| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2025/00014/И |
| Дугаар | 301/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 301/ШШ2025/00043
301/ШШ2025/00043
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймаг Э сум . тоотод оршин суух С овгийн Ч.Б
Хариуцагч: А аймгийн Б сумын Б багт оршин суух Г овгийн С.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4,421,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Д-д 2023 оны 12 сараас 2024 оны 4 сарын хооронд нийт 8 удаагийн үйлдлээр 25 кг 116 шуудай хивгийг нэг бүрийн үнэ 26,000 төгрөгөөр тооцож 3,016,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, 40 кг 25 шуудай овьёосыг нэг бүрийн үнэ 40,000 төгрөгөөр тооцож 1,000,000 төгрөгийн үнэ бүхий овьёос, 405 кг будаа нэг бүрийн үнэ 1000 төгрөгөөр тооцож 405,000 төгрөгийн үнэ бүхий будаа нийт 4,421,000 төгрөгийн хивэг, овьёос, будааг тус тус худалдсан. С.Д нь хивэг, овьёос, будааг худалдаж авахдаа эдгээр барааны үнийг 2024 оны хавар ноолуураа зараад өгөхөөр надтай амаар тохиролцсон. С.Д нь өнөөдрийг хүртэл надад ганц ч төгрөг өгөөгүй. Энэ хугацаанд миний бие мөнгөө нэхэж С.Дэ-д 4-5 удаа очсон. Иймд С.Д-с худалдах, худалдан авах гэрээний үүрэг 116 шуудай хивэг, 25 шуудай овьёос, 405 кг будааны үнэ нийт 4,421,000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ч.Б-с 2024 онд малын тэжээл авсан нь үнэн учраас түүний нэхэмжилсэн нийт 4,421,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4,421,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч Ч.Б-н нэхэмжилсэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг 116 шуудай хивэг, 25 шуудай овьёос, 405 кг будааны үнэ нийт 4,421,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,686 төгрөгөөс 42,843 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Дэ-с 42,843 төгрөг, улсын орлогоос 42,843 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-н нэхэмжилсэн 4,421,000 (дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Д-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,686 төгрөгөөс 42,843 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Д-с 42,843 төгрөг, улсын орлогоос 42,843 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА