| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0040/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/48 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Л.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг, Л.Цогтбаяр,
Шүүгдэгч О.Д, Э.Б, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросоогийн Д-, Энхбаярын Б- нарт холбогдох эрүүгийн 1738000000167 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.Д,
Монгол улсын иргэн, Э.Б,
Монгол улсын иргэн, Б.С,
Шүүгдэгч О.Д-, Э.Б-, Б.С- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Мод толгой гэх газраас иргэн П.Х-ын 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан,
Шүүгдэгч Б.С- нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С- нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д-, Э.Б-, Б.С- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Мод толгой гэх газраас иргэн П.Х-ын 4 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14-15 цагийн үед өөрийнхөө машиныг унаад захын хойд талын засмал зам дээр явж байсан чинь Д-, С- хоёр явган явж байхаар нь таниад зогссон. Тэгээд Д-, С- хоёрыг машиндаа суулгаад захын зүүн талын бензин клонкийн ойролцоо Д-гийн гэрт очсон. ...Тэгээд харанхуй болохоос өмнө Алаг-Эрдэнэ сумын засмал зам руу гараад Алаг-Эрдэнэ сумаас наана ч юм уу, цаана ч юм уу мэдэхгүй баруун талын уул руу нь өгсөөд шороон замаар өгсөж даваад ууланд нэг адуу байгаа нь харагдсан. Тухайн үед гадаа гэгээтэй байсан. 20 гаруй тооны хүрэн юм уу саарал азаргатай адууг ойролцоох өвөлжөөний хашаан дээр нь явган тууж хашсан. Миний машинд байсан цагаан өнгийн татлаганы мяндсаар хар хээр зүсмийн бараан морийг бугуйлдаад автал эмнэг адуу байсан. Тэгээд хашааны шонтой боогоод алчихсан. Тэгээд дараа нь Д-, С- бид гурав хээр, бор, хүрэн зүсмийн гурван адууг барьж аваад машин дээрээ амьдаар нь ачаад оруулаад ирсэн. Үхчихсэн адууг газар дээр нь өвчөөд махыг нь ачиж оруулж ирсэн. Мөрөнгийн 13 дугаар хороонд явж байгаад цагдаад баригдсан...”гэх мэдүүлэг /Хэргийн 2-р хавтасны 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би машиныг нь бариад Алаг-Эрдэнэ сумын чиглэлд засмал замаар явсаар байгаад Арбулаг гэсэн бичигтэй салах тэмдгээр салаад Эрхэл нуурын араар яваад цаашаа нэг жалга өгссөөр байгаад модны хаяанд очсон. Модны хаяанд очиход гадаа гэгээтэй байсан. Ойролцоогоор 17 цаг болж байсан. Нар давж байсан. Модны хаяанд очоод зогсож байтал бид нарыг зогссоны цаад талд модны хаяанд хаваржааны хашаа байсан. Хашааны хажууд айлын адуу байсан. Тэгтэл Улаанаа эндээс адуу ачаад явчихъя гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа адуу ачихаар болоод портер маркийн машинаа асаагаад цаашаа уруудаж давхиад адуу байх айлын хаваржаа хашаан дээр очсон. Би машиныг нь бариад адууг нь эргүүлээд С-, Б- хоёр явган туугаад адууг хаваржааны хашаанд оруулсан. Хашаанд оруулчхаад Улаанаа машины татлага гээд нарийхан цагаан өнгийн мяндсан уяагаар хар зүсмийн үрээ морийг бугуйлдаж барьж аваад татахад дийлдэхгүй байсан. Эмнэг үрээ байсан. Шонгоос ороож байгаад татсан чинь боогдоод үхчихсэн. Боож алсан үрээ морийг өвчөөд машины арын суудал дээр арьсанд нь махыг нь боогоод ачсан. Тэгээд бор, хүрэн, хул морийг барьж аваад машин дээрээ ачсан. Тэгээд Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Мөрөн лүү орж ирээд 13 дугаар хороонд нүхэн гүүрээр гарч яваад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 88 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний оройны 22 цагийн үед Мөрөн сумын 7 дугаар хороонд хамтран амьдрагч Дэжидийн цэнхэр өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодоод явж байтал таньдаг хүнтэйгээ тааралдаад 1 том пиво хувааж уусан. Тэгээд пиво хувааж уусан газраасаа гараад мотоциклио унаад 3 дугаар хороо луу Дэжидийнд очих гээд 7 дугаар хорооноос гараад Гэрэлтэй цонхийн урдуур засмал замаар ертөнцийн зүгээр хойшоо өгсөөд явж байтал явган хүний замаар явж байсан нэг эрэгтэй хүн гэнэт миний урдуур ороод ирэхээр нь мөргөөд унагаасан. Би тухайн үед сандрахдаа тоормосоо гишгэж амжилгүй хаазаа гишгээд тэр эрэгтэй хүний бөгс рүү мөргөөд тэр эрэгтэй хүн замынхаа баруун хэсэг рүү унаад өгсөн. ...Тэгээд Доржоо, Улаанаа бид гурав хулгай хийе гэж яриад Мөрөнгийн төвөөс хойшоогоо гардаг засмал замаар гараад Хужиртын даваагаар даваад Эрхэлийн хөндий өнгөрөөд Сэртэн гэдэг нэртэй уулын өвөрт байрлах малын өвөлжөөний хажууд бэлчиж байсан 20-30 тооны адууг малын өвөлжөө рүү нь тууж оруулж хашаад уг адуун дотроос халтар зүсмийн үрээ нэг, хонгор зүсмийн морь нэг, хээр зүсмийн морь нэг, бор зүсмийн морь нэгийг тус тус бугуйлдаж барьж авсан. Бид гурвыг морь барьж авч байхад халтар зүсмийн морь нь эмнэг байсан учир бугуйлдахад боогдоод үхчихсэн. Нөгөө бугуйлдаж барьж авсан хонгор, хээр, бор, зүсмийн гурван морио Улаанаагийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Мөрөнгийн төв рүү орж ирээд Мөрөн сумын 13 дугаар хороонд явж байгаад цагдаатай таарсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 58, 2-р хавтасны 84 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 01 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр хороонд найз Батаагаа хүргэж өгчхөөд тэндээсээ буцаад гэрлүүгээ явган явсан юм. Би алхаж явсаар байгаад шөнийн 01 цаг 30 минутын үед Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Гэрэлтэй цонх дэлгүүрийн урд талын засмал зам дээр алхаж явахад гэнэт гэрэлгүй мотоцикль гарч ирээд намайг мөргөчихсөн. Би мөргүүлээд унахдаа зүүн талын мөрөөрөө газарт унасан. Намайг унахад намайг мөргөсөн мотоцикль миний хоёр хөл дээр унасан. Би тухайн үед мотоциклийн жолоочийг хөл дээрээс мотоциклио аваач гэсээр байгаад авахуулсан. Тэгээд байж байхад цагдаагийн хүмүүс ирээд холбогдох шалгалтыг хийсэн. Тэгээд түргэн тусламж дуудаад намайг эмнэлгийн машинаар нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн... Би Гэрэлтэй цонх дэлгүүрийн урдуур ертөнцийн зүгээр замынхаа баруун талд урагшаа чиглэлтэй алхаж явсан. Тэгтэл араас гэрэлгүй мотоцикль давхиж ирээд бөгс хэсэг рүү мөргөөд унагаасан. ...би гомдол саналаа барагдуулаад авчихсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 14 дүгээр хуудас/,
Хохирогч П.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Мод толгой гэх газарт адуугаа байхад очиж харахад 4 тооны адуу байхгүй байсан. Үүнд: Хул зүсмийн жижиг биетэй, хар хагалбар дэлтэй ямар нэгэн тамга тэмдэг байхгүй, зөв талын шанааны яс нь цөмөрхий. Унаг байхын төрмөл цөмөрхий төрсөн, хүрэн морь цагаан оломны оромтой, том биетэй, хүрэн дэлтэй, өтгөн сүүлтэй, унахад номхон, хөтөлгөөнд удаан хашин, ямар нэгэн тамга тэмдэг байхгүй, бор морь зөв талын ташааны хавтгайн дээрээ 8 тоо тамгатай, оломны цагаан ортой өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй, хар зүсмийн морь, оломны цагаан оромтой, тамга байхгүй, хур дэлтэй, ааштай адуу байгаа. ...Одоо надад гомдол санал нэхэмжлэхгүй зүйл байхгүй. Бор, хүрэн, хул зүсмийн гурван тооны адууг амьдаар нь буцааж авсан, хар зүсмийн адууныхаа махыг бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 2-р хавтасны 16-17 дугаар хуудас/,
Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөөний 03 цагийн орчим Мөрөн сумын 7 дугаар хорооны Гэрэлтэй цонх дэлгүүрийн урдуур ертөнцийн дүгээр хойноосоо урагшаа 7 дугаар хороо орох гээд явж байтал яг Гэрэлтэй цонх дэлгүүрийн урд талд хойноосоо урагшаа явж байсан Цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикльтой хүн замын хажуу талд явж байсан явган хүнийг мөргөөд унагаасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 54 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хөдөлгөөнт эргүүлийн машинаар 9 дүгээр хороонд үүрэг гүйцэтгээд явж байхад 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 цагийн үед 9 дүгээр хорооны уулзварын зүүн талд байх засмал замын доогуур гардаг гүүрний цаана гэрэл асааж явж байхыг харсан. Тэгтэл гүүрээр хөндлөн гараад явахаар нь хартал хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь хойноос нь цагдаагийн машинаас хөөтөл зугтаагаад 13 дугаар хорооны Нефть баазын чиг рүү зугтааж давхиад баруун тийш 13 дугаар хороо руу давхиад орох гэхээр нь хажуу талаар нь давхиж ороод шахаж зогсоосон. Тэгээд хамт явсан Отгонхуяг портер маркийн машин руу суух гэж байхдаа адуу ачиж явсныг нь харсан. Тэгээд шууд журмын хашаанд саатуулсан...Тэгээд 3 тооны адууг амьдаар нь хулгай хийж авч ирсэн. Нэгийг нь нядлаад машинд махыг нь хийсэн байгаа гэдгээ гурвуулаа хэлсэн...” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 19 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 551 дугаартай:
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаартай:
Б.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний дагуу үзэгдэлтэнд хурдаа тохируулж явж чадаагүй, аюул саад бий болоход зогсоох арга хэмжээ авч чадаагүй зэрэг шалтгааны улмаас явган зорчигчийг мөргөсөн зам тээврийн осол гарсан. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэх дүгнэлт /Хэргийн 1-р хавтасны 21-22 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хэргийн 1-р хавтасны 3 дугаар хуудас, 2-р хавтасны 5 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хэргийн 1-р хавтасны 4-5, 44 дүгээр хуудас/,
Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /Хэргийн 1-р хавтасны 6 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /Хэргийн 1-р хавтасны 7-8 дугаар хуудас/,
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /Хэргийн 1-р хавтасны 9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Хэргийн 1-р хавтасны 48-49 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /Хэргийн 1-р хавтасны 50 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэл болон адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтасны 7-9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Хэргийн 2-р хавтасны 11-12 дугаар хуудас/,
Мал үнэлсэн тайлан /Хэргийн 2-р хавтасны 35 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.С- нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч О.Д-, Э.Б-, Б.С- нар нь хохирогч П.Х-ын 4 тооны адууг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь хохирогч П.Х-, Л.Б-, гэрч Г.Д-, Д.Б- нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч О.Д-, Э.Б-, Б.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д-, Э.Б-, Б.С- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч О.Д- нь урьд ... шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хэргийн 2 дугаар хавтасны 93 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /Хэргийн 2-р хавтасны 94-96, 97-99, 100-102, 103-105, 106-108 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б- нь урьд ...шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хэргийн 2-р хавтасны 114 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /Хэргийн 2-р хавтасны 115-118 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.С- нь урьд ...шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /Хэргийн 2-р хавтасны 123-127, 128-135 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хэргийн 2-р хавтасны 122 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Хохирогч П.Х- нь ...одоо надад гомдол санал нэхэмжлэхгүй зүйл байхгүй. Бор, хүрэн, хул зүсмийн гурван тооны адууг амьдаар нь буцааж авсан, хар зүсмийн адууныхаа махыг бүрэн бүтэн хүлээж авсан. Хохирогч Л.Б- нь ...би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1738000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байх тул хэрэгт битүүмжлэгдсэн Б.С-, О.Д-, Э.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай автотээврийн хэрэгсэл, Б.С-гийн гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Д-гийн цагдан хоригдсон 54 хоног, Б.С-гийн цагдан хоригдсон 54 хоног, Э.Б-ын цагдан хоригдсон 11 хоногийг тус тус ялтны эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР