Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 204/МА2020/00024

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06  дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2020/00573 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Г.У-ийн нэхэмжлэлтэй хариуцагч сургуульд холбогдох “Сургалтын менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.У, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн,  хариуцагч сургуулийн захирал Ц.Х, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захирал Ц.Х-ийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Ц.Х нь хувийн шалтгаанаар ханддаг. Намайг ээлжийн амралттай байхад залгаад чиний ажлын байрыг чинь зарлачих уу, шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжих гэж байгаа учир шинэ хүн авч ажиллуулна гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд сургалтад суучихаад албан ёсоор чөлөө хүссэн. Надад чөлөө өгөхдөө ажил хайгаарай гэж хэлсэн. Би хотоос гарч байхад нягтлан залгаад та шилжих гэж байна уу, шилжих бол ажилласан 5 хоногийн чинь цалинг олгоно гэж хэлсэн. Тэгээд би ирээд ажилдаа очоод захирлын өрөөнд ортол миний  хийсэн зүйлийг базаж шидээд чамтай  хамт ажиллах сонирхол алга гэж хэлсэн. Миний  талаар ямар нэгэн тушаал гаргаагүй байж байгаад 09 дүгээр сарын 06-ны өдөр удирдлагын зөвлөл хуралдаад элсэлтийн шалгалтанд сүүлээсээ 3 дугаар байранд орсон гэсэн. Захирал намайг ажлаа өг сүүлээсээ манайх 3 дугаар байранд орсон чи ажлаа хийж  чадахгүй байна гэж хэлсэн. Захирал багш нарыг цуглуулж  баримт дээр гарын үсэг зуруулах мөн намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг байсан.  Би 09 дүгээр сарын 12-ны өдөр “Хүний эрхийн үндэсний  комисст өргөдөл өгсөн. Үүний  дагуу 11 дүгээр сард манай байгууллагад шалгалт ирсэн. Бид төрийн үйлчилгээний  ажилчид болохоор хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. 09 дүгээр сарын цалин буухад дутуу цалин орсон байхаар нь нягтлангаас асуухад танд арга хэмжээ  авсан учир цалин дутуу  бодогдсон гэж хэлсэн. Хүнд ямар нэгэн арга хэмжээ  авахдаа түүнийгээ уншиж  танилцуулдаггүй. Намайг байнга өрөөндөө дуудаж болох болохгүй шалтгаанаар загнадаг байсан. Байнга хамт олны хурал дээр над руу  чиглэсэн байдлаар ханддаг. Энэ байдлынх нь талаар Боловсрол шинжлэн ухааны яаманд гомдол гаргахад намайг чи энэ тэнд миний  талаар гомдол гаргадаг гэх мэтчилэн загнадаг. 2019 оны 12 дугаар сард манай байгууллагад төлөвлөгөөт шалгалт ирэх гэж байхад би эрүүл мэндийн шалтгаанаас чөлөө авахаар  захиралд хандахад надад чөлөө өгөхгүй байсан. Боловсролын байгууллага нь бидний ажилд дүгнэлт хийх байгууллага биш харин зөвлөн туслах үүрэгтэй  юм. Миний  өмнө ажиллаж байсан ажлыг энэ хүн ярьдаг, намайг үндэслэлгүйгээр ажилчдаа халдаг гэж хэлж байсан. Тухайн үед би хуурамч  дипломтой тийм хүмүүсийг халсан. Энэ хүн өөрийн алдаа дутагдлыг хэлсэн хүнд дургүй байдаг. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн учир сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож  өгнө үү... гэжээ.

   Хариуцагч сургуулийн захирал Ц.Х анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/03 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тушаалд Г.У нь сургалтын менежерийн ажилд огт тэнцэхгүй. Г.У нь жилд 4-5 удаа чөлөө авч эзгүй байдаг. Сургалт арга зүй хариуцсан менежер гэдэг бол захирлын эзгүйд захирлын ажлыг гүйцэтгэнэ гэж ажлын байрны тодорхойлолтод заасан. Эд ажлын үеэр шалтгаан хэлж чөлөө авдаг. 2019 онд Г.У надад Улаанбаатар шилжих гэж байгаа гэж хэлээд ажил хийдэггүй. Багш нартай хамтарч ажилладаггүй, мөн сүүлийн жилүүдэд ажлаа дүгнүүлээгүй. Би ажлаа дүгнүүлж,  цалингаа ав гэж хэлэхээр шилжихийн хооронд та  өгөөч гэж гуйхаар нь би эмэгтэй  хүн болохоор өгчихдөг байсан. 2019 онд би шилжинэ гэсэн байдлаар ажил хийгээгүй. Надаас шилжих учраас тэргүүлэх зэрэг өгөөч гэж гуйж  байсан. 2019 оны 08 дугаар сарын 25-нд сургалттай байсан тул сургалтандаа суу  гэж хэлсэн. Түүнээс би ёс зүйгүй үйлдэл гаргасан зүйл байхгүй.  Хурал хариуцсан багш нар нь танай сургалтын менежер хуралдаа суухгүй байна гэсэн мэдээлэл ирж  байсан. Бага сургалтын дараа 1 дэх өдрийн чөлөө утсаар авсан. Тэгээд чөлөө авсан өдрийнхөө  дараа ирээгүй, 5 хоног ажил тасалсан. Ундармаа нь бага ангийн менежер гэсэн шат дараалсан ажлыг хийж  байгаа учир ажлын байрандаа дадлагажиж боловсролоо дээшлүүлж байх хэрэгтэй байдаг. Гэтэл нилээд олон алдаа дутагдлууд гаргаж байсан. 2019 оны 09 дүгээр сард ажилдаа оръё гэж хэлэхэд би өөдөөс нь баримт бичгийг нь базаж шидсэн зүйл байхгүй. Хийсэн ажлууд нь маш хангалтгүй, би засаж өгдөг байсан. Ажил хийх боломжоор хангадаггүй гэж байна. Г.У өөрөө менежерийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж чаддаггүй.  2018 оноос хойш захирлууд Засаг даргатай гэрээ байгуулж, сургалтын менежерүүд захиралтай гэрээ байгуулж үр дүнгийн гэрээг дүгнэж байна гэсэн заавар зөвлөгөөг өгсөн. Багш нараас Г.Утай холбоотой маш олон өргөдөл гомдол ирж байсан. 09 дүгээр сард орж ирээд гадаад явахааргүй больчихлоо би багийн менежер хийе гэж хэлсэн. Түүнээс би өргөдлөө аваад ир гар гэж хэлээгүй. Сургалт арга зүй гэдэг бол маш хариуцлагатай  ажил учир энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзсэн. Ажил тасалсан, элсэлтийн ерөнхий  шалгалтанд муу үнэлгээтэй  дүгнэгдсэн, мөн зан харилцаа зэргийг харгалзаж багшийн ажилд шилжүүлсэн. Сургалтын ажил хоцроод байсан. Би 5 жил ажиллахад надтай холбогдуулж гомдол гаргаагүй газар гэж байхгүй миний нэр төрд халдаж байна. Г.У ажил мэргэжлээ дээшлүүлж ажлаа хийхгүй болохоор цаад талд нь хүүхэд багш нар хохирч байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 03-нд гаргасан Б/03 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овгийн Г.У-г Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 145/ШШ2020/00573 тоот шийдвэрийг 2020.07.10-ны өдөр хүлээн авч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

*** сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал Ц.Х нь  сургалтын менежер Г.У-г өмнөх ажлаас нь чөлөөлж багшаар ажиллуулах тухай 2020.03.30-ны өдрийн тушаалдаа хөдөлмөрийн хуулийн заалтууд болон хөдөлмөрийн гэрээ, Сургуулийн дотоод журам гэх мэтчилэн 6 заалт дурдсан байхад шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтанд дүгнэлт хийж хариуцагч тал үүнийгээ нотолж чадсангүй гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж шийдсэн хэтэрхий нэг талыг барьж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлсэнгүй. Тухайлбал тушаалд дурдагдсан бусад заалтуудын талаар огт дүгнэлт хийгээгүй болно. Тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үйл баримтыг нотлуулахын тулд хариуцагч тал, гэрчүүдийг асуулгасан байдаг. Үүнд Г.У сахилгын зөрчил авагдсан эсэх, энэ тухай тушаалыг хүлээн авсан эсэх /нэхэмжлэгч энэ талаар огт мэдээгүй гэдэг/ үүрэгт ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэдэг эсэх, өөрөөр хэлбэл сургуулийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зохих заалтуудыг зөрчсөн эсэхийг нотлуулах. Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлэг ямар учраас ач холбогдолгүй болохыг заалгүйгээр /нотлох баримтаас хасаж/ үнэлж үзээгүй байна. Хариуцагч хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг хэрэгт нотлох баримт болгон өгч холбогдох заалтуудыг хураалдаанаар шинжлэн судлуулсаар байхад шүүх эдгээр заалтын үндэслэлийг нотолж чадаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар өөрийн байгуулагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байхад *** сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргаж байгаа бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулж шүүхэд өгөх боломжгүй гэсэн нь хуульд заагаагүй үндэслэлээр дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарласан. Шүүх үүнд эргэлзэж байсан бол жинхэнэ хувийг шаардан авах эсвэл үзлэг явуулж шинжлэн судлах боломжтой.

Хариуцагч тушаал гаргахдаа хуулийн заалт бүрийг ягштал заагаагүй хэдий ч хүн бүр хуулийг тэр бүр нарийн мэдэхгүй/ хуулийн заалтыг утга агуулга үйл баримтаараа тус сургуулийн ажилтан Г.У үүрэгт ажилдаа тэнцэхгүй, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдал гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан /хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь заалт/ байдлууд хэрэгт авагдсан баримт материалаар хангалттай нотлогдсон байхад анхан шатны шүүх нэг талыг барьж дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Г.У давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч *** сумын Ерөнхий боловсролын захирал Ц.Х-ийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэж байна. Хариуцагч Ц.Х-ийн гаргасан тушаал хууль зүйн дагуу гараагүй болохыг хариуцагч тал шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн.

Удирдлагын аливаа шийдвэр хуулийн тодорхой зүйл заалтанд нийцэж байх шаардлага хангаагүй байсан. Ц.Х нь өмнө нь гарч байсан үйл явдалтай холбогдуулж надад өс хонзон санаж ажил хэргийг хэвийн явуулах нөхцлөөр хангаагүй. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Төрийн албаны тухай хуулийн 61.1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтуудын хариуцагч Ц.Х нь огт биелүүлээгүй.

Захирал Ц.Х нь багш, ажилчдыг хөгжүүлэх, сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх талаар ямар ч ажил зохион байгуулдаггүйгээс манай сургуулийн сургалтын түвшин аймгийн дундажаас доогуур байдаг. Энэ байдалд Ц.Х нь дүгнэлт хийх, ажил сайжруулах, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулахын оронд зөвхөн намайг ажлаас халах шалтаг, шалтгаан болгосон нь олон хүүхдийн эрх ашгийг хохироосон.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд  гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь анхан шатны шүүхэд хэрэгт нотлох баримтаар цагийн бүртгэл /1-р хх-ийн  104-105х/, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай тушаал /1-р хх-ийн  115-124х/, хурлын тэмдэглэлүүд /1-р хх-ийн 130-132х, 136-159х/, *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан өргөдлүүд /1-р хх-ийн  167-174х/, хамт олны санал асуулга /1-р хх-ийн  176-184х/, явуулсан бичгийн бүртгэл /1-р хх-ийн 133-135х/, хөдөлмөрийн дотоод журам /1-р хх-ийн 196-242х/ зэргийг өөрийн байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулан гаргаж өгчээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, энэ үүднээс мэтгэлцээнд оролцож байгаа *** сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргаж байгаа бичмэл нотлох баримтыг өөрөө “баталгаажуулан” шүүхэд гаргах боломжгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчийн өмчийн хэлбэр, эрх, хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулдаг гэж дүгнэн,  Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн гаргасан өгсөн дээр дурдсан нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нотлох баримт гаргах, цуглуулах, бэхжүүлэх явцад шүүх нотлох баримтуудыг судалж хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгч захирамж гаргаж үндэслэлээ заахаар хуульчилснийг анхан шатны шүүх хэрэгжүүлэлгүй, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  хийвэл зохих ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хамаарч талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр нотлох  баримтаа гаргах, цуглуулах, бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Иймд хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох  нэхэмжлэгч Г.У-ийн “Сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгон  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 145/ШШ2020/000573 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох  “Сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай Г.У-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүг