Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 204/МА2020/00027

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08  дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00670 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 38.708.533 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн  гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч,  хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Г.Ч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“*******” ХХК-аас харилцагч О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17/631 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9.800.000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүгэй 8 сарын хугацаатай, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19/1286 Зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 19/1396 тоот  дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүдийг “Тоуоto Crown” маркын *** улсын дугаартай суудлын автомашин барьцаалж зээлж авсан.

Гэтэл О.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан хэдий ч  17/631, 19/1286, 19/1396 тоот зээлийн гэрээгээр авсан нийт 21.800.000 төгрөгийн үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй одоог хүрч байна.

Иймд харилцагч О.Б-ээс 17/631, 19/1286, 19/1396 тоот зээлийн гэрээ байгуулж авсан зээлийн үндсэн төлбөр болох 21.800.000 төгрөг, төлөөгүй сарын хүү 15.178.133,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.709.899,39 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 38.708.533 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би “*******” ХХК-тай гэрээгээр авсан зээлийг тухайн үед хүүг нь төлж байсан. Тус зээлийн үндсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүү, алдангийг төлмөөргүй байна. Хархорин суманд баригдаж байгаа барилгад санхүүжилт авсан юм. Тус барилгыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулах учир тус борлуулалтаас төлж барагдуулна ...гэжээ.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Б-ээс зээлийн гэрээний үүрэг болох 38.708.533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б-ээс 351.493 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.493 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 670 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “*******” нь зээлдэгч буюу хариуцагч болох О.Б-г 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 17/631 тоот, 2019 оны 03 сарын 04-ны өдрийн 19/1286 тоот, 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 19/1396 тоот зээлийн гэрээний хавсралт гэрээний салшгүй хэсэг болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг тус тус ноцтой зөрчиж зээлийн гэрээний 4.2, 4.2.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байхад зээлдүүлэгч гэрээг цуцлахгүй гэрээний хугацааг дуустал гэрээг үргэлжлүүлсэн. Мөн зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй  маш их хугацаа хугацааг хэтрүүлсэн. Мөн дээрх гурван зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан ч зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгийг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн.

Иймд зээлдэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дэх заалтуудаар зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн үр дагаврыг зээлдэгч хариуцахгүй бөгөөд зээлдүүлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй билээ.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч “*******”-д нийт 3.762.640 төгрөгийг төлсөн байдаг. Үүнийг зээлдүүлэгч тал үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсон байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зээлдэгч өөрөө үүргийн гүйцэтгэлээ сонгоогүй бол аль хүнд нөхцөлтэй үүргийн гүйцэтгэлээс эхэлж хасч тооцно гэсэн заасан байдаг.

 Иймд зээлдэгч О.Б-ийн төлсөн 3.762.640 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах хүсэлтэй байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 670 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “38.708.533 төгрөг” гэснийг “23.970.560 төгрөг” болгон өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаас 14.737.973 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 38.708.533 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

“*******” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан бөгөөд “*******” ХХК нь О.Б-д 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 9.800.000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүгэй 8 сарын хугацаатай, 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 6.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүдийг “Тоуоto Crown” маркын *** улсын дугаартай суудлын автомашин барьцаалж зээл тус тус зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч О.Б нарын байгуулсан 17/631, 19/1286, 19/1396 дугаартай зээлийн гэрээнүүд, нэхэмжлэгч “*******” ХХК-иас хариуцагч О.Б-йн эзэмшлийн  Хаан банкны *** тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 6.000.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 9.800.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн дансны хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “*******” ХХК-иас О.Б-д 6.000.000 төгрөгийг олгосон тухай “*******” ХХК-ий бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тус тус нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч “*******” ХХК нь  зээлийн гэрээний дагуу 21.800.000 төгрөгийг хариуцагч О.Бд шилжүүлж, хариуцагч нь гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 38.708.533 төгрөгийг хариуцагч О.Б-ээс шаардах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нотариатын зардал хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнэн хариуцагч О.Б-ээс зээлийн гэрээний үүрэг болох 38.708.533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагч  О.Б-ийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч О.Б-ээс гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.         

 Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.