| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01006/И |
| Дугаар | 104/шш2024/00666 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 104/шш2024/00666
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, , хаягт оршин суух, ийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 633,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ГХОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг ******* аппликейшнээр дамжуулан үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч Б. нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Cтop Пэй аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг, 500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг, 1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалт 30,000 төгрөг зэргээр бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Б. нь ******* аппликейшнээр дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 563,000 төгрөгийн 96464 дугаартай худалдан авалтыг хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр эхний төлөлт 140,600 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2022 оны 01 дүгэр сарын 19-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. Иймд хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 633,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн нэхэмжилсэн 633,600 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 633,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 633,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50,914 төгрөгийн 50 хувь буюу 25,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,457 төгрөгийг улсын орлогоос, 25,457 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн нэхэмжилсэн 633,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50,914 төгрөгийн 50 хувь буюу 25,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,457 төгрөгийг улсын орлогоос, 25,457 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА