Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/458

 

                                                    Э.А, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

шүүгдэгч Э.А, Б.Б нарын өмгөөлөгч Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Б.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлоор Э.А, Б.Б нарт холбогдох 2209 01309 1728 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. З овгийн Э-н А, ......., ял шийтгэлгүй, /РД: ........./;  

2. С овгийн Б-н Б, ........., ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Шүүгдэгч Э.А, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын шинэ замын хажууд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Бо-г “Сагсан бөмбөг хатуу тоглож байна” гэх зүйлээр шалтаглаж, улмаар түүний толгой, нүүр хэсэг болон биеийн бусад хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.А, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А, Б.Б нарт ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А, Б.Б нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ба хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж дүгнэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан ба шүүгдэгч Э.А, Б.Б нарт холбогдох анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн “А” танхимд хаалттай явуулсан билээ. Гэтэл шийтгэх тогтоолд “...шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явагдсан...” гэжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч дараахь эрхтэй”, 2.4 “хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг прокурорт гаргах”, 2.7 “шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох” гэж, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд мөрийн баримтын талаарх мэдээллийг тусгана” гэж, 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж, 22.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний обьектын талаарх мэдээллийг тусгана” гэж тус тус заасан.

Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009.12.03/-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, эрх бүхий албан тушаалтны хүсэлт байна” гэж заасан байсан. Шүүх шинжилгээний тухай хууль /2022.12.23/-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Шүүх шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна” гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ” гэж, 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.7 дугаар зүйл, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно: 2.4.Хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай бол” гэж тус тус заасан.

Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Хуульд заасан тохиолдолд прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад зөвшөөрөл өгнө” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Прокурорын зөвшөөрөл нь албан тушаалтны шийдвэрийг зөвшөөрч батлах хэлбэртэй байна” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүх тогтоол гарган шинжээч томилж, түүнд хуульд заасан эрх, үүргийг нь албан ёсоор тайлбарлаж, хууль сануулан баримтжуулдаг ба шинжээч тус эрх зүйн актыг үндэслэн бичгээр тавьсан асуултад үндэслэлтэй хариулт өгөх зохицуулалттай. Хэрэв, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийлгэх шаардлагатай бол прокуророос зөвшөөрөл авсны дараа шинжээч томилж, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан хууль сануулж шинжилгээ хийлгэх хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргах ба тус хүсэлтийг үндэслэн хүсэлтэд дурдсан тодорхой асуултад хариулт өгөх зорилгоор шинжээч шинжилгээ хийдэг. Хавтаст хэргийн 40 дэх талд “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаартай прокурорын зөвшөөрөл авагдсан байдаг ч тус зөвшөөрлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай ямар нэгэн ажиллагаа буюу шийдвэр огт гаргаагүй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор хүний биед шинжилгээ хийлгэхээр шинжээч томилоогүй ба шинжээч эмч Ц.Бадралд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж хууль сануулаагүй, энэ талаарх баримт сэлт хэрэгт авагдаагүй, түүнээс албан ёсоор ямар нэгэн асуулт асуугаагүй байдаг. Шинжээч томилоогүй, шинжилгээ хийлгэхээр асуулт асуугаагүй, шинжээч Ц.Бадралд албан ёсоор хууль сануулаагүй байхад шинжилгээ хийсэн нь, түүний үйлдсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 7920 тоот шинжээчийн дүгнэлт гэх баримт бичгийг нотлох баримтаар үнэлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд үл нийцэх тул хавтаст хэргийн 41-42 дахь талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 7920 тоот шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт эрх бүхий албан тушаалтны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай хүсэлт буюу мөрдөгч, прокурорын тогтоолгүй байхад үйлдсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлт гэх баримт бичгийг нотлох баримтаар үнэлэн шүүгдэгч Э.А, Б.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэж шийтгэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ба хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.А, Б.Б нар нь бүлэглэж, насанд хүрээгүй хохирогч Б.Бо-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.А, Б.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.А, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын шинэ замын хажууд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Бо-г “Сагсан бөмбөг хатуу тоглож байна” гэх зүйлээр шалтаглаж, улмаар түүний толгой, нүүр хэсэг болон биеийн бусад хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бо-н “...нэг хүүхэд намайг шахаад байхаар нь би зөрүүлээд шахсан чинь намайг бөмбөгөөр нүүр лүү тэр хүүхэд цохисон. Тэгээд яаж байгаа юм бэ гээд барилцаж авсан чинь найз нь хажуугаас орж ирээд намайг зодчихсон. Тэгээд “одоо больё” гэсэн чинь нүүр лүү хэд хэд мөргөсөн ...” /хх 12-14/,

насанд хүрээгүй гэрч Ш.Ө-н “... тэгээд Б бөмбөг залаад явж байхад араас цохисон. Тэгээд эвтэйхэн тоглооч гэхэд шууд ирээд цохиод авсан. Тэгээд манай найз заамдаад авахад нөгөө хүүхэд найз Б-н малгайтай цамцнаас барьж аваад шууд доошоо дараад зодолдсон. ...” /хх 54, 55/,

гэрч Л.Золжаргалын “...Б зөөлөн тоглооч гэсэн, хоорондоо барьцалдаад авсан. ...Тэгээд А салгах гээд очтол А-ыг бас цохиод авсан. Тэгсэн А биеэ хамгаалах гээд нөгөө бандийг бас цохиод авсан ...” /хх 67, 68/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Бо-н  биед хамрын яс, таславчийн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, дух хүзүүнд зулгаралт гэмт тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7920 дугаар дүгнэлт /хх 41/,

“Med trauma hospital” эмнэлгийн “дүрс оношилгооны хариу /хх 18/, хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай Сүхбаатар дүүргийн прокурор Н.Дамбадаржаагийн үйлдсэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх 40/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.А, Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

      Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

     Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А, Б.Б нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан тусгай зохицуулалтын хүрээнд буюу гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байдлыг болон тэдгээрийн үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

     Гэвч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А, Б.Б нар нь хохирогчийг “... бөмбөгөөр цохьсон, цохилцсон...” талаар хүлээн мэдүүлсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал ...харгалзан ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно...” гэсэн зохицуулалтыг тэдэнд хэрэглэх боломжтой гэж үзлээ.

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Буджаваас: “...анхан шатны шүүх хавтаст хэрэгт эрх бүхий албан тушаалтны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай хүсэлт буюу мөрдөгч, прокурорын тогтоол үгүй байхад үйлдсэн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлт гэх баримт бичгийг нотлох баримтаар үнэлэн шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэж шийтгэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ба хэргийг бодит байдлыг тогтоох зарчмыг тус тус зөрчсөн ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

    Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд: Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай Сүхбаатар дүүргийн прокурор Н.Дамбадаржаагийн үйлдсэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх 40/ олгогдсон байна. 

Прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ...” гэж заасныг үндэслэн мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана. ...” гэснийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтанд хүний биед шинжилгээ хийлгэхийг даалгажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “... Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Алпарабигийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор, ... үзлэгийг хийв...” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ байдлаас үзэхэд шинжээч эмч Ц.Бадрал эрх бүхий албан тушаалтны гаргасан шинжээч томилсон тогтоолыг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэж үзэхээр байна.

Харин хавтаст хэрэгт эрх бүхий албан тушаалтны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын үндсэн хувийг хавсаргаагүйг зөвтгөх үндэслэлгүй боловч хохирогч Б.Бо-н биед “хамрын яс, таславчийн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, дух хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7920 дугаартай шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх нөхцөл болохгүй гэж дүгнэлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Буджавын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З овгийн Э-н А, С овгийн Б-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 2, 3, 4, 6 дахь заалтын хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

                            ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

             ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР