Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 0029

 

О.М-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,   

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                             Х.Батсүрэн,

                                             П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай албан бичиг илт хууль бус болохыг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилохыг даалгах”,  

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0597 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар.

Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тусбаримтлан нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №175 албан бичиг /захиргааны акт/-ийг илт хууль бус болох тогтоож, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /С.Ганцогт/-аас дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0597 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчлөн, 4 дэх заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас: Иргэн О.М-ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт надад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Үндэслэл нь нэхэмжлэгч О.М-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хариу тайлбар гаргасан. Гэвч Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэгчийн шаардлагад үндэслэн хариуцагчийн хариу тайлбарыг авч хэлэлцэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хариу тайлбартаа “Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн А.Бямбасүрэн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хандсан ба Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг үүсгэн Оюут багийн Засаг даргыг сонгох сонгууль хууль зөрчсөн /тухайн багийн харьяалалгүй иргэд тус сонгуульд санал өгч оролцсон/ гэж үзэн хүчин төгөлдөр бус болгуулахаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.

5. Дээрх захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй байгаа юм. Учир нь дээрх Оюут багийн засаг даргыг сонгох сонгууль хүчин төгөлдөр эсэхийг Баян-Өндөр сумын Засаг дарга эцэслэн шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй ба энэ эрх нь гагцхүү шүүхэд байна. Шүүхээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд Баян-Өндөр сумын Засаг дарга томилох эсэх эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой болох юм” гэж тайлбарласан ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ асуудал дээр дүгнэлт хийгээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Баян-Өндөр сумын Засаг дарга нь Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар албан бичгээр түдгэлзүүлэх чиглэл өгсөн гэх үндэслэлээр томилох эсвэл томилохоос татгалзах шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан нь захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байх тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна” гэсэн нь хэргийг нэг талаас нь харж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь Засаг дарга О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа үндэслэл нь Оюут багийн Засаг дарга сонгох сонгууль хууль ёсны болсон эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад өөрт олгогдоогүй эрхийг эдэлж дээрх сонгууль хууль ёсны хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ тайлбараа анхан шатны шүүхэд, болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа хэлж тайлбар хийсэн.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0597 дугаар магадлалыг хүчингүй болгож иргэн А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох, гуравдагч этгээдээр иргэн О.М оролцож байгаа Оюут багийн Засаг дарга сонгох сонгууль хүчин төгөлдөр бус болгуулахыг шаардсан захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч О.М нь “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, багийн Засаг даргаар томилохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор, сонгогчдын олонхийн буюу 50,2 хувийн санал авсан О.М-ыг багийн Засаг даргад сонгогдсоноор тооцож, түүнийг томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, багийн Засаг даргад нэр дэвшигч А.Бямбасүрэн болон иргэн Б.Оюун нараас “багийн иргэдийн Нийтийн Хурал хууль бусаар хуралдсан” гэсэн гомдлыг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан байх ба тус Хурал нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, тус сумын Засаг даргад “...А.Бямбасүрэнгийн өргөдөл үндэслэлтэй гэж үзсэн тул гомдол эцэслэн шийдвэрлэх хүртэл ...02 дугаар тогтоолыг түр түдгэлзүүлнэ үү” гэсэн агуулгатай 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот албан бичгийг хүргүүлсэнийг үндэслэн хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгч О.М-ыг багийн Засаг даргаар томилоогүй байна.

11. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, оролцогчдын маргаж буй үндэслэлийг шалгаж, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж дүгнэлт хийгээгүй байна.

12. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Оюут багийн Засаг даргын санал хураалтанд оролцож, багийн иргэдийн Нийтийн Хурлын 02 дугаар тогтоолоор 50.2 хувийн саналаар багийн Засаг даргад сонгогдсон. ...Гэтэл Баян-Өндөр сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот албан бичгийн дагуу томилох асуудлыг түдгэлзүүлсэн гэсэн хариуг өгсөн. Дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргын үйл ажиллагаа нь ...миний хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна” гэж тодорхойлон маргажээ.

13. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...иргэн А.Бямбасүрэн, Б.Оюун нарын гаргасан өргөдөл, гомдол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 16 тоот хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Оюут багийн иргэдийн нийтийн хурлын 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй тул асуудлыг хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн” гэсэн тайлбарыг гаргасан бол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ...175 тоот албан бичиг ирсэн. Энд заасан чиглэлийн дагуу сумын Засаг дарга нь О.М-ыг багийн Засаг даргаар батлаагүй, тухайн маргаантай асуудал, гомдлыг шийдэж дуустал хүлээж байгаа” гэсэн байна.

14. Хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй” гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

15. Иймд, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болсон Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдсан эсэх, уг Хуралтай холбоотой маргаан хуулийн ямар байгуулагад шалгагдаж буй, шийдвэрлэгдсэн эсэхийг шалган, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, шаардлагатай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эсвэл хэргийг нэгтгэж шийдвэрлэх байжээ. Ийнхүү анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхэд гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0597 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА