| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0014/З |
| Дугаар | 125/ШШ2024/0039 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 125/ШШ2024/0039
2024 09 16 125/ШШ2024/0039
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН
ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ,
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Буянт сумын засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/123 дугаартай захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд ******* нар эвлэрлийн гэрээндээ:
1. Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах услалтын системийн цементэн шуудууны арын хэсгийн 3 га газрыг *******ы нэрээр газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтээр оруулна.
2. Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах услалтын системийн цементэн шуудууны арын хэсгийн 7000 м.кв орчим газрыг хэсэгчлэн *******, *******, ******* нарт нотариатаар батлуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хэсэгчлэн шилжүүлнэ
3. Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах услалтын системийн цементэн шуудууны арын хэсгийн үлдэх газрыг Ховд аймгийн Буянт сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу олгоно.
4. Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах услалтын системийн цементэн шуудууны урд талын хэсгийн 4,2 га газар *******ын эзэмшилд хэвээр үлдэнэ.
5. ******* нь өөрийн эзэмшлийн 4,9 га газраас 0,7 га газрыг 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр тооцон нотариатаар батлуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч талд шилжүүлнэ.
6. *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор *******ад бүрэн төлнө.
7. *******ын эзэмшил газарт байрлах ногооны амбаарыг 2025 оны 4 дүгээр сард багтаан нэхэмжлэгч тал нь бүрэн буулгаж шилжүүлж авна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд ******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Буянт сумын засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/123 дугаартай захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР