Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 301/ШШ2025/00032

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 301/ШШ2025/00032

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот Б дүүрэг . тоотод байрлах Г ХХК

Хариуцагч: А аймгийн Х сумын. багт байрлах Х

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 38,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь Арх. газартай дулаанаар хангах гэрээ байгуулан 2016 оноос 2022 оныг хүртэл халаалтын улиралд ЗДТГ-ын байр буюу 6249 м.кв дулаанаар  хангах ажлыг гүйцэтгэж ирсэн. 2022 оны 9 сараас эхлэн А аймгийн Х сумын удирдлагын зүгээс өөрсдөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж дулаанаар хангах ажлыг зохион байгуулахаар -г байгуулж байгаа талаар мэдэгдэж манай компанийн эзэмшилд байсан уурын зуух дагалдах тоног төхөөрөмж нүүрс зэргийг орон нутгийн өмчид шилжүүлж гэрээг дүгнэж эд хөрөнгө хүлээлцсэн. Ингэхдээ 2022 оны 12 сарын 27-ны өдрийн орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээ дүгнэж эд хөрөнгө хүлээлцсэн актыг үйлдэж манай компанийн хөрөнгөөр худалдан авсан засан сайжруулалт хийсэн эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргаж нийт 80,000,000 төгрөгийг манай компанид Х . газар төлж барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу өнөөдрийг хүртэл 46,500,000 төгрөгийг төлж 38,500,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас үлдэгдэл 38,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Х нь Г ХХК-ийн нэхэмжилсэн 38,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Г ХХК-ийн 38,500,000 төгрөгийн нэхэмжлэлтэй маргахгүй гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Х-д холбогдуулан эд хөрөнгийн үнэ 38,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х нь нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжилсэн орон нутгийн өмчид шилжүүлсэн компанийн эзэмшилд байсан эд хөрөнгийн үнэ 38,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгч Г.Н-н тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгөөс 175,225 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х-аас 175,225 төгрөг, улсын орлогоос 175,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжилсэн шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 38,500,000 (гучин найман сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Х-ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгөөс 175,225 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х-аас 175,225 төгрөг, улсын орлогоос 175,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА