Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/501

 

                                                    Я.Б, Б.С, Б.Э нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

яллагдагч Б.С, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч С.Чинзориг, С.Батболд,

яллагдагч Я.Б,  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/705 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Я.Б, Б.С, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1906 05119 1733 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Я-н Б, ........., ял шийтгэлгүй, /РД: ......./,

2. Г  овгийн Б-ы С, .........., ял шийтгэлгүй, /РД: ........../,

3. О овгийн Б-н Э, ..............., ял шийтгэлгүй, /РД: ............/,

            Б.С нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслан, модон заводын задгайд байрлах иргэн Б.С-н эзэмшлийн газарт “100 м.кв амины орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж иргэн Б.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Про ван оффисын 701 тоотод байрлах оффис дотор бэлэн 60.000.000 төгрөг, “С Х п” ХХК-ийн Голомт банкны 141...132 тоот дансаар 3.400.000 төгрөг шилжүүлэн авч, барилгын ажлыг дутуу орхиж 45.650.903 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С, Я.Б нар нь бүлэглэн “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 273 м.кв амины орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж иргэн Ч.М-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби 72 худалдааны төвд байрлах Хаан банкны салбараас 123.720.000 төгрөгийг Голомт банкны 1415...32 тоот дансаар шилжүүлэн авч, барилгын ажлыг дутуу орхиж 95.800.700 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Б.С, Я.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинод байрлах иргэн Б.Г-н эзэмшлийн газарт “орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж иргэн Б.Г-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны өөдөөс харсан Голомт банкны салбараас 52.000.000 төгрөгийг “С Х п” ХХК-ийн Голомт банкны дансанд 3 хувааж шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Б.С, Б.Э нар нь бүлэглэн фейсбүүкийн “С Х п” пэйж хуудсаар “барилгын ажлыг 50 хувийн урьдчилгаатай, 50 хувийг хүүгүй 2 жил төлөх компанийн лизингийн нөхцөлтэйгөөр хаус барьж өгнө” гэсэн зар тавьж, зарын дагуу ирсэн иргэн Б.Б-г “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд амины орон сууц барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 71.964.500 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлыг дутуу орхиж 20.088.300 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С, Б.Э нар нь бүлэглэн фейсбүүкийн “С Х п” пэйж хуудсаар “барилгын ажлыг 50 хувийн урьдчилгаатай, 50 хувийг хүүгүй 2 жил төлөх компанийн лизингийн нөхцөлтэйгөөр хаус барьж өгнө” гэсэн зар тавьж, зарын дагуу ирсэн иргэн Ч.Бу-г “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний аманд 135 м.кв талбай бүхий 2 автомашины гражтай, 1 давхар хаус барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби 72 хотхоны 301 тоотод ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 71.200.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлыг дутуу орхиж 18.528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Б,  Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Б, Б.С, Б.Э нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үндэслэл  нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 174 дүгээр захирамжийн тодорхойлох хэсгийн: 1 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилжээ. Гэтэл үнэлгээг нь тогтооход эдийн засгийн мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай, хохирогч Ч.Булганзаяагийн захиалгаар, дутуу гүйцэтгэлтэй баригдсан амины орон сууцны зориулалттай, их хэмжээний үнэтэй, үл хөдлөх эд хөрөнгийг “Виннер вэй” ХХК-н гаргасан 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Х/Ү73 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан мөрдөн шалгах ажиллагааны үед эрх бүхий этгээдийн шийдвэрээр бус зөвхөн тухайн хохирогчоос гаргаж өгсөн баримт материалыг үндэслэн гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийлгэх үед оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах зэрэг эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тэгээд ч дээрх үнэлгээний тайланг шинжээчийн дүгнэлт бус хохирогч Ч.Булганзаяагийн гаргаж өгсөн бичгийн баримт гэж улсын яллагч эргэлзээгүй үнэлж байх бөгөөд уг эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоолгох шаардлагатай, харин шүүх дахин шинжилгээ хийлгэх эрхтэй боловч шинжээчийн үндсэн дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй. Мөн “Итгэлт эстимэйт” ХХК-н 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 53-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 225 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-ийнн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн СБ20-577 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг гаргасан шинжээчдийг томилсон мөрдөгчийн тогтоолуудыг яллагдагч нарт тухай бүрд нь танилцуулалгүй, шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа нөхөн танилцуулж, хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, тэдгээр шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хохирогч нараас гаргаж өгсөн баримт материалыг үндэслэн гаргасан нь нэг талыг барьсан буюу эргэлзээтэй байх тул дээр дурдсан дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг гаргуулахаар дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай юм.

1. Яллагдагчаар татсан тогтоолуудад болон яллах дүгнэлтэд яллагдагч Я.Б, Б.С, Б.Э нарын холбогдсон нийт 5 үйлдэл тус бүрд хоёр, хоёроороо бүлэглэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл бүрийн нийт хохирлын хэмжээг тусгасан боловч яллагдагч тус бүрээр хэргийн хохирлын хэмжээг тооцож тогтоогоогүй байгаа нь яллагдагчийг яллах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг буюу хэргийн бодит байдлыг гүйцэд тогтоогоогүй, цаашилбал яллагдагч нарын хэн нь чухам ямар хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдаж байгаагаа урьдчилан мэдэх эрхийг төдийгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна...” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байна.

2. “С Х п” ХХК-ийн барилгын ажлын улаан дэвтэр, ил ба далд ажлын акт, авсан бараа материалын орлого зарлагын баримт, падаан, бэлэн мөнгөний баримтууд, санхүүгийн анхан шатны баримтууд, гүйцэтгэгчээс захиалагч нартай хийж байсан барилгын ажлын тооцоо нийлсэн акт, фото зургууд, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд, барилгын зураг төсөв, гэрээний хавсралт, гэрээнүүдийн нэмэлт өөрчлөлт тус бүрийг хэрэгт хавсаргаж, холбогдох шинжилгээг хийлгэх,

3. Б.С, Я.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинод байрлах иргэн Б.Гантулгын эзэмшлийн газарт орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж иргэн Б.Гантулгыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны өөдөөс харсан Голомт банкны салбараас 52.000.000 төгрөгийг “С Х п” ХХК-ийн Голомт банкны дансанд 3 хувааж шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Б.Э хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох.

4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.С-с удаа дараа гаргасан хүсэлтүүдэд нэр нь дурдагдсан байгууллага, хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, нүүрэлдүүлэн байцаах.

5. “С Х п” ХХК-д Я.Б-н оруулсан 127 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зарлагыг хэн, хэрхэн юунд зарцуулсан талаар зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай, хохирогч Ч.М, Б.Г нартай хуулийн этгээдийг хэн төлөөлж гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийг хүлээн авсан дансны зарцуулалт зэргийг бодитоор тогтоох, Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, энэ талаар гаргасан яллагдагч нар болон зарим яллагдагч, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн холбогдох хэсгийг хангахаар шүүх шийдвэрлэв. Яллагдагч Я.Б, Б.С, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдвал зохино. Нэгэнт хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан учир шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нар болон зарим яллагдагч, хохирогчийн өмгөөлөгчийн удаа дараа гаргасан хүсэлтүүдийн бусад хэсгийг анхаарч шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх хэргийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд шүүгдэгч Я.Б, Б.С, Б.Э нар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх явцад яллагдагч Б.С, Б.Э нарын өмгөөлөгч С.Чинзоригоос Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор, Нийслэлийн Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаж хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Мөн нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болмогц заавал биелэгдэх хэв шинжийг агуулсан эрх зүйн баримт бичиг билээ. Шүүгчийн захирамжийн 8 дугаар талд хохирогч Ч.Б-н захиалгаар дутуу гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Виннер вэй” ХХК-с 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Х/Ү-73 дугаартай тайлангаар үнэлсэн байдаг. Тухайн үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны үндэслэл журмыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Б-н дутуу баригдсан гэх тодотголтой амины орон сууцад шинжээч томилж хүргүүлсэн боловч тухайн үл хөдлөх нь бүрэн баригдаж дууссан гэх шалтгаанаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болох нь тогтоогдсоор байтал нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр заажээ.

Уг хохирогчоос гарган өгсөн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах” гэж заасны дагуу гарган өгсөн баримт бөгөөд тухайн баримтыг хэргийн бусад нотлох баримтуудтай уялдаа, “холбоо, ач холбогдлыг шалгах замаар хянаж үнэлэх нь зүйтэй билээ. Мөн түүнчлэн шүүхээс “Итгэлт эстимэйт” ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53-01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 225 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-н 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн СБ20-577 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг гаргасан шинжээчдийг томилсон мөрдөгчийн тогтоолуудыг яллагдагч нарт тухай бүрд нь танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хохирогч нараас гаргаж өгсөн баримт материалыг үндэслэн гаргасан нь нэг талыг барьсан буюу эргэлзээтэй байна гэж дүгнэн дахин шинжилгээ хийлгэхийг даалган шийдвэрлэсэн байна. Шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн үе шатын цаг хугацааг анхаарч үзвэл, тухайн мөрдөгчийн шинжээч томилсон шийдвэрүүд нь мөрдөн байцаалтын шатанд бус, хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийх явцад буюу гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор явуулсан ажиллагаанд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурорт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах талаар хуульд заасан байна. Прокурорт эл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд огт эргэлзээ төрөөгүй бөгөөд шүүхэд эргэлзээтэй бол шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр томилох эрхтэй. Мөн хэргийн оролцогч талууд дүгнэлттэй холбоотой түүнийг хүлээн зөвшөөрөхгүй талаар үндэслэл бүхий баримтыг мөрдөн шалгах болон хяналтын байгууллагад огт ирүүлж байгаагүй, зөвхөн дахин шинжилгээ хийлгэх гэсэн хүсэлтийг үндэслэлгүйгээр гаргаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 705 дугаар шүүгчийн захирамжид заасан ажиллагаанд дүгнэлт хийж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 225 дугаар дүгнэлтийг хэн гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн иргэн Баяраагийн эхнэр Мөнхзул нь 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ би Э-с Турк материал авсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, үнийн дүн гараагүй процессын ажиллагаа болсон. Шүүх процессын ажиллагаа хоёр талаас нь тэнцвэртэй байдлаар авч үзэх ёстой байтал нэг талдаа доголдолтой, процессын алдаатай гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.С, Б.Э нарын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэргийг прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулж, 90 яллах дүгнэлт үйлдэнэ гэсэн зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад яллагдагчаар татаж, эрүүгийн үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн. Анхнаасаа хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу хийгдсэн. Миний хувьд тухайн шат бүрт гомдлоо гаргахад хүлээж аваагүй татгалзсан. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан боловч хийгдэх ёстой ажиллагааг гүйцэд хийдэггүй. Энэ талаар хүсэлт гаргасан боловч харамсалтай нь надад хүсэлтийн хариуг одоо хүртэл өгөөгүй. Гэтэл хэргийг шүүх рүү шилжүүлэхээс өмнө хавтас хэрэгт хүсэлтийн хариуг хавсаргасан байсан. Ийм байдлаар оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хэргийн газар очиж үзье, хохирсон байдлыг харъя гэдэг. Я.Б 2 тор дүүрэн баримт материалыг мөрдөгчид өгсөн гэдэг боловч энэ баримтууд нь хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.С, Б.Э нарын өмгөөлөгч С.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорыг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан эсэргүүцэл бичсэн гэж ойлгож байна. Яллагдагч нарт шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй, цаашлаад яллагдагч нар тухайн шинжээчийн шинжилгээ хийх үед байлцах байсан боловч уг эрхийг нь эдлүүлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Я.Б, Б.С, Б.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Я.Б, Б.С, Б.Э нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй, зарим шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хохирогчоос гаргаж өгсөн баримт материалыг үндэслэн гаргасан нь эргэлзээтэй тул дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг дахин хийх, нотлох баримт цуглуулах, зарим үйлдэлд Б.Э-н үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчиж, шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолуудыг яллагдагч нарт танилцуулалгүй, шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа нөхөн танилцуулж, хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх ба шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийсний эцэст яллагдагч нарын үйлдэлд тохирсон зүйлчлэлээр хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнээс гадна, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болохыг тэмдэглэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЗ/705 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР  

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

               ШҮҮГЧ                                                            М.АЛДАР