэвтрүүлэх төвд тоног төхөөрөмжийн засварчнаар улиран ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар халагдсан.

Батлан хамгаалахын төв архив, Нийслэлийн төв архивын газарт баримт шүүлгэн үзэхэд халагдсан тушаал огт гарч ирэхгүй байна. 2008 оны 12 дугаар сарын 15-нд гэр шатахад хөдөлмөрийн дэвтэр шатаж үгүй болсон. Надад өгөх өөр ямар ч баримт олдохгүй байна. Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа туршин нэвтрүүлэх төвд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би шүүхэд гаргасан хүсэлт дээрээ 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажилласан байдлаа тогтоолгоно гэж буруу бичсэн байна лээ. 1987.10.15-ны өдрөөс цэрэгт татагдсан, тэгээд 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд ажилд томилогдсон юм. Туршин нэвтрүүлэх төв гэж шинийг санаачилж төрөл бүрийн тоног төхөөрөмж туршдаг газар байсан, тэр үедээ манайх шавар зуурдаг барилгын үзел гурвыг барьж байлаа. Тэгээд ар гэрийн гачигдлаар буюу аав маань олон удаа хагалгаанд ороод ажлаасаа гарсан. Би Увс аймгийн Малчин сумынх, аав ээж нутагтаа байсан. Би ******* гэдэг өвөө дээрээ 1976 оноос хойш хотод амьдарч байгаад 69-р сургууль төгсөөд хотоос цэрэгт татагдсан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР маягт дээр миний ажилд орсон огноог 1980 он гэж буруу бичсэн болохоос биш бусад бүх мэдээлэл нь таарч байсан. Бүртгэж байсан хүн нь андуураад тэгж биччихсэн байхаа. Иймд би 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан учраас энэ хугацаанд улсад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2023.08.18-ны өдрийн 7653 тоот лавлагаа болон 2025.01.15-ны өдрийн 06/43 тоот цалингийн тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.11.20-ны өдрийн 886 тоот тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 А маягт, гэрч Ш.Хүрэлбаатар, Т.Наранбаатар, С.Авид нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 083 дугаар ангид алба хааж байгаад 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тушаалаар улиран Барилгын цэргийн Туршин нэвтрүүлэх төвд барилгын тоног төхөөрөмжийн засварчинаар 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс томилогдон 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг гэрчлэх баримт болох хөдөлмөрийн дэвтэр нь устаж үгүй болсон, мөн архиваас холбогдох баримт шүүлгэхэд лавлагаа гаргах боломжгүй болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7653 дугаартай лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 886 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.

4.Хүсэлт гаргагч М.******* нь 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын цэргийн Туршин нэвтрүүлэх төвд барилгын тоног төхөөрөмжийн засварчинаар ажилласан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7653 дугаартай лавлагаа, уг лавлагаанд ******* ******* БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дүгээр тушаалаар Улаанбаатар хотоос 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 083 дугаар ангид байлдагчаар 1987.10.15-ны өдрөөс хугацаат цэргийн алба хааж байгаад БЦЕГ-ын даргын 1988.01.12-ны өдрийн 15 дугаар тушаалаар цэргийн албанд улиран бага түрүүч цолоор шагнагдан Барилгын цэргийн туршин нэвтрүүлэх төвд барилгын тоног төхөөрөмжийн засварчнаар 1988.01.10-ны өдрөөс томилогдсон. Ажлаас чөлөөлөгдсөн тухайд Барилгын цэргийн туршин нэвтрүүлэх төвийн даргын 1991-1994 оны тушаалуудад шүүн үзэхэд нэр гарахгүй байна гэсэн байв,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06/43 дугаартай цалингийн тодорхойлолт, уг тодорхойлолтод: Барилгын цэргийн Туршин нэвтрүүлэх төвд ажиллаж байсан ахлагч Мээлээгийн ******* 1990 оны цалингийн тодорхойлолтыг хуулбарлан олгов гээд 1990 оны 01-12 дугаар сарыг дуустал авсан цалин бичигдсэн байв.

- БНМАУ-ын хүн амын регистрийн карт болох маягт ХААТР-1, уг маягтанд ******* *******, ажилладаг газар-Барилгын цэргийн Ерөнхий газрын туршин нэвтрүүлэх төв, эрхэлдэг ажил- засварчин гэсэн байв.

-Гэрч Ш.******* шүүхэд өгсөн: Би 1988-1992 оны хооронд Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа Туршин нэвтрүүлэх төвд токорчиноор ажиллаж байсан. ******* намайг 1988-1992 оны хооронд Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа Туршин нэвтрүүлэх төвд токорчиноор ажиллаж байхад тус газарт тоног төхөөрөмжийн слесариар ажиллаж байсан. Туршин нэвтрүүлэх төв гэдэг нь Барилгын цэргийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн суурин машин зэргийг туршдаг, ер нь бол шинийг санаачилж, төхөөрөмж үйлдвэрлэж, туршдаг анги байсан. Тэгээд туршиж үзсэн тоног, төхөөрөмжөө ангиудад өгдөг байсан. Манайх албаны ажилчидтайгаа нийлээд 20-30 гаруй бүрэлдэхүүнтэй байсан. Дарга нь Цээням гэж дэд хурандаа цолтой хүн байсан. Тухайн үед цэргийн албанаас халагдаад Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа Туршин нэвтрүүлэх төвд ажиллаж байсан хүмүүсийн ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй байгаа. Тухайн үед цомхотголоор халагдаж байсан, ямар ч тушаал гаргаагүй юм байна лээ гэсэн мэдүүлэг,

-Гэрч Т.******* шүүхэд өгсөн: Би Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа Туршин нэвтрүүлэх төвд 1988 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сар хүртэл ажилласан. Барилгын цэргийн 083-р ангиас 1988 оны 11 дүгээр сард манай цэргийн ангийн Туршин нэвтрүүлэх төвд 6 ахлагч томилогдож ирсэн бөгөөд тэдний дунд ******* ирж байсан. ******* нь тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байсан. 1991 оны орчим мужаан Жамбалжамцын хамт чөлөө авч хөдөө явсан, Аав ээжийн бие муу гээд гар гэрийн гачигдлаар дахин ажиллаагүй байх. Туршин нэвтрүүлэх төв нь шинийг санаачилж, төхөөрөмж үйлдвэрлэж, туршдаг анги байсан. Манай анги 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 1987 онд байгуулагдсан анги байсан, тухайн үед ангийн захирагчаар хошууч Цээням, ерөнхий инженер хошууч нар байсан. Тэгэхээр М.******* нь 1988 оны намраас 1990 оны сүүл хүртэл тасралтгүй ажилласан. Намайг 1991 оны 3 дугаар сард ОХУ-руу ажлын томилолтоор явахад М.******* ажлаасаа гарчихсан байсан учраас би 1990 оны сүүл хүртэл ажилласан гэж санаж байна гэх мэдүүлэг,

-Гэрч С. шүүхэд өгсөн: Би 1979 онд Улаанбаатар хотын 166-р барилгын цэргийн ангид ахлагчаар ажилд орж байсан. Тэгээд Туршин нэвтрүүлэх төв 1987 онд байгуулагдахад 166-р ангиас шилжээд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байгаад 1992 онд анги татан буугдахад ажлаас халагдсан. Намайг 1987 онд Туршин нэвтрүүлэх төвд ажиллаад 1 жил болж байхад *******, , нар 083-р ангийн сургалтын төвийг төгсөөд манай ангид ажиллахаар ирж байсан. ******* тоног төхөөрөмжийн слесарь, засварчинаар томилогдож байсан. Тэгээд 1992 онд анги татан буугдаад бид нар халагдаж байсан. ******* бол манай сайн ажилтнуудын нэг байсан. ...дарга нь Цээням гэж дэд хурандаа цолтой хүн, нягтлан бодогч нь Туяа гэдэг хүн байсан. Тэр үед 1992 онд нэг өглөө ажилдаа очиход манай ангийн захирагч Цээням удирдахаас манай ангийг татан буулгаж байгаа юм гэж хэлээд биднийг тарааж байсан. Тэгээд би 1993 онд барилгын цэргийн 022-р ангид барилгачнаар ажилд орж байсан. Уг нь надад Барилгын цэргийн Ерөнхий газрын харьяа Туршин нэвтрүүлэх төвд ажиллаж байхдаа нээсэн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгал хураагаад авсан гэх мэдүүлэг гэх зэрэг нотлох баримтууд болно.

5.БНМАУ-ын хүн амын регистрийн картанд хүсэлт гаргагч М.******* ажилд орсон огноог -1980 он гэж зөрүүтэй бичигдсэн хэдий ч овог нэр, ам бүлийн байдал, эрхэлдэг ажил зэрэг бусад бүх мэдээлэл тохирч байгаа учраас нотлох баримтаар үнэлсэн болно.

6.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, мөн гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдож байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл Барилгын цэргийн Туршин нэвтрүүлэх төвд барилгын тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА