Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00021

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00021

 

   

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Х сумын У багт оршин суух Б овгийн Ц.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.Ж

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ц.Ж нь мал маллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1992 оны 7 сарын 04-ний өдөр Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн албанд татагдаж 1993 оны 6 сарын 18-ны өдөр халагдсан. Цэргийн албанаас ирээд Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багт мал малласан бөгөөд 1994 онд эхнэр Ц.А-тай гэр бүл болж одоог хүртэл Хотонт сумын Улаан чулуу багт тасралтгүй хувийн малаа маллаж байна. Би ээж Ц-р овоглодог боловч цэргийн алба хаасан лавлагаа аав Д-р овоглогдсон, мөн 1995-2000 онуудын малын А данс Д гэж овоглогдож, зарим онд дууддаг миний Ж гэж дууддаг нэрээр гарсан. Би овог нэр солиулж байгаагүй. Би 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандсан боловч 1995-2000 оны малын А данс овог, нэр зөрүүтэй гэсэн үндэслэлээр дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Мөн цэргийн алба хаасан лавлагаа овог зөрүүтэй учраас шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг, Хилийн цэргийн 0151 дүгээр ангид 1992 оны 7 сарын 04-ний өдрөөс 1993 оны 6 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж-н малын А данс, цэргийн алба хаасан лавлагаа нь овог, нэрийн зөрүүтэй учраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл түүний мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Ц.Ж нь өндөр насны тэтгэвэр авдаггүй, мал маллаж байсан байдал болон цэргийн алба хааснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 5 сарын 06-ны өдрийн А/798 тоот лавлагаа

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 сарын 12-ны 16/02 дугаар  тогтоол,

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 32/69 дүгээр тогтоол

- Д.Ж-д холбогдох 1995-1997, 2000 оны, Д.Ж-д холбогдох 1998 оны мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн 589, 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 594 дүгээр лавлагаа/

- Ц.Жа, Ц.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа

- Д.Ц нь Д.Д, Ц.Ж нарын эх гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн CVL2565000001000075, CVL25650000010000756 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            4. Хүсэлт гаргагч Ц.Жа-н хүсэлтээр Д.Д, У.Г, В.Онараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1988 оны 11 сарын 18-ны өдрийн хүн амын регитсрийн ХААТР-1 маягт, Ц.Ж, Ц.А нарын гэрлэсний ХААТР-15 маягт, Ц.Ж-н паспорт, иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21А/, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 03-01/6253 тоот лавлагаа/

- Ц.Ж цэргийн алба хаасан талаарх Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн А/1633 дугаар лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, лавлагаа  

- тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 01/807 тоот лавлагаа

- Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Засаг даргын 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 492, 493 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 02/04 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 01 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ц.Жа-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Хотонт суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох, 1992 оноос 1993 онд цэргийн албанаас халагдсан болохоо тогтоолгох хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 5 сарын 06-ны өдрийн А/798 тоот лавлагаа, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 сарын 12-ны 16/02 дугаар  тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 32/69 дүгээр тогтоол, Д.Ж-д холбогдох 1995-1997, 2000 оны, Д.Ж-д холбогдох 1998 оны мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн 589, 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 594 дүгээр лавлагаа/, Ц.Ж, Ц.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Ц нь Д.Д, Ц.Ж нарын эх гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн CVL2565000001000075, CVL25650000010000756 дугаар лавлагаа/, 1988 оны 11 сарын 18-ны өдрийн хүн амын регитсрийн ХААТР-1 маягт, Ц.Ж, Ц.А нарын гэрлэсний ХААТР-15 маягт, Ц.Ж-н паспорт, иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21А/, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 03-01/6253 тоот лавлагаа/, Ц.Ж цэргийн алба хаасан талаарх Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн А/1633 дугаар лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, лавлагаа, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 01/807 тоот лавлагаа, Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Засаг даргын 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 492, 493 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 02/04 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Д, У.Г, В.О нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Хотонт сумын Улаанчулуу багийн 1995-2000 онуудын баримтыг шүүн үзэхэд Ц.Ж-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 01 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Ц.Ж-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Ж нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

4. Хүсэлт гаргагч Ц.Ж нь эх Д.Ц-р овоглодог нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог бөгөөд түүний мал маллаж байсан талаар тодорхойлсон “Б овгийн Ц.Ж нь 1995-2000 онуудад Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багт мал маллаж амьдарч байсан болно” гэсэн А аймгийн Х сумын З Тамгын газрын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 02/04 тоот тодорхойлолт, “Ц.Ж нь 1995-2000 онд Улаан чулуу багт мал маллан амьдардаг байсан болохыг тодорхойлов” гэсэн А аймгийн Х сумын У багийн Засаг даргын 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 492 тоот тодорхойлолт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Х сумын У баг, хөдөөд оршин суугч Ц.Ж тэргүүлэгч өөрөө, 1973 оны 01 сард төрсөн, нас-26, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Ц.А эхнэр, 1974 оны 11 сард төрсөн, нас-25, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 03-01/6253 тоот лавлагаа, АМ73010115 регистртэй Д.Ж-д холбогдох 1995-1997, 2000 оны, Д.Ж-д холбогдох 1998 оны мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 25-ны өдрийн 589, 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 594 дүгээр лавлагаа/, гэрч Д.Д-н “Миний аавыг Ш.Д, ээжийг Д.Ц гэдэг. Би эцэг, эхээсээ 6-лаа. Би айлын том. Ц.Ж, Д.Д, Д.Э, Д.А, Д.Д гэсэн 5 дүүтэй. Бид нар Ц.Ж-г Ж гэж дууддаг. Ц.Ж бид хоёр ээжийн аав И.Д  дээр өссөн. Өвөө И.Д Ц.Ж-н төрсний гэрчилгээг авахдаа Ц.Ж гэж ээжээр овоглож бүртгүүлсэн юм байлаа. Үүнээс Ц.Жа-н иргэний бүртгэлүүд Ц овогтой болсон. Ц.Жа-с бусад дүү нар маань аав Да-р овоглодог. Манайд ихэр хүүхэд байгаагүй. Ц.Ж нь Архангай аймгийн Хотонт суманд 8 дугаар анги төгсөөд 1973 онд цэргийн албанд татагдаж 1974 онд халагдсан. Ц.Ж 1974 онд цэргээс ирээд А аймгийн Х сумын Улаан чулуу бригадад 1974-1992 он хүртэл нэгдлийн мал малласан. 1992 онд нэгдэл хувьчлагдсаны дараа 1995 он хүртэлх хугацаанд өвөө И.Д-н хамт мал маллаж байгаад 1995 онд Ц.А-тай гэр бүл болсон. 1995 оноос одоог хүртэл эхнэр Ц.А-хаа хамт одоог хүртэл Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багт хувийн малаа маллаж байна. Энэ хугацаанд Ц.Ж аймгийн аварга малчин болсон. Ж цэргээс ирээд л мал малласнаас хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Хотонт сумаас шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч У.Г-н “Би Ц.Ж-г сургуульд байхаас нь мэддэг. Ц.Ж нь эцэг эхээс 6-лаа. Би Ж-тай хамт Хотонт сумын сургуульд сурдаг байсан учраас түүний талаар мэддэг. 1993 онд Д.Ж бид хоёр цэргийн албанаас 1993 онд халагдсан. Ж 1993 оноос одоог Хотонт сумын Улаан чулуу багт хувийн малаа маллаж байна. Ж 1994 онд А-тай гэр бүл болж хамт малаа маллаж байна” гэх мэдүүлэг, гэрч В.О-ны “Ж 1993 онд цэргийн албанаас ирээд Хотонт сумын Улаан чулуу багт аав, ээжийнхээ хамт хувийн малаа малласан бөгөөд 1995 онд гэр бүлтэй болсон. 1995 оноос одоог хүртэл Хотонт сумын Улаан чулуу багт эхнэрийнхээ хамт хувийн малаа маллаж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ц.Ж нь Архангай аймгийн Хотонт суманд 1995 оноос 2000 онд мал маллаж байсан нь тогтоогдож байх тул түүний 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Гэрч У.Г-н “Ж надтай хамт 1992 онд цэргийн албанд татагдсан бөгөөд Улаанбаатар хотод Хилийн цэргийн 0151 дүгээр 1992-1993 онд цэргийн алба хаасан. Би Улаанбаатар хотод Дотоодын 05 дугаар цэргийн ангид алба хаасан. 1993 онд Д.Ж бид хоёр цэргийн албанаас 1993 онд халагдсан” гэх мэдүүлэг, гэрч В.О-ны “Д-н Ж надтай хамт Улаанбаатар хотод Хилийн цэргийн 0151 дүгээр 1992-1993 онд цэргийн алба хаасан. Д.Ж бид хоёр цэргийн албанд байхдаа аж ахуй үйлчилгээний ажил хийдэг байсан бөгөөд 1993 онд цэргийн албанаас хамт халагдсан. Цэргийн албанд Ж гэж дууддаг байсан” гэх мэдүүлэг, “цэргийн батлахын дугаар 736530, төрсөн он, сар, өдөр 1973-1-1, 1990 онд 8 дугаар анги төгссөн, ам бүл 9, эцэг Д, эх Ц, эгч Д, өвөө Д” гэсэн Архангай, Хотонтоос 1992 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет, “эх Б овгийн Д.Ц, хүүхэд Бэсрэг овгийн Ц.Ж, төрсөн он, сар, өдөр 1973-01-01” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр “Д.Ж нь ХЦ-ийн даргын 1992 оны 7 сарын 04-ний б/304 тоот тушаалаар 7 сарын 15-нд Архангай аймгаас хугацаат цэргийн албанд татагдан ХЦ-ийн 0151 дүгээр ангид алба хаагаад мөн даргын 1993 оны 6 сарын 18-ны өдрийн 259 тоот тушаалаар 7 сарын 01-нд халагджээ” гэсэн Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн А/1633 дугаар лавлагааг хүсэлт гаргагч Ц.Ж-н цэргийн алба хаасан хаасантай холбоотой баримт гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул уг лавлагааг үндэслэн Ц.Ж-н 1992 оны 7 сарын 15-ны өдрөөс 1993 оны 7 сарын 01-ний хугацаанд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн алба хаасныг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Ц.Ж-н хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

6. Хэрэгт авагдсан Ц.Ж, Ц.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Ц нь Д.Д-н эх гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 09-ний өдрийн CVL25650000010000756 дугаар лавлагаа/ хүсэлт гаргагч Ц.Ж-н нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дээрх баримтуудыг үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Ц.Ж-н

- 1992 оны 7 сарын 15-нд цэргийн албанд татагдаж Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хааж 1993 оны 7 сарын 01-ний өдөр цэргээс халагдсан болохыг

- Архангай аймгийн Хотонт суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА