Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 301/ШШ2025/00034

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00034

 

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Б багт оршин суух Аовгийн О.П

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.П

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч О.П нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1992-1995 оны 3 сар хүртэл Эрдэнэт хотод хивсний үйлдвэрт ажиллаж байгаад ажлын байрны цомхотголоор ажлаасаа гарсан. 1995 оны 4 сард Т.Г-тай гэр бүл болж, 1998 онд хурим найраа хийж 1999 онд гэрлэлтээ батлуулсан. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Гарчин гэх газар 1995 оны 4 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийнхаа малыг маллаж байсан. Би малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч архиваас А данс гараагүйгээс шалтгаалж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Гарчин гэх газар 1995 оны 4 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү  гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.П 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан. О.П-н дээрх хугацааны малын А данс хадгалагдаж үлдээгүй учраас түүнийг 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 202 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 830 тоот тодорхойлолт

- Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 03-10/4177,  03-10/4178, 03-10/4180 дугаар лавлагаа/

- О.П-д холбогдох 2013 оны 4 сарын 16-ны өдрийн 010500426 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 02/10 дугаар  тогтоол,

- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 32/34 дүгээр тогтоол

- Г.Б-н төрсний бүртгэлийн лавлагаа

- Г.М-н иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            4. Хүсэлт гаргагч О.П-н хүсэлтээр С.Д, З.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- П.М, Г.Б нарын төрсний ХААТР-11 маягт, О.П-д холбогдох гэрлэсний ХААТР-15 маягт/ Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 3/415 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 306 тоот тодорхойлолт

- нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/835 тоот лавлагаа

- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 03-01/6580 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 06 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч О.П-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 4 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 202 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 830 тоот тодорхойлолт, хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 03-10/4177,  03-10/4178, 03-10/4180 дугаар лавлагаа/, О.П-д холбогдох 2013 оны 4 сарын 16-ны өдрийн 010500426 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 02/10 дугаар  тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 32/34 дүгээр тогтоол, Г.Б-н төрсний бүртгэлийн лавлагаа, Г.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, П.М, Г.Б нарын төрсний ХААТР-11 маягт, О.П-д холбогдох гэрлэсний ХААТР-15 маягт/ Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 3/415 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 306 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/835 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 03-01/6580 тоот лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 06 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.Д, З.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт Ө сумын Б багийн 1995-2000 онуудын баримт шилжиж ирээгүй тул О.П-д лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 06 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд О.П-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч О.П нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

4. О.П нь А аймгийн Ө суманд 1995 оны 4 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч тэрээр 1995 оны 03 сард Эрдэнэт хотод хивсний үйлдвэрт ажиллаж байсан /хүсэлт гаргагчийн тайлбар/, 1996 онд ажилгүй гэж бүртгэгдэж байсан нь 1996 оны 03 сарын 14-нд төрсөн П.М-н төрснийг бүртгэх ХААТР-11 маягтаар хүсэлт гаргагч О.П-н 1995 оноос 1996 онд мал маллаж байсан нь нотлогдохгүй байна.

 

Гэрч С.Д, З.Б нар О.П-ын нөхөр Г-н хамт мал маллаж байсныг мэдүүлдэг боловч О.П-н мал маллаж эхэлсэн хугацааг өөрөөр мэдүүлсэн. О.П, Т.Г нар нь 1995 онд гэр бүл болоогүй, 1998 оны 7 сарын 30-нд гэр бүл болсныг 1999 оны 05 сарын 10-нд бүртгэсэн нь гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягтаар тогтоогддог тул хүсэлт гаргагчийн 1995 оны 4 дүгээр сараас 1996 онд мал маллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

  5. “Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Ө сумын Б баг, хөдөөд оршин суугч Т.Ш тэргүүлэгч өөрөө, 1974 оны 12 сард төрсөн, нас-25, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, О.П эхнэр, 1974 оны 5 сард төрсөн, нас-25, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 03-01/6580 тоот лавлагаа, “нөхөр Т.Г, эрхэлдэг ажил-малчин, эхнэр О.П, эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн 1999-5-1” гэж бүртгэгдсэн гэрлэсний ХААТР-15 маягт, гэрч С.Д, гэрч З.Б нарын  “О.П нь нөхөр Ганбаттайгаа А аймгийн Ө сумын Б багийн Гарчин гэх газар нутаглаж хувийн малаа маллаж байна. О.П Г нар мал маллахаас өөр ажил хийдэггүй, Ө сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй” гэсэн мэдүүлээг зэрэг нотлох баримтаар О.П-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1997 оноос 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд О.П-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1997 оноос 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 4 сарын 01-ний өдрөөс 1996 онд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан хүн ам, орон сууцны 1989, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 03-10/4178, 03-10/4180 дугаар лавлагаа/, О.П-д холбогдох 2013 оны 4 сарын 16-ны өдрийн 010500426 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, Г.Б-н төрсний бүртгэлийн лавлагаа, Г.М-н иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт нь хүсэлт гаргагч О.П-н мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дээрх баримтуудыг үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар А овгийн О.П-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1997 оноос 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 4 сарын 01-ний өдрөөс 1996 онд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА