| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00110/И |
| Дугаар | 317/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00111
2025 01 28 317/ШШ2025/00111
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Е ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү –д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 919,165.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч С.Ү нь манай Е ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сариын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч С.Ү нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч С.Үгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч С.Үгээс үндсэн зээл 1,499,900 төгрөгөөс 974,822.49 төгрөг төлж, үлдэгдэл 525,077.51 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1218 хоногийн үндсэн хүү 803,793.40 төгрөгөөс 475,337.82 төгрөгийг төлж, үлдэгдэл 328,455.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 65,632.76 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 919,165.85 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч С.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Ү би нэхэмжлэгчийн шаардсан 919,165.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөний эхний төлөлтийг 2025 оны 02 дугаар сарын 03-нд 459,600 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-нд үлдэгдэл 459,600 төгрөгийг төлөх болно. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч С.Үд холбогдуулан гэрээний үүрэгт 919,165.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч С.Ү нь нэхэмжлэлийн шаардлага 919,165.85 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 459,600 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл 459,600 төгрөгийг нэхэмжлэгч Е ХХК-д төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ү бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,700 төгрөгийн тал хувь болох 13,350 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,350 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Үд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 919,165.85 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 459,600 төгрөгийг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үлдэх 459,600 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Е ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,700 төгрөгийн тал хувь 13,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,350 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 13,350 төгрөгийг хариуцагч С.Үгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ