| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01061/И |
| Дугаар | 151/ШШ2024/01047 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/01047
2024 12 19 151/ШШ2024/01047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г овогт Ц.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Т-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын Барилга авто тээврийн 3 дугаар баазад 1988 оны 4 дүгээр сарын 01-ээс 1992 оны 01 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байтал өмч хувьчлалын хуулийн дагуу тухайн байгууллага нь Боломж ХХК болж 1992 оны 01 дүгээр сарын 14-өөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Эршиж ББХК-д 1994 оны 8 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй 3 дугаар баазад ажилд орсон, 1992-1994 оны Боломж ХХК, Эршиж ББХК-ийн баримтууд төрийн архиваас олдоогүй. Иймд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-2), итгэмжлэл (хх-19), цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-3), хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-6), Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын лавлагаа (хх-7), Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын барилгын авто тээврийн 3 дугаар баазын даргын тушаал (хх-8-10), Автобаазын даргын тушаал (хх-11-17) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс: Ц.Т-д хамаарах иргэний бүртгэлийн баримтууд, ажиллаж байсан байдалтай холбогдох тушаал шийдвэр, ял шийтгэл эдэлсэн эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Т-н ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.Т-н ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ц.Т нь Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын Барилга авто тээврийн 3 дугаар баазад 1988 оны 4 дүгээр сарын 01-ээс 1992 оны 01 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байтал өмч хувьчлалын хуулийн дагуу тухайн байгууллага нь Боломж ХХК болж 1992 оны 01 дүгээр сарын 14-өөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Эршиж ББХК-д 1994 оны 8 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй 3 дугаар баазад ажилд орсон, 1992-1994 оны Боломж ХХК, Эршиж ББХК-ийн баримтууд төрийн архиваас олдоогүй. Иймд ажилласан байдлыг тогтоолгоно гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Тус архивт Улсын барилгын хорооны Авто баазын 1991-1992 он, Боломж ХХК, Цэнхэр тал ХХК, Эрдэм шинжилгээ жуулчлал ББХК-ийн баримт хадгалагддаггүй тул Ц.Т-д лавлагаа олгох боломжгүй болно гэх Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын лавлагаа (хх-7)-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-Ц.Т, 1964 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Улаанбаатар Төмөр зам ТМС-д оюутан гэж бүртгэсэн 1981 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай хаягийн хуудас, иргэний бүртгэлийн бусад баримт (хх-25-29),
-Ц.Т ММ баазад жолооч гэж бүртгэсэн 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаартай гэрлэснийг бүртгэх анкет (хх-31), Эцэг Ц.Т, Авто ММБ жолооч гэж 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн охин Т.Ө-ын төрснийг бүртгэх анкет №329 (хх-33),
Шилжих жолооч, засварчид, зарим албан хаагч нарын хувийн хэргийг орон сууц хүссэн өргөдлийн хамт 3, 4 дүгээр хавсралтаар холбогдох газруудад шилжүүлэхийг Боловсон хүчний асуудал эрхэлсэн даргын туслах Дэ.Да-д үүрэг болгосугай (55.Ц.Т) гэх Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын барилгын авто тээврийн 3 дугаар баазын даргын 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 116 дугаартай Автомашин чиргүүлийн хамт зарим хүмүүсийн хувийн хэргийг шилжүүлэх тухай тушаал (хх-8),
-9 дүгээр сарын төлөвлөгөөг биелүүлсэн нэр бүхий 65 жолоочид шагнал олгосугай (29.Т) гэх Улсын барилгын хорооны харьяа авто баазын даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай Байгууллагын 1988 оны 9 дүгээр сарын төлөвлөгөө биелүүлсэн жолооч, ажилчдад шагнал олгох тухай тушаал (хх-11-12),
-Байгууллагын 1988 оны 10 дугаар сарын төлөвлөгөөг биелүүлсэн жолооч нарыг шагнасугай (22.Т) гэх 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын барилгын хорооны харьяа авто баазын даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаартай Байгууллагын 1988 оны 10 дугаар сарын төлөвлөгөө биелүүлсэн жолооч ажилчдад шагнал олгох тухай тушаал (хх-13-14),
-Ажилчин албан хаагчдын 1989 оны амралтын хуваарийн дагуу жолооч ... Т нарт ажлын 18 хоногоор амралт олгосугай гэх Улсын барилгын хорооны харьяа авто баазын даргын 1989 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 48 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаал (хх-15),
-Ажилчин албан хаагчдын 1989 оны амралтын хуваарийн дагуу ээлжийн амралт олгосугай (Т) гэх Улсын барилгын хорооны харьяа авто баазын даргын 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 74 дугаартай Амралт олгох тухай тушаал (хх-16-17), -Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын Барилга авто тээврийн 3 дугаар баазын 1988 оны 10 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цалингийн хүснэгт (хх-35-64),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,
-Ц.Т-д 1980 онд нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, баталгаажуулалт зэргийг харьцуулан үзээд Ц.Т-г Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын Барилга авто тээврийн 3 дугаар баазад 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Ц.Түмэн-Өлзий нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Шүүх нэхэмжлэгч Ц.Т-н Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын Барилга авто тээврийн 3 дугаар баазад 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл, 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
7.1992 оны 01 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан үйл баримтыг сэргээн тогтоох үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гэсүүд овогт Ц.Т (РД:АА00000000)-н
- 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Улсын барилгын хорооны харьяа Улаанбаатар хотын Барилга авто тээврийн 3 дугаар баазад жолооч,
-1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Улсын барилгын хорооны харьяа Авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Т-ийн 1992 оны 01 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Боломж ХХК, Эршиж ББХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН