| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01197/И |
| Дугаар | 151/ШШ2024/01046 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/01046
2024 12 11 151/ШШ2024/01046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т овогт Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.Б-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ийн Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны ажилд томилогдсон тушаал, 1994 оны ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарахгүй тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд Б.Б-ийг Атар тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл саальчнаар, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тугалчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тугалчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, итгэмжлэл (хх-1-3), Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж (хх-4), Төв аймгийн төрийн архивын тасгийн лавлагаа (хх-5-15), баталгаажилтын хуудас (хх-16), гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-29-30, 32-34) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс: Б.Б-д хамаарах иргэний бүртгэлийн баримтууд, ажиллаж байсан байдалтай холбогдох тушаал шийдвэрийг нотлох баримтаар бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх Б.Б, Л.Б нарыг гэрчээр асуув.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.Б-ийн Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны ажилд томилогдсон тушаал, 1994 оны ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарахгүй тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд Б.Б-ийг Атар тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл саальчнаар, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тугалчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тугалчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны ажилд томилогдсон тушаал, 1994 оны ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас авах, гарахгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх гэх Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж (хх-4), Тус аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны тушаалд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй мөн Атар ХК-ийн захирлын 1992 оны тушаалд ажилд томилсон тушаал гараагүй тул иргэн Б.Б-д лавлагаа олгох боломжгүй гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа (хх-5)-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-Б.Б-ийг саальчнаар томилсугай гэх Хөдөө аж ахуйн яам мал бэлтгэлийн нэгдлийн харьяа Атар тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай 207 дугаартай тушаал (хх-6, 49),
-СМФ-ийн лаборант Б.Б-ийг ар гэрийн гачигдал, өөрийн хүсэлтээр нь 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажлаас нь бүр мөсөн чөлөөлсүгэй гэх Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 288 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал (хх-7, 50),
-Б.Б-ийг 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс СМФ-д тугалчнаар томилсугай гэх Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын тушаал 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 217 дугаартай тушаал (хх-8, 51),
-Б.Б-ийг 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс талхны цехед үйлчлэгчээр томилон ажиллуулсугай гэх Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 234 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал (хх-9, 52),
-ТАА-н ажилчин албан хаагчдаас 1991 оны ээлжийн амралт авахыг хүссэн 48 хүнд ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлсүгэй (23.Б.Б СМФ-ийн саальчин) гэх 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ...212 дугаартай тушаал (хх-10, 53),
-...тугалчнаар Б... нарыг тус тус томилон ажиллуулсугай гэх Төв аймгийн Баянхангай сумын Атар ХК-ийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 148 дугаартай тушаал (хх-13, 58),
-Атар ХК-ийн СМФ-ийг Төв аймгийн ХАА-н банканд шилжүүлсэнтэй холбогдуулан ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлсүгэй (19.Б.Б) гэх Төв аймаг Баянхангай сум Атар ХК-ийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал (хх-14),
-Ажилласан жил нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан, нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 5 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэх 1401000627 дугаартай баталгаажилтын хуудас (хх-16),
-Төв аймгийн Баянхангай сумын Атар тэжээлийн аж ахуйд малчин, хээлтүүлгийн лаборант ажилтай Б.Б-ийн 1987 оны 7 дугаар сараас 1987 оны 1988 оны 02 дугаар сар хүртэл, 1988 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл, 1989 оны 4 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл, 1990 оны 6 дугаар сараас 7 дугаар сар, 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн түүвэр (хх-35),
-Б.Б Атар ТАА-д саальчин гэж бүртгэсэн 198 дугаартай хүн амын регистрийн карт (хх-41),
-Б.Б СМФ-д саальчин гэж бүртгэсэн 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаартай гэрлэснийг бүртгэх анкет (хх-42),
-М.О 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эх Б.Б Атар ТАА СМФ-д саальчин гэж 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн 59 дугаартай төрснийг бүртгэх анкет (хх-44),
-М.О 1991 оны 3 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, эх Б.Б Саалийн механикчсан фермд саальчин гэж 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн 17 дугаартай төрснийг бүртгэх анкет (хх-43),
-М.О 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эх Б.Б Атар ХК-д саальчин гэж 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн 4 дугаартай төрснийг бүртгэх анкет (хх-45),
-Б.Б СМФ-д саальчин гэж бүртгэсэн 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 141 дугаартай паспорт авах өргөдөл (хх-40),
-Шинэ жилийн баярыг тохиолдуулан компанийн гишүүн нэр бүхий 30 хүнд бэлэг дурсгалын зүйлээр шагнасугай (Б.Б) гэх Төв аймаг Баянхангай сум Атар ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зарлага болгох тухай 245 дугаартай тушаал (хх-56),
-гэрч Л.Б-ийн Б.Б-тэй 1992 оноос Атар сангийн аж ахуй саалийн механикчсан фермд саальчнаар хамт ажиллаж эхэлсэн.1995 оноос саалийн механикчсан ферм хувьчлагдаад компани болсон. Би 1994 онд жирэмсний амралтаа авсан болохоор 1994 оныг хүртэл ажилласан. Б.Б чинь саальчин байсан. Лаборант байсан. Бас үхэр ч хариулдаг байсан. Юм юм л хийсэн байх гэх мэдүүлэг (хх-22-23), гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр дэх тушаалуудын бичилт (хх-26-27),
-гэрч Б.Б-ийн 1984 онд би Заамарын сангийн аж ахуйг тэжээл бэлтгэгчээр төгсөж ирж байсан. Манай дүү 1987 онд Заамарын мэргэжил сургалтын төвийг төгсөөд Атарын сангийн аж ахуйд саальчнаар ирж байсан. Тэгээд Атарын сангийн аж ахуйд фермд төрөхийн саальчнаар орж ирж байсан. Тэнд саальчин хийж байгаад тугалчин болоод 1995 оноос лаборант болсон гэх мэдүүлэг (хх-29-30), гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын тушаал (хх-32-34),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Б.Б-ийг 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс малчнаар, 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд талхны цехэд туслахаар, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Шүүх нэхэмжлэгч Б.Б-ийн 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Атар сангийн аж ахуйд саальчнаар, 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд талхны цехэд туслахаар, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Атар сангийн аж ахуйд тугалчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Атар ХК-д лаборант, тугалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таж овогт Б.Б (РД:АА00000000)-ийн
-1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Атар сангийн аж ахуйд саальчнаар, 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд талхны цехэд туслахаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Атар сангийн аж ахуйд тугалчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Атар ХК-д лаборант, тугалчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН