Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/459

 

                                                         Ц Т Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Уянга,

хохирогч Ц.Н,

шүүгдэгч Ц Т Т, түүний өмгөөлөгч Э.Уянга,

орчуулагч Н.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлоор Ц Т Т-д холбогдох 2008 00369 1598 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

БНХАУ-ын иргэн Ц Т Т /C T T/, ............., Монгол Улсад ял шийтгэл эдэлж байгаагүй, /Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн дугаар ....., гадаад паспортын дугаар .........../;  

Шүүгдэгч Ц Т Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Н-тэй маргалдан, түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөж, түүний эрүүл мэндэд “баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц Т Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ц Т Т /C Т Т/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Т Т-г 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц Т Т-д оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч нь хохирогчид 270.000 төгрөг төлсөн, тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан эмчилгээний болон сэтгэл санааны гэх хохирлын талаарх нотлох баримтаа, мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс буюу эрх бүхий этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн шүүхийн зардлын талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц Т Т-аас нэхэмжлэх эрхтэйг мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц Т Т-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 заасныг тус тус зөрчсөн тухайд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон хохирогч Ц.Н-н мэдүүлэг /1 хх 05, 26, 3 хх 18-20/, гэрч Б.Т-н мэдүүлэг /1 хх 9-10/, гэрч М.Ш-н мэдүүлэг /1 хх 73/, шинжээчийн 1335, 43, 132 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчиж цуглуулсан нотлох баримт байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж үнэлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад үл нийцнэ. Тодруулбал, хэргийн үйл баримтыг гэрчлэн нотолсон гэрч нараас мэдүүлгүүдийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон мэдүүлэг авсан боловч гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус сануулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулийг сануулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5, 6 дугаар хэсэгт заасныг биелүүлээгүй, гэрч нарын мэдүүлгийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн дүгнэлт.

2. Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанаас гарсан захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж цугларсан, шинжээч нараас хөтөлж асуусан асуултын хүрээнд хариултыг авсан, цаг хугацааны хувьд тусгаж асууж дүгнэлт гаргуулсан байх тул хууль зөрчиж цуглуулсан дүгнэлтүүдийг үндэслэн шийдвэр гаргах боломжгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2479 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээчийн 1335, 43, дугаартай дүгнэлтүүд нотлох  баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын үндэслэлд дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөрүүтэй үнэлж дүгнэсэн буюу шүүхээс хийсэн дүгнэлт эргэлзээтэй гэж ойлгохоор байна. Шүүгчийн захирамжид заасны дагуу дахин гаргасан шинжээчийн 132 дугаар дүгнэлт нь өмнөх 43 дугаар дүгнэлт үндэслэлтэй гэж гаргасан боловч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан “..шинжилгээний объект нь нийтлэг болон тусгай шаардлага хангаагүй бол дүгнэлт гаргахаас татгалзахаар хуульчилсан...” хуулийг зөрчиж гаргасан дүгнэлт тул мөн нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Хууль зөрчиж гарсан дүгнэлт гэдэг нь хэрэгт хохирогчийн компьютер томограф, МRI бичлэг бүхий хуурцаг буюу CD байхгүй, өмнөх дүгнэлтүүдийн хуулбарыг үндэслэн сүүлийн дүгнэлт гаргасан болохыг шүүх хуралдаанд оролцсон шинжээч хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болохыг нотолсон.

3. Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн хэргийг хэлэлцэхийг хойшлуулсан шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжид мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлтүүд болох /1 хх 114-115/, /1 хх 129- 133/, /1 хх 217-222/ дүгнэлтүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Дахин дүгнэлт гаргуулах, хохирогч хэрэг маргаан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон гэж анхнаасаа гомдол гаргасан /1 хх 5-д “12 сарын 25 гэж бичсэн байдаг”/ байтал алдаа гаргаж хэргийн дийлэнх баримтуудад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж илтэд алдаа гаргасан, алдааг нэг бүрчлэн залруулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахдаа 60 хоног дотор түүнээс бага боломжит богино хугацаанд хийж гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2479 дүгээр захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасныг “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”- д үндэслэн гарсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцогчдоос хэн ч энэ талаарх гомдол гаргаагүй, харин “...миний үйлчлүүлэгчийн гэм бурууг нотолсон баримтууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж цуглуулаагүй баримтуудыг нотлох баримтаас хасах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд нотлоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэсэн байр суурьтай мэтгэлцэж оролцсоор байхад яагаад шүүгч өөрийн санаачилгаар гомдол гаргасан гэх заалтыг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсныг ойлгохгүй байгаа ба энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд зааснаар 60 хоног дотроо хуралдаанаа зарлан шийдвэрлээгүйг шийтгэх тогтоолдоо тайлбарлахдаа: шүүгчийн захирамж 15 хоногийн дотор ёсчлогдон гарна, ...прокурор гардан авч ажиллагаа хийх ба шинжээчийн дүгнэлт прокурорын гардаж авснаас хойших хугацаанаас тоолоход 60 хоног дотроо гарсан учраас хойшлуулсан, 60 хоног дотроо ажиллагаагаа хийгээд шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэх агуулгаар тайлбарлан дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж миний хувьд үзэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хуульд заасан 60 хоног дууссан ба энэ хугацаанд шүүх хуралдаан хийгээгүй. Гэтэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг 2023 оны 1 сарын 16-ны өдөр шинжээч томилсон прокурорын тогтоол гарган хийж эхэлсэн, 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг шүүх хуралдааны өмнө танилцуулсан, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн зэрэг ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж өгнө үү.

Мөрдөн байцаалтын ажиллагаанд цугларсан нотлох баримтуудад хууль дээдлэх зарчмыг баримтлан дүгнэлт хийх ёстой байтал улсын яллагчаар алдааг засуулан, санаачилгаараа хойшлуулж, дахин дүгнэлт гаргуулан бусдыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн таамаг, төсөөллөөр дүгнэж, бусдын эрхэнд халдсан шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд үл нийцсэн үйлдэл шийдвэр.

4. Миний үйлчлүүлэгчийг буруутгасан нотлох баримтуудаар хэрэг учрал гарсан гэх өдөр хохирогчийг цохисон гэх ганц гэрч Т нь мэдүүлэхдээ “...баруун шанаанд цохисон...” гэдэг, гэтэл хохирогч 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр үзүүлсэн гэх эмнэлгийн баримтад баруун чамархайд гэмтэл учирсан гэдэг. Цаг хугацааны хувьд миний үйлчлүүлэгч баруун шанаанд цохисон гэж гэрчийн хэлснээр үзвэл чамархайд үүссэн гэмтлийг миний үйлчлүүлэгчийг учруулсан гэдгийг яаж, юугаар нотлоод байгаа нь ойлгомжгүй, шанаа, чамархай хоёр тэс өөр өөр байрлалд байдаг гэдгийг, хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд энэ гэмтэл үүссэн эсэх, тухайн цаг хугацаанд гэмтэл учруулсан байдал эргэлзээтэй байгааг анхаарч үзэх нь чухал. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. . ...” гэв.

Шүүгдэгч Ц Т Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Хохирогч Ц.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Би заавал Ц Т Т-г яллах гээд байгаа биш. Монгол улсад хууль гэж байдаг гэдгийг ойлгуулах гэсэн юм. Хэрэв энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол Эмээлтэд байгаа олон Хятад хүмүүс Монгол хүмүүсийг дээрэлхэж, доромжилж, зодож болдог юм байна гэсэн үзэлтэй болно. Би Ц Т Т-гаас нэхэмжлэх зүйлгүй, юу ч авахгүй. Ц Т Т өөрөө намайг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирлоос 270.000 төгрөг өгсөн. Эмээлтэд ажиллаж байгаа Хятад хүмүүс Монгол улсыг хордуулж байгаа, өмхий махыг үйлдвэрлэж байгаа. Тэр хүний нэг нь Ц Т Т юм. Өмхий махнаас болж Ц Т Т-тай маргасан, жинлүүрийг нь унтраах гэтэл намайг цохиж унагаасан. ...” гэв.

Прокурор Г.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад гэрч, хохирогч нарын мэдүүлэг авахдаа процессын хууль ноцтой зөрчсөн гэсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг сануулж мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн ажиллагаа биш. Шүүхийн шатанд 60 хоногийн завсарлага авсан хугацааны тухайд хяналтын прокуророос 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч томилсон. Анхан шатны шүүхээс тогтоосон 60 хоногийн хугацаанд ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Тийм учраас хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Хохирогчид учирсан гэмтлийг тусгай мэдлэг бүхий шинжээчид дүгнэлт гаргасан. Сүүлд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 132 дугаар дүгнэлтийг гаргасан. Тиймээс тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтэд маргах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц Т Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хэрэгт авагдсан гэрч Т, Ш нарын мэдүүлэг, сүүлийн шинжээчийн дүгнэлт болон Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Ц Т Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Н-тэй маргалдан, түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөж, түүний эрүүл мэндэд нь баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Н-н “... Би газрын гэрчилгээгээ газрын албанд зам гаргуулах ажилтай байна гэж хэлж байгаад авсан. Гэтэл надаас газрын гэрчилгээ нэхсэн. Тэгэхээр нь би өгөхгүй гээд бид хоорондоо маргаан болох үед Б /Тото буюу Ц Т Т/ гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохиод би газар унасан. Гэтэл миний өгзөг хэсэгт нэг удаа нэмж өшиглөөд авсан. ...” /1 хх 7-8/, “... Тухайн үед миний толгой манарч түр ухаан балартаад газарт хэсэг өндийж суусан ...” /1 хх 68/, 

гэрч Б.Т-н “... Махны үйлдвэрт хамт ортол Б хүмүүсээс мах авах гээд зогсож байсан чин Н Б-д хандан “чи ямар мөнгөөрөө мах худалдаж аваад байгаа юм, хүмүүсийн мөнгө өгөөч” гэж хэлээд мах жинлэж байсан жинг нь унтраагаад автал Б нь Н эгчийг нэг удаа шанаа орчимд гараараа цохиод авсан. Тэгээд хэсэг хэрүүл маргаан болоод өнгөрсөн. ...” /1 хх 10/,

гэрч М.Ш-н “... Удалгүй 5-6 минутын дараа ээж ёолж орилсон байдалтай, Т эгч ээжийг түшчихсэн орж ирсэн ба юу болсон талаар асуухад тэр хоёр хоёулаа Ц Т Т-г ээжийг цохиж унагаж өшиглөөд зугтаасан талаар ярьж байсан. Т эгч Ц Т Т-г “чи яагаад ээж шигээ хүнийг цохиж, өшиглөж байгаа юм бэ” гэж байсан. Ээж толгойгоо бариад ёолоод байсан. ...” /1 хх 73-74/ гэх мэдүүлгүүд,

Хохирогч Ц.Н-н өвчний түүхийн хуулбар, компьютерт томографийн оношлогооны хариу /1 хх 50/,2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн соронзон үелзүүрт томографын оношилгоо, эдгээрт үндэслэн гарсан

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Натур” эмнэлгийн толгойн болон аарцагны компьютер томографын шинжилгээ, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн соронзон үелзүүрт томографын оношилгоо зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой. Хохирогч Ц.Н-н 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографын зураг болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн толгойн МRI-н зургуудыг дахин уншуулахад баруун чамархайн тархины эдэд нягтрал ихэссэн голомтлог цусан хураатай, тархилаг эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон байна. Хохирогч Н.Н-н биед үүссэн баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. ...” гэсэн хэргийн материалаар хийсэн 1335 дугаартай дүгнэлт /1 хх 129-133/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.12.04-ний өдрийн Шүүх эмнэлгийн 1335 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Н-н биед учирсан баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020.01.09-ний өдрийн Натур эмнэлгийн толгойн КТГ-н зургаар баруун чамархайн тархины эдэд голомтлог цусан хураатай, тархины эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан нь тогтоогдсон. 2020.12.01-ний өдрийн толгойн МRI зурагт шинээр үүссэн цус харвалт тодорхойлогдоогүй, артерийн судаснуудад бөглөрөл, хэсэг газрын хананы цүлхийлт зэрэг архаг өөрчлөлт тогтоогдоогүй байна. Иймд энэ баруун чамархайн тархины эдэд үүссэн голомтлог цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020.01.09-ний өдрийн Натур эмнэлгийн толгойн КТГ-н зургаар Ц.Н-н биед тогтоогдсон баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Ц.Н-н биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...”  гэсэн 43 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ /1 хх 217-223/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “... 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Н-н тухайн үед баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл үүсжээ. Баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдэд 1.2x0.5 см хэмжээтэй +54,+64 нягтралтай цус хуралт, тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэх үед мэдрэлийн голомтот болон ерөнхий өөрчлөлтүүд үүснэ. Тухайлбал толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх , гар хөл сулрах шинжүүд илэрнэ. Ц.Н-н биед тухайн үед учирсан баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...” гэсэн 132 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /3 хх 190-196/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц Т Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Ц Т Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгч Э.Уянгаас “... хохирогч Ц.Н, Б.Т, М.Ш нарын мэдүүлэг, шинжээчийн 1335, 43, 132 дугаартай дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчиж цуглуулсан, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2479 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээчийн 1335, 43, дугаартай дүгнэлтүүд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын үндэслэлд дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөрүүтэй үнэлж дүгнэсэн буюу шүүхээс хийсэн дүгнэлт эргэлзээтэй, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шинжээч томилсон прокурорын тогтоол гарган хийж эхэлсэн, 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг шүүх хуралдааны өмнө танилцуулсан, 2023 оны 2 сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хийсэн зэрэг ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Цаг хугацааны хувьд миний үйлчлүүлэгч баруун шанаанд цохисон гэж гэрчийн хэлснээр үзвэл чамархайд үүссэн гэмтлийг миний үйлчлүүлэгчийг учруулсан гэдгийг яаж, юугаар нотлоод байгаа нь ойлгомжгүй, шанаа, чамархай хоёр тэс өөр өөр байрлалд байдаг гэдгийг, хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд энэ гэмтэл үүссэн эсэх, тухайн цаг хугацаанд гэмтэл учруулсан байдал эргэлзээтэй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2479 дүгээр шүүгчийн захирамжаар Ц Т Т-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж 60 хоногийн дотор ажиллагааг хийж шүүхэд буцаан хүргүүлэхийг прокурорт даалгажээ.

             Уг захирамжийг прокурор 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гардан авч /3 хх 165/ 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 132 дугаартай шинжилгээний дүгнэлт гарсан байна.

            Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 132 дугаартай, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 43 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй болохыг дүгнэсэн ба 43 дугаартай дүгнэлт нь урьд гарсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.12.04-ний өдрийн Шүүх эмнэлгийн 1335 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтийг үндэслэлтэй гэж, өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүд нь харилцан өмнөх дүгнэлтээ нотолсон агуулаг бүхий гарсан байна.

            Энэ байдлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоолдоо 43, 1335 дугаартай дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

            Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар нь хэргийн материалаар хийсэн дүгнэлтээ 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан ба үүнээс хойш ямар хугацаанд бичгийн хэлбэрээр гарч прокурорт гардуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

            Харин анхан шатны шүүх нэн даруй буюу 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ц Т Т-д холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг тогтоох тухай шүүгчийн захирамж /3хх 196/ гаргасан бөгөөд үүнээс үзэхэд Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн 132 дугаартай дүгнэлт шүүхэд ирүүлсний үндсэн дээр шүүх хуралдааны товыг тогтоосоныг хууль зөрчсөн гэж үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...бид хоорондоо маргаан болох үед Б /Тото буюу Ц Т Т/ гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохиод би газар унасан. Гэтэл миний өгзөг хэсэгт нэг удаа нэмж өшиглөөд авсан. ...” /1 хх 7-8/, гэрч Б.Т-н “... Б нь Н эгчийг нэг удаа шанаа орчимд гараараа цохиод авсан. ...” /1 хх 10/, гэрч М.Ш-н “... Удалгүй 5-6 минутын дараа ээж ёолж орилсон байдалтай, Т эгч ээжийг түшчихсэн орж ирсэн ба юу болсон талаар асуухад тэр хоёр хоёулаа Ц Т Т-г ээжийг цохиж унагаж өшиглөөд зугтаасан талаар ярьж байсан. ...” /1 хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 1335 дугаартай дүгнэлт /1 хх 129-133/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 43 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлт /1 хх 217-223/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 132 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /3 хх 190-196/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй давхар нотлогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, хууль зөрчиж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгч Э.Уянгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР