Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 204/МА2020/00025

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00520 дугаар шийдвэртэй, Б.М-ы нэхэмжлэлтэй хариуцагч С.Б, Г.Д нарт холбогдох “14921652 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.Д-ийн Б.М-аас 2000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Алдар, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2014 онд ашиглалтад орсон байрыг зах зээлийн ханшаар 68520000 төгрөгийн үнэлгээтэй байрыг 30 хувийн урьдчилгаа төлж Хас банкны ипотекийн зээлээр худалдаж авсан. 2017 оны 06 дугаар сард Д-тэй наймаа хийхээр болж 18000000 төгрөгөөр өгч авахаар тохиролцож 5000000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 13000000 төгрөгийг 6 сарын дотор өгч ипотекийн зээлийг Д өөрийн нэр дээр шилжүүлж авахаар болсон. Энэ хугацаанд хариуцагч талаас нэг ч удаа ирж уулзаагүй. Энэ байр манай аав, ээж, хоёр дүү нарын хамтран эзэмшлийн нэр дээр байдаг. Тэгээд 2018 оны 04 сар буюу 10 сарын дараа Д гэдэг хүнтэй уулзаад худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дотор үлдэгдэл 13000000 төгрөгийг төлөөд Д өөрийн нэр дээр ипотекийн зээлийн нэрийг шилжүүлж авна гээд дахин алга болсон. 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 13000000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна. Хариуцагч нар манай байранд 2 жил 4 сар үнэгүй амьдарсан. Энэ хугацаанд манай дүү гэр оронгүй байсан ба бизнес нь зогсоод Улаанбаатар хот явж ажил хийхээр болсон. Тэгээд Улаанбаатар хотод сарын 450000 төгрөгийн үнэтэй 1 жил 6 сар буюу 7200000 төгрөгөөр байр хөлсөлж амьдарсан. Удалгүй манай дүү Баянхонгор аймаг руу замын ажил хийхээр явсан. Иймд энэ байрны хууль ёсны эзэмшигч нарын өмнөөс итгэмжлэлээр хуулийн дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч нар манай байранд 2 жил 4 сарын хугацаанд амьдрахдаа обой, шал, нойлын өрөө зэргийг гэмтээсэн. Үүний улмаас байрандаа 2091000 төгрөгийн засвар болон засварын хөлс төлсөн. Миний хувьд нийт 14921652 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч тал байранд амьдрах хугацаанд төлөөгүй ашиглалтын зардал 652000 төгрөг, барилгын материал болон засварын хөлс 2091000 төгрөг, тухайн байранд 27 сар амьдарсны 12150000 төгрөг болж байгаа. Хүний байранд 27 сар үнэгүй амьдрах нь шударга ёс мөн үү. Хүн хаана ч амьдарсан мөнгө төгрөг төлөх ёстой, хариуцагч талыг мөнгө төлөхгүй гэж байгааг гайхаж байна. Хариуцагч талтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсон хэдий ч 27 сард амьдарсан хугацааны мөнгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууцыг буцаан авах үед эвдэрч гэмтсэн эд зүйлийг хариуцагч талаар төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч тал байрны төлбөрөө төлөөгүй улмаас хохирол учирсан. Иймд 14921652 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нөхөр бид хоёр 2017 онд байр худалдах зарын дагуу Б.Б-тэй холбогдсон. Ингээд тухайн үеийн эдийн засгийн байдал хүнд ипотекийн зээл хаалттай байсан тул 5000000 төгрөгийн урьдчилгаа өгч, мөн Б.Б-ийн ипотекийн зээлийг төлж явна гэж аман гэрээ хийсэн. Гэрээний дагуу үүргээ биелүүлээд явж байтал гуравдагч этгээдүүд гарч ирээд 2018 онд бичгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулсан. Ашиглалтын зардлыг манайх сар бүр төлж явсан. 2018 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга ажлын баг гаргаж байрны халаалтыг шалгуулахад буруу холбогдсон байна гэсэн. Тэгээд Б 2018 оны халаалтын мөнгө биднээс авахгүй гэж тохирсон. Бусад бүх ашиглалтын зардлыг тухай бүр төлж байсан” гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байрны урьчилгаанд өгсөн мөнгийг Б.М авсан гэдгээ хүлээн өмнөх шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн. Иймд Б.Маас 2000000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа” гэжээ.

Б.М сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д-ийн сөрөг нэхэмжилсэн 2000000 төгрөгийг зөвшөөрч байгаа” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б, Г.Д нараас 2091000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Т, Б.Б, Б.Б нарт олгож, үлдэх хэсэг 12150000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ы нэхэмжилсэн байранд амьдарч байх хугацааны ашиглалтын зардал 680652 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-ийн 2000000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамид төлсөн 232558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр, хариуцагч С.Б, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 48406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Т, Б.Б, Б.Б нарт олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар С.Б, Г.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр, хариуцагч Б.Маас 46950 төгрөгийг гаргуулж Г.Д-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 520 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын үлдэх хэсэг 12150000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анх бидний хооронд орон сууц худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсноос орон сууцаа буцаан авахад ашиглалтаас үүссэн гэмтлийг засварлах үйлчилгээний зардал гарч хариуцагч Д, Б нар нь 27 сарын турш уг байранд үнэ төлбөргүй амьдран суусан. Хөлсийг түрээсийн жишгээр тооцон төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч нар нь 27 сар дулаан байранд тав тухтай үнэ төлбөргүйгээр амьдарч ажил төрлөө хийж байсан. Харин бид нар гэр оронгүйгээс Улаанбаатар хотод байр түрээслэж бизнесийн ажил хийдэг байсан маань зогсож давхар хохирсон. Хариуцагч нар 2 жил 4 сарын турш манай байранд үнэ хөлс төлөхгүй өөрсдийн мөнгөө хэмнэж үндэслэлгүйгээр хөрөнгөжин амьдарч байсан. Бид өөрсдөө байр түрээслэсэн талаарх гэрээгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ түрээсийн гэрээ нь талууд харилцан тохирч гарын үсгээ зурж баталгаажуулсан үндсэн эхээрээ гэрээ учир хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байгаа гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн хариуцагч Д, Б нараас 12150000 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Б.М нь хариуцагч С.Б, Г.Д нараас 14921652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Б.М-аас 2000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгнө. Эрх, үүрэг тайлбарлах өгөх гэдэг нь хэргийн оролцогчид хуулийн хүрээнд ямар эрхтэй, ямар үүрэгтэйг нь тэдэнд мэдүүлэх гэсэн ойлголт юм.

           Шүүгч энэхүү ажиллагааг хэрхэн үр дүнтэй явуулснаас шалтгаалан маргааны талаархи талуудын мэтгэлцээн хуульд заасны дагуу явагдах, хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлж цуглуулах, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Алдар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон байхад түүнд эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагаа хийгдээгүй байна. Энэ ажиллагаа дутуу дулимаг хийгдсэн тохиолдолд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.   

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Давж заалдах шатны шүүхээс  маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 209350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 209350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.