| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00704/И |
| Дугаар | 301/ШШ2025/00027 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 301/ШШ2025/00027
| 301/ШШ2025/00027 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух А овгийн М.Д
Хариуцагч: А аймгийн И сумын Э багт оршин суух Б овгийн Т.О
Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
4,840,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Д
Хариуцагч Т.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Д-н 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.О-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.О-н нэхэмжлэгч М.Д-с 4,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
- Т.О нь миний хадам дүү бөгөөд 2023 оны 8 сард хурдан морины хүүхдийн цалин өгөх, Эрдэнэт хотоос Архангай аймгийн төв рүү ирэх бензины мөнгө нийт 2,500,000 төгрөг зээлчих удаахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь өгсөн. Т.О, түүний эхнэр М нар унаач хүүхдийн цалин өгнө гээд 1,000,000 төгрөг, Эрдэнэтээс гэрээ нүүлгэж ирнэ гээд 1,500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр би 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг тус тус Т.О-н эхнэр М-н данс руу шилжүүлсэн. Т.О зээлсэн мөнгөө өгөх бололцоотой боловч өгөхгүй удааж байна. Мөнгөө өгөхийг Т.О-с удаа дараа шаардахад эхлээд адуу өгч авахаар тохиролцоод адуугаа авахаар очиход над руу салаавч гаргасан. Би Т.О-т зээлүүлсэн мөнгөө өнөөдөр өг гэж шаардаагүй, бололцоогоор өгчхөөрэй гэж хэлж байсан. 1,000,000 төгрөгийг бэлэглээгүй. Би өмнөөс нь банкинд мөнгө төлж байгаа учраас зээлсэн мөнгө 2,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүргэн ах М.Д-с манай эхнэр мөнгө авсан. Эгч надад 1,000,000 төгрөг бэлгэнд өгөөгүй. Миний хувьд энэ мөнгийг өгчихмөөр байдаг боловч манай гэр бүлийнхэн зөвшөөрдөггүй. Би эгчийгээ бодоод М.Д-н нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг түүнд өгөхийг зөвшөөрч байна гэв.
4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би бичиг үсэг мэдэхгүй болохоор шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бичээгүй, манай эхнэр бичсэн. Би М.Д-тэй малыг нь харж өгөхөөр гэрээ байгуулаагүй, бид нар 10 тугалтай үнээ өгнө, авна гэж тохиролцоогүй, цалин хөлс тохиролцож малыг нь харж байгаагүй гэв.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Т.О-тай тохиролцож малаа хөлсөөр харуулаагүй. Эхнэр бид тэтгэврийн хүмүүс, 3 хүн цалинжуулж ажиллуулах уу. Эд нар манайд байхдаа манай хоолыг идэлцэж байгаа юм чинь байгаа айлынхаа ажлаас элбэлцэж л байсан. Малаа маллуулах тохиролцоо хийгээгүй учраас түүний нэхэмжилсэн 4,840,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Т.О үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын санаачлага хүсэлтийн үндсэн дээр явагддаг. Тодруулбал: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэргээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох талаар бие дааж шийдвэрлэх эрхтэй байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд хариуцагч Т.О нь нэхэмжлэгч М.Д-н зээлийн гэрээний үүрэг 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.
Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг буцаан өгөхгүйгээр буюу хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан гэж тайлбарлаагүй.
Нэхэмжлэгч М.Д-н хариуцагч Т.О-н эхнэрийн данс руу шилжүүлсэн унаач хүүхдийн цалин өгөх, Эрдэнэт хотоос нүүж ирэх бензиний мөнгө нийт 2,500,000 төгрөгийг хариуцагч Т.Отгонбаяр төлөхийг зөвшөөрч байгаа нь хууль зөрчихгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7 . Хариуцагч Т.О шүүхэд “2023 оны 9 сараас эхлэн 2024 оны 4 сар хүртэл 8 сарын хугацаанд М.Д-йн 100 гаруй тооны үхрийг эхнэр, хүүгийн хамт хөлсөөр маллаж байсан. Үүний хөлсөнд 10 тугалтай үнээ өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй. Дээрх хугацаанд үхрийг нь маллаж байсан хөлсөө тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжлэгч М.Д-с 4,840,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч М.Д “Би Т.О-тай тохиролцож малаа хөлсөөр харуулаагүй. Малаа маллуулах тохиролцоо хийгээгүй учраас түүний нэхэмжилсэн 4,840,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Хариуцагч Т.О “Би бичиг үсэг мэдэхгүй болохоор шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бичээгүй, манай эхнэр бичсэн. М.Да-тэй малыг нь харж өгөхөөр гэрээ байгуулаагүй, бид нар 10 тугалтай үнээ өгнө, авна гэж тохиролцоогүй, цалин хөлс тохиролцож малыг нь харж байгаагүй” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Т.О нарын хооронд ажил үйлчилгээ гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөхөөр харилцан тохиролцож хэлцэл, гэрээ байгуулагдаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Т.О-н нэхэмжлэгч М.Д-с 4,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгөөс 27,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.О-с 24,475 төгрөг, улсын орлогоос 24,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Д-т олгож, хариуцагч Т.О-н сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 92,390 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Т.О нь М.Д-н малыг маллаж байсан нь үнэн болохыг нутгийн малчид гэрчилж гарын үсэг зурсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44, 756 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй тул шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Д-н нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.О-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Т.О-н нэхэмжлэгч М.Д-с 4,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгөөс 27,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.О-с 24,475 төгрөг, улсын орлогоос 24,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Д-т олгож, хариуцагч Т.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,390 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА