| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/01137/И |
| Дугаар | 151/ШШ2024/01048 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/01048
2024 12 19 151/ШШ2024/01048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б овогт Д.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам нэгдлийн даргын 1981 оны тушаалд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Мөн нэгдлийн даргын 1984-1987, 1988-1990 оны тушаалд холбогдох баримт гараагүй. Ажиллаж байх хугацаандаа эх Д-гаар, иргэний бүртгэлийн баримтууд нь эцэг Р овоглогдож байсан тул Д.Д-ийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-2), Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа (хх-3-12), итгэмжлэл (хх-13), цэргийн батлахын хуулбар (хх-14), баталгаажилтын хуудас (хх-15) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс: Д.Д-т хамаарах иргэний бүртгэлийн баримтууд, ажиллаж байсан байдалтай холбогдох тушаал шийдвэр, ял шийтгэл эдэлсэн эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Д-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам нэгдлийн даргын 1981 оны тушаалд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Мөн нэгдлийн даргын 1984-1987, 1988-1990 оны тушаалд холбогдох баримт гараагүй. Ажиллаж байх хугацаандаа эх Д-аар, иргэний бүртгэлийн баримтууд нь эцэг Р-р овоглогдож байсан тул ажилласан байдлыг тогтоолгоно гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Тус аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатар зам нэгдлийн даргын 1982 оны тушаалд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Мөн нэгдлийн даргын 1986, 1988-1989 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн Д.Д-т лавлагаа олгох боломжгүй байна гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа (хх-3)-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтэр шинэчлэн олгож байгаатай холбогдуулан Авдар, Баянбүрд бригадын малчид, саальчид төлчдийг 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралт ёсоор томилон баталсугай (47.Р.Д) гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөл-ийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай 34 дугаартай тушаал (хх-4, 32),
-...5 дугаар хэсгийн ахлагчаар Д-г 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсугай гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 2 дугаартай тушаал (хх-7, 35),
-Сахиул Р.Д-т аж ахуйн няравын үүргийг хавсруулж, сард 250 төгрөгөөр цалинжуулж, үндсэн цалин дээр 100 төгрөгийн нэмэгдэл олгохыг зөвшөөрсүгэй гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зарим хүмүүсийг өөр ажилд томилох тухай 132 дугаартай тушаал (хх-36),
-...4 дүгээр хэсгийн малчин Р.Д, сахиул О нарыг 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон уг үүрэгт ажлуудаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Р.Д сахиулаар ажиллуулсугай гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1897 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зарим хүмүүсийг өөр ажилд томилох тухай 132 дугаартай тушаал (хх-8),
-...Баянбүрд хэсгийн ахлагчаар Р.Д-г 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсугай гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 12 дугаартай тушаал (хх-9, 37),
-...Хэсгүүд татан буугдаж бригад болсонтой холбогдуулж 1 дүгээр бригадын тоо бүртгэгчээр Р.Д... 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай гэх Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 40 дугаартай тушаал (хх-10, 39),
-Р.Д Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгов, ам бүл 10. Эцэг Р 49 настай малчин. Эх Д 46 настай малчин. 7 дүү сургуульд гэх бичилттэй 519989 дугаартай цэргийн батлах (хх-14),
-Б овогт Д.Д-ийн ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр нөхөн тооцсон 000000 дугаартай баталгаажилтын хуудас (хх-15),
-Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хэсгийн ахлагч, малчин ажилтай Д.Д-ийн 1984 оны 7 дугаар сар, 1986 оны 3 дугаар сараас 7 дугаар сар, 9, 11 дүгээр сар, 1988 оны 5-8 дугаар сар, 12 дугаар сар, 1989 оны 1-6 дугаар сар, 9-10 дугаар сарын цалингийн түүвэр (хх-31),
-Д.Д Сүхбаатарын зам нэгдэлд 1985 онд ажилд орсон. Хонины 4 дүгээр хэсэгт хоньчин гэж 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн хүн амын регистрийн карт №88 (хх-45),
-Д.Д Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдэлд хэсгийн дарга ажилтай гэж 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн хаягийн хуудас №7 (хх-46),
-Д.Д Сэргэлэн сум Баянбүрд хэсгийн дарга гэж 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийг бүртгэх анкет №21 (хх-47),
-Д.Э эцэг Р.Д Сэргэлэн сум хэсгийн дарга гэж 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн төрснийг бүртгэх анкет №75 (хх-49),
-Д.Э эцэг Р.Д Баянбүрд малчин гэж 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн төрснийг бүртгэх анкет №75 (хх-49),
-Д.Э эцэг Р.Д Сүхбаатарын зам ХК-д малчин гэж 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн төрснийг бүртгэх анкет №75 (хх-52),
-Г (Р)-гийн Д БХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Төв аймгаас 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 519989 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/2101 дугаартай Батлан хамгаалахын төв архивын лавлагаа (хх-54),
-Г.Д аав Р, ээж Д, 1978 оноос нэгдэлд адуучин гэж 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн Төв аймгийн Сэргэлэнгээс 1981 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет (хх-55),
-Д.Д эрүүгийн хэргийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Төв аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-57),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг харьцуулан үзээд Д.Д-ийг 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэсгийн ахлагч, малчин, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Шүүх нэхэмжлэгч Д.Д-ийн 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэсгийн ахлагч, малчин, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д.Д (РД:НС64112971) Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд
-1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар,
-1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэсгийн ахлагч, малчин, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН