Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/483

 

                                                            А.А, А.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Давааням,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, А.М, шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч А.А, А.М, У.У нарт холбогдох 2105 01592 2528 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны  4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Ш овгийн А-н М, ...............,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 118 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, /РД: ........./;  

2. Д овгийн А-н А, ..........,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 632 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялтай дүйцүүлэн нэмж нэгтгэж, нийт 9 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, /РД: ......../;  

3. Б овгийн У-н У, ..........,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 108 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: ........./,

Шүүгдэгч А.М, А.А нар нь бүлэглэж 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтэрсэн, улмаар түүний Хаан банкны 502...023 дугаартай харилцах дансны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг өөрчлөн 6.000.000 төгрөгийг иргэн С.Р-н эзэмшлийн Хаан банкны 58...708 дугаар дансаар шилжүүлэн авсан,

Шүүгдэгч А.М, У.У нар нь бүлэглэж 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтэрсэн, улмаар түүний Хаан банкны 502..023 дугаартай харилцах дансанд нэвтэрч 2.000.000 төгрөгийг иргэн Б.Т-ын эзэмшлийн Хаан банкны 536......98 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, иргэн Б.Д-ын 521..430 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, Д.А-н 592..2871 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.М, А.А, У.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокуророос шүүгдэгч У.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.М, А.А нарыг бүлэглэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн болон хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.М, У.У нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, А.А нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, А.А нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-г 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 1 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-н цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-д оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тус ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-с 4.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Б-д олгож, тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.М, У.У нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.А-н насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн шалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалалт, холбогдох бусад асуудлыг төрийн зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг Баянгол дүүргийн прокурорын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 1996 онд Улаанбаатар хотод төрсөн, ам бүл 2, хүү Х.И 7 настай. 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглаж хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтэрч, түүний Хаан банкны нууц үг болон гүйлгээний кодын сольж, өөр данснаас 6.000.000 төгрөгийг нууцаар хүч хэрэглээгүй хууль бусаар шилжүүлж авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ харамсаж үнэхээр их гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд саад учруулалгүй, үнэн зөв мэдүүлсэн билээ. Мөн уг гэмт хэрэгт өөрийн учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймээс давж заалдах шатны шүүх надад итгэл үзүүлж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.2 дугаарт “Шүүгдэгч А.М, А.А нарын гэмт гэмт үйлдэл нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн болон хулгайлах гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангасан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “нийлмэл гэмт хэрэг” гэсэн хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд харин 2002 оны Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд нийлмэл гэмт хэргийн тухай зохицуулалт байдаг. Тиймээс шүүгдэгч А.А, А.М  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл, шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

2. Хэдийгээр анхан шатны шүүх “...шүүгдэгч нар тус бүр урьд өмнө ял шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэдний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно. Шүүгдэгч А.М гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохиролд 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна” гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгч А.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Харин шүүгдэгч А.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 12.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Мөн шүүхийн шийдвэр гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдсэн арга хэлбэр, нийгэмд учруулсан хор хохиролтой хамааралтай байж, хүнлэг энэрэнгүй байх зарчимтай. Тиймээс давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан, шүүгдэгч А.М-д итгэл үзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялаар солихоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А-н өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд А.А-г урьд 2 удаагийн ял шийтгэлтэй гэж бичсэн. Нэг цаг хугацаанд үргэлжилсэн 3 үйлдэлд 3 удаагийн ял шийтгэл оногдуулж байгаа. Уг нь нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан. А.А-н эрх зүйн байдал дордож байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч А.А нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө хувийн байгууллагад ажиллаж байсан. А.А хоригдож байгаа учраас авах ёстой цалинг нь хөөцөлдөх хүнгүй болоод байна. Цалингаа хохиролд тооцуулахаа илэрхийлж байсан. А.А нь 7 настай хүүтэйгээ хоёулаа амьдардаг, “хүүгийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарах боломжгүй боллоо, хүү маань манай эцэг, эхтэй амьдардаг, ар гэрийн байдлыг харгалзан үзээд шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна гэв. 

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон бусад бичгийн баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан атлаа уг үйлдлээ ойлгож, ухамсарлаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын болон өмгөөлөгч нараас гарсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М, шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.А, А.М  нар нь бүлэглэж, 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтрэн, улмаар түүний Хаан банкны 502...23 дугаартай харилцах дансны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг өөрчлөн 6.000.000 төгрөгийг иргэн С.Р-н эзэмшлийн Хаан банкны 583...708 дугаар дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

шүүгдэгч А.М нь 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтэрсэн, улмаар шүүгдэгч У.У-тай бүлэглэн А.Б-ны Хаан банкны 5023449023 дугаартай харилцах дансанд нэвтэрч 2.000.000 төгрөгийг иргэн Б.Т-н эзэмшлийн Хаан банкны 53......98 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, иргэн Б.Д-ын 52....430 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, Д.А-н 59...871 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хулгайлсан,

шүүгдэгч А.У нь А.М-н 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтэрсэн байхад нь түүнтэй бүлэглэн хохирогч А.Б-ы Хаан банкны 5023449023 дугаартай харилцах дансанд нэвтэрч 2.000.000 төгрөгийг иргэн Б.Т-ын эзэмшлийн Хаан банкны 536... 98 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, иргэн Б.Д-н 52...430 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, Д.А-н 59...871 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Б-ны “... Улаанбаатар хотод ирээд ээжийн ахынд түр оршин суух болсон бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 5-ны өглөө сэрэхэд миний гар утсанд Хаан банкнаас “таны ... дугаарын данснаас 2.000.000 төгрөг, ...-ийн гүйлгээ тус тус хийгдсэн” гэсэн утгатай мессеж ирсэн байсан. Би гайхаад гар утсаа оролдох үед жи мэйл, ибаримт, Хаан банкны нууц үг солигдсон байсан. ... Өвөрхангай аймагт хувийн ажлаар явж байхдаа интернэт банк нээлгүүлэх гээд тус аймгийн банкны теллер намайг жи мэйл хаягаа, нууц үгтэй нь өг ... гээд надад жи мэйл хаяг нээж өгсөн. ...” /1 хх 14-15/,

гэрч С.Р-н “... Би өөрөө виза картаараа АТМ-ээр үйлчилгээ авч чаддаггүй ба АТМ-ээс мөнгө авахуулах шаардлагатай үедээ АТМ дээр байсан хүмүүсээс туслалцаа авч нууц үгээ хэлээд мөнгө авахуулдаг байсан. ...” /хх 14/,

гэрч Н.Д-н “... Манай охин Ар.. банкны дансаа надад ашиглуулдаг байсан. ... АТМ орж хүн рүү мөнгө шилжүүлчихээд гарах гэхэд нэг жижигхэн биетэй туранхай, 11, 12 дугаар ангийн гэмээр 155-160 см өндөртэй охин ирээд “мөнгө шилжүүлээд өгөөч, картаа мартчихсан байна” гэсэн. Тэгээд миний нүдэн дээр интернэт банк руугаа ороод миний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж, утга дээр нь орлого гэж хийсэн. АТМ-ээс 2.000.000 төгрөгөө аваад тухайн охинд шууд бэлнээр өгсөн. ...” /1 хх 87-88/ гэсэн мэдүүлгүүд,

А.Б-ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 18/, Б.Д, С.Р, Д.А нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 35, 41, 51-55/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан камерийн бичлэг бүхий сиди /1 хх 72/, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 168-171/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйл баримтыг тогтоон үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч У.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.А, А.М  нарыг бүлэглэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн болон хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.М, У.У нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М  нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М  нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-г 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А, А.М  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 1 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А, А.М нарт оногдуулсан хорих ял, шүүгдэгч У.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Харин шүүгдэгч А.А, А.М нар нь энэ төрлийн болон өөр төрлийн гэмт хэрэг холбогдож тус тусдаа ял шийтгүүлсэн байхдаа энэ шийтгэх тогтоолоор тус бүр хорих ял шийтгүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зарчмыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг дурдаж байна.

Үүнээс гадна, хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч, гэрч нарын банкны дансны хуулгаас үзэхэд гэмт хэргийг 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үйлдсэн байхад хэргийг прокурорын хяналтын шатанд буюу зарим эрх зүйн актад гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдсэн мэтээр алдаатай бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч А.А, А.М болон өмгөөлөгч Ж.Давааням нараас  “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч А.А, А.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувь хүний мэдээллийг агуулсан кибер орчинд хууль бусаар халдсан хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.А-н насанд хүрээгүй хүүхдийн асрамжтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн шалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалалт, холбогдох бусад асуудлыг төрийн зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг прокурорын байгууллагад даалгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч А.А, А.М  нар нь бүлэглэж цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч А.Б-ны жи мэйл хаягт нэвтэрч, интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг өөрчилсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан, харин хохирогчийн данснаас мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар буюу хохирогчийн интернэт банкны дансаас бусдын данс руу шилжүүлэн хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, А.М, шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд тус бүр цагдан хоригдсон 63 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, А.М, шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Ж.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М нар нь 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 4ий өдрийг хүртэл хугацаанд тус бүр 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР