Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/502

 

                                                           Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

хохирогч “М Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр,

хохирогч “Э Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

шүүгдэгч Э.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б-д холбогдох 2210 00983 0574 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

 Ц овгийн Э-н Б, ........., /РД: ............/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 650 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Э.Б нь “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж иргэн Ц.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар иргэн Ц.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Гутал ХХК-ийн ажлын байрнаас 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс мөн 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 104.246.550 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, иргэн Ц.Б-д их хэмжээний хохирол учруулсан,

- үргэлжилсэн үйлдлээр “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж “МАК” ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал Д.Н-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “МАК” ХХК-ийн байрнаас 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 80.000.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “МАК” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж “МАК" ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал Д.Н-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “МАК” ХХК-ийн байрнаас 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн сарын 26-ны хооронд 90.496.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “МАК” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “Р и” ХХК-ийн захирал Г.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 124.250.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “Р и” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж “В" ХХК-ийн захирал Л.Ч-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 77.558.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөгийг, нийт 107.558.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “В” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “М Э” ХХК-ийн захирал Х.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 1 дүгээр сарын 07, 13-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр нийт 101.393.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “М Э” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “Э Т” ХХК-ийн захирал Д.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61.155.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч их хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн С.Д, Г.А нарт “би Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн ажлын хэсэгт ажилладаг, Азийн Хөгжлийн Банк гадаад улсад Монгол Улсын иргэнийг их дээд сургуульд суралцуулах төлбөрийн тэтгэлгийн эрхийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан АНУ-ын Бостон хотын их сургуульд бакалаврын мэргэжлээр 1, магистрын ангид 1 хүүхэд суралцуулах эрхийг сайд Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт сонгон шалгаруулалтгүй олгож байгаа юм, энэ хөтөлбөрт С.Дариймаагийн хүү А.Т, Ц.Г-н охин Г.А нарыг хамруулж өгөх боломжтой, сургалт, замын зардлын мөнгө” гэж итгүүлэн, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн ордон”-ы зүүн талын хаалганы орчимд 12.000.000 төгрөг бэлнээр, 6 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн мөнгө, төлбөр гэж итгүүлэн Хаан банкны 51...885 дугаарын дансаар Г.А-с 500.000 төгрөг, 2021 оны 7 сарын 2-ны өдөр “нэмж мөнгө хэрэгтэй болсон” гэж итгүүлэн Хаан банкны 502...297 дугаарын дансаар 1.000.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.А-д 6.500.000 төгрөгийн, С.Д-д 7.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, “В Ви” ХХК-ийн гадаад харилцааны ажилтан П.Э-д “танай компаниас металл зүсэх, зорох зориулалт бүхий Омни брэндийн тоног төхөөрөмж захиалмаар байна, захиалгын гэрээ байгуулмаар байна, гэхдээ танай компани тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн чадамжтай гэдгээ нотлохын тулд манай компанийн дансанд гэрээний үнийн дүнгийн 6 хувь барьцаа мөнгийг байршуулах шаардлагатай” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “В Ви” ХХК-тай “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж улмаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13.419.540 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авч “В Ви” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж “Ө Ж А” ХХК-ийн захирал Х.Э-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 170/Б байрны 76 тоот өөрийн гэрээсээ 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11.600.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “Ө Ж А” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- “В Л Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О-д бодит байдлыг нуух замаар “тээврийн төлбөр дээр нэмж ашиг хүртээнэ” гэж итгэл төрүүлэн хуурч 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Х Т З” ХХК-ийн 565...939 тоот дансаар нийт 41.670.000 төгрөг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 749.288.090 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Э-н Б-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-г 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 308 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч “В Ви” ХХК /захирал П.Э/-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-с 685.486.125 төгрөгийг гаргуулан, С.Д-д 7.000.000 төгрөг, Г.А-д 6.500.000 төгрөг, “Э Т” ХХК-д 61.155.000 төгрөг, “М Э” ХХК-д 101.393.000 төгрөг, МАК ХХК-д 170.496.000 төгрөг, Ц.Б-д 104.246.550 төгрөг, “В Л Л” ХХК-д 41.670.000 төгрөг, “Ө Ж А” ХХК-д 11.600.000 төгрөг, “Р и 124.250.000 төгрөг, “В” ХХК-д 57.175.575 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “М Э” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга: “... Шүүгдэгч Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр тээвэр зуучлалын чиглэлээр болон сургалтад хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн, хуулийн этгээдийг төөрөгдөлд оруулж 2021.05.12-ны өдрөөс 2022.04.08-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...” гэжээ.

Хоёр. Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо:

2.1. “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлийн тухайд: 2.1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “... Харин хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяраас “М Ри” ХХК-ийг хохирогчоор тогтоолгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай санал, хүсэлт гаргасныг хянан үзэхэд хэрэгт цугларсан баримтаар “М Э” ХХК нь “Х Т З” ХХК-тай 2022.01.07-ны өдөр, 2022.01.13-ны өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн баримт авагдсан, мөн “М Э” ХХК-иас Э.Б-н хэлсэн “Х Т З” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга авагдсан байгаагаас дүгнэхэд Э.Б-тэй харилцсан хуулийн этгээд нь “М Э” ХХК байх тул хохирогчийг зөв тогтоосон гэж үзнэ. Харин “М Ри” ХХК нь шүүгдэгч Э.Б-тэй харилцсан, түүнд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт хэрэгт байхгүй байна. Нөгөө талаас өмгөөлөгч Ж.Наранбаяраас залилагч нь заавал хохирогчтой холбогдсон байх ёстой гэж прокурор тайлбарлаад байгаа боловч залилах гэмт хэрэгт хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь төөрөгдсөн этгээдтэй нэг байхыг шаардах ба “М Ри” ХХК нь 240.000 ам.долларын бараа авахаар онлайнаар хийгээд, мөнгөө төлсний дараа “М Э” ХХК-д барааг тээвэрлэж өгөөч гэж хандаж гэрээний харилцаанд орсон гэж хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан. ... Иймд “М Ри” ХХК-ийг хохирогчоор тогтоолгох, эрүүгийн хэрэг хянан ажиллагаанд оролцуулах, уг үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзах үндэстэй гэж шүүх дүгнэсэн болно ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” ял шийтгэхээр хуульчилсан. Дээрх зохицуулалтаас үзэхэд “Залилах” гэмт хэрэг нь заавал өөртөө олж авна гэсэн тодорхойлолт харагдахгүй байна. Иймд энэ зүйлийн утга санаа гуравдагч этгээдэд ашигтайгаар залилсан үед ч гэсэн үйлчлэх ёстойг харуулж байна. Энэ зүйлийн дагуу аливаа этгээдийн эд хөрөнгө, өмчлөх эрх хамгаалагдаж байдаг. Хэрэв гуравдагч этгээдэд ашигтай байдлаар залилж эд хөрөнгийн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд багтаан зүйлчлэхгүй бол энэхүү хамгаалалт нь бүрэн гүйцэд болж чадахгүй. Нөгөөтэйгүүр, төөрөгдөлд орсон этгээд, хохирсон этгээд хоёр заавал нэг этгээд байх албагүй. Хамгийн чухал нь төөрөгдсөн этгээд ба хохирсон этгээд хоёрын хооронд эд хөрөнгө шилжүүлэхэд хүргэх эрх зүйн эсвэл бодит харилцаа үүссэн байх ёстой. “Залилах” гэмт хэргийн хувьд төөрөгдсөн этгээд, эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд хоёр заавал нэг этгээд байх ёстой болохоос төөрөгдсөн этгээд, хохирсон этгээд хоёр заавал нэг этгээд байх албагүй юм. Гэхдээ эхний тохиолдлын хувьд ч гэсэн төөрөгдсөн этгээд эрх зүйн хувьд эсвэл бодит байдлын хувьд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой байх ёстой. Энэ харилцаа хохирогч нь төөрөгдсөн этгээдийн үйлдлийг зөвшөөрч байхаар үүссэн байдаг.

Монгол Улсын хуулийн этгээд “М Ри” ХХК нь БНХАУ-ын хуулийн этгээд “Г И Ю-И Ри” ХХК-тай 2021.09.19-ний өдөр байгуулсан “Худалдах худалдан авах” гэрээгээр худалдагч нь 1 ширхэг нь 98 ам.долларын үнэтэй 2.400 ширхэг буюу 235.200 ам.долларын үнэтэй зэс квадрат, 1 м3 нь 1305 ам.долларын үнэтэй 4 м3 буюу 5.220 ам.долларын үнэтэй шигшсэн элс, нийт 240.420 ам.долларын үнэ бүхий барааг худалдан авагчид нийлүүлэхээр тохиролцож, улмаар худалдан авагч нь барааны үнийг бүрэн төлсөн байна. /3 хх 43-44, 6 хх 75-82/ Худалдан авагч “М Ри” ХХК нь худалдан авсан бараагаа Монгол Улс руу тээвэрлүүлэх захиалгыг “М Э” ХХК-д 2021.11.18-ны өдөр өгсөн бөгөөд уг захиалгын дагуу худалдагч БНХАУ-ын “Г И Ю-И Ри” ХХК нь “М Э” ХХК-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь тээврийн агент болох “Doechi international” ХХК-ийн Тяньжин боомт дахь агуулахад уг барааг 2021.12.02-ны өдөр хүлээлгэж өгсөн юм.

Тухайн үед “М Э” ХХК нь цар тахал, хилийн боомтуудын үйл ажиллагаа хязгаарлагдмал болсонтой холбогдуулан зарим захиалгуудаа туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран гүйцэтгэж байсан бөгөөд эл зарчмын дагуу “Х Т З” ХХК-ийг үүсгэн байгуулагч гэх Э.Б-тэй холбогдоход тэрээр “М Э” ХХК-ийн тээврийн менежер С.Ууганбаярт “... Манай “Х Т З” ХХК нь найдвартай, түргэн шуурхай ажилладаг. Би БНХАУ-д тээвэр, ложистик чиглэлээр төгссөн. “Х Т З” ХХК нь “Хаан бууз”, “Хаан даатгал” ХХК-иас салбарласан нэг эзэнтэй компани” /3 хх 49-50/ гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “М Э” ХХК-тай 2022.01.13-ны өдөр “М Ри” ХХК-ийн худалдан авсан дээрх барааг БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г “Х Т З” ХХК-ийн нэрээр байгуулж, тус компанийнхаа 5653365939 дугаарын дансаар тээврийн хөлсний 50 хувь болох 11.375.000 төгрөгийг “М Э” ХХК-иас 2022.01.14-ний өдөр шилжүүлэн авч залилсан. /3 хх 19-22/ “М Э” ХХК-иас урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа “Х Т З” ХХК нь БНХАУ дахь өөрийн агент болох “178 Карго” ХХК-иар дамжуулан барааг 2022.01.27-ны өдөр “М Э” ХХК-ийн агент болох “Doechi international” ХХК-ийн агуулахаас авч ... чингэлэгт ачсан мэдээ болон ачааны зургийг “М Э” ХХК-д явуулсан боловч Э.Б нь сүүлдээ холбогдохгүй, олдохгүй алга болсон. Тиймээс “Х Т З” ХХК-ийн БНХАУ дахь гэрээт агент болох “178 Карго” ХХК-тай “М Э” ХХК-иас 2022.04.16-ны өдөр холбогдож тодруулахад “М Ри” ХХК-ийн бараа бүхий чингэлэг Ганц мод боомтод ирээгүй, Тяньжин боомтод байсан бөгөөд БНХАУ-ын экспортын гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, ямар нэгэн тээвэрлэлтийн үйл явц эхлээгүй орхигдсон байсныг мэдэж авсан төдийгүй “178 Карго” ХХК нь “Х Т З” ХХК-иас авах тээврийн хөлс, чингэлгийн түрээс, ачаа хадгаламжийн төлбөр зэрэг өр төлбөртөө уг ачааг тооцож авсан гэдгээ “М Э” ХХК-д мэдэгдсэн юм. Дээрх үйл баримтыг дүгнэн үзвэл “М Ри” ХХК нь “Г И Ю-И Ри” ХХК-тай 2021.09.19-ний өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах” гэрээгээр нийт 240.420 ам.долларын үнэ бүхий барааг худалдан авахаар тохиролцож, барааны үнийг бүрэн төлсөн бөгөөд “М Ри” ХХК нь худалдан авсан бараагаа Монгол Улс руу тээвэрлүүлэх захиалгыг “М Э” ХХК-д 2021.11.18-ны өдөр өгч, уг захиалгын дагуу худалдагч “Г И Ю-И Ри” ХХК нь “М Э” ХХК-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь тээврийн агент болох ““Doechi international” ХХК-ийн Тяньжин боомт дахь агуулахад уг барааг 2021.12.02-ны өдөр хүлээлгэж өгсөн байна. ... Уг гэмт хэргийн улмаас хохирогч “М Э” ХХК-д 11.375.000 төгрөгийн хохирол, хохирогч “М Ри” ХХК-д 240.420 ам.доллар буюу 684.865.221 төгрөгийн хохирол учирсан байна. Тодруулбал “М Э” ХХК нь 11.375.000 төгрөгийн хохирлын хувьд хохирогч болох бөгөөд 240.420 ам.доллар буюу 684.865.221 төгрөгийн хохирлын хувьд хохирогч биш, харин төөрөгдсөн этгээд, мөн эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд болно.

Харин 240.420 ам.доллар буюу 684.865.221 төгрөгийн хохирлын хохирогч нь “М Ри” ХХК болох бөгөөд хохирогч “М Ри” ХХК болон төөрөгдсөн этгээд “М Э” ХХК-ийн хооронд эд хөрөнгө шилжүүлэхэд хүргэх эрх зүйн болон бодит харилцаа үүссэн байсан гэж үзнэ. ... Иймд хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Э.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт “М Ри” ХХК-ийг хохирогчоор тогтоолгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, уг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хохирол, хор уршгийн талаар заасан. ... Шүүгдэгч Э.Б нь ... дээр дурдсан залилах 3 удаагийн үйлдлийн нэг болох “М Э” ХХК-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “М Ри” ХХК-ийн 240.420 ам.долларын үнэ бүхий барааг БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г “М Э” ХХК-тай 2022.01.13-ны өдөр “Х Т З” ХХК-ийн нэрээр байгуулж, тус компанийнхаа 5653365939 дугаарын дансаар тээврийн хөлсний урьдчилгаа 11.375.000 төгрөгийг “М Э” ХХК-иас 2022.01.14-ний өдөр шилжүүлэн авч залилж тус компанид 11.375.000 төгрөгийн хохирол учруулсны улмаас тус компанид 14.299.900 төгрөгийн хор уршиг буюу үр дагавар үүссэн байдаг. ... Уг гэмт хэргийн улмаас хохирогч “М Э” ХХК-д 11.375.000 төгрөгийн хохирол, 14.299.900 төгрөгийн хор уршиг, бүгд 25.674.900 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. Дүгнэвэл, шүүгдэгч Э.Б нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч “М Э” ХХК-д 101.393.000 төгрөгийн хохирол, 14.299.900 төгрөгийн хор уршиг, нийт 115.692.900 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж үйлдсэн гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх “М Э” ХХК-д учирсан 14.299.900 төгрөгийн хор уршгийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан, уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 1.9 “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол...” гэж заасан. Хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэсэн үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг 2023.01.11-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2023.01.18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон. /6 хх 62-66, 67-70/ ... “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяраас гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж гаргасан шийдвэрийнхээ талаар шүүх хуралдаан даргалагч тайлбарласан юм. Гэтэл 2023.01.18-ны өдөр нээлттэй явагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 161 дугаартай тэмдэглэлийн 8-9 дүгээр хуудсанд: “...захирамжлах хэсэгт 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасныг баримтлан өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, ... шийдвэрлэв ...” гэж шүүх хуралдаан даргалагчийн тайлбарласнаас илт зөрүүтэй тэмдэглэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. ... Э.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч “М Э” ХХК-ийн эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилт хэрэгжиж чадаагүй байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Гурав. Гомдол гаргагчийн санал, хүсэлт:

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.28-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

1. Хэргийг хянасан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдорж нь хэрэг шүүхэд шилжихийн өмнө хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, анхан шатны шүүх 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж олон жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би тодорхой богино хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дээрх хэргийг үйлдсэнээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Гэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгож ашиглаагүй. Уг зүйл, заалтын талаар Улсын Дээд шүүхийн тайлбарт үргэлжилсэн үйлдлийг дангаар нь ял хүндрүүлэх нөхцөл болгохыг хуульчлаагүй учир хэт яллах талыг баримтлан бусдыг өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалд дурдагдсан компани болон хувь хүнд олгогдсон төлбөр баримтуудыг харгалзахгүй зөвхөн архи, дарс, зугаа цэнгэлд зарцуулсан мөнгийг нотлох баримтгүйгээр амьдрах эх үүсвэрээ болгосон хэмээн дүгнэж олон жилийн ял халдаасанд гомдолтой байгаа тул хэргийн зүйлчлэлийг тал бүрээс нь нягталж, үйлдэл, эс үйлдэхүйд тохирсон хуулийн зүйл, хэсгээр зүйлчилж өгөхийг хүсэж байна.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний эрх зүйн байдлыг дордуулж хэргийг нэмж нэгтгэсэн байдлыг хянаж үзнэ үү. Хохирогч Э, С.Д, Г.А нарт хохирол учруулсан хэрэг нь 2021 онд шүүхээр торгох ял шийтгэгдэхээс өмнө үйлдэгдсэн ба хэрэг шийдвэрлэх үед илэрчихсэн, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд эхэлсэн байсан ба нэг мөсөн нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хүлээн аваагүй, энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж, ийм олон жилийн ял шийтгүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Иймд хэрэг нэгтгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Хэт нэг талыг барьж яллахаасаа өмнө миний зуучлалын үйл ажиллагаа хэрхэн явуулж, ямар компани, иргэний эд хөрөнгийг тээвэрлэж өгсөн, олсон орлогоороо ямар хохирогч нарын хохирлыг хэрхэн барагдуулж байсан, хэр хэмжээний бусдаас авлагатай байгаа зэргийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хохиролд тооцох зэрэг шаардлагатай ажиллагаануудыг хийлгүйгээр зөвхөн яллах талын баримтлан олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгосон хэмээн өрөөсгөл дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, олсон орлогоо дан ганц зугаа цэнгэлд зарцуулаагүй, хохирлын тодорхой хэсгийг төлж байсан, удаан хугацаагаар цагдан хоригдож төлбөр төлөх боломж хаагдсан, анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хуулийн шударга энэрэнгүй зарчимд тулгуурлан, зөв зүйл, хэсгээр зүйлчилж, өмнө оногдуулсан ялаас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “М Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.Б манай 240.420 ам.долларын барааг хүлээж авч, ачаад “...Эрээн хотод ирлээ, Замын-Үүдийн боомтод удахгүй очно...” гэж хэлээд 1-4 дүгээр сар хүртэл үргэлжилсэн. 4 дүгээр сард шүүгдэгч Э.Б утсаа салгаж, алга болохоор нь барааг хаана байгаа эсэхийг шалгаж, хайж эхэлсэн. Гэтэл шүүгдэгч Э.Б-н гэрээт “Карго-178” ХХК-д бараа байгааг мэдээд, очиж авъя гэхэд “Х Т З” ХХК-иас “...танай ачааг явуулахгүй...” гэсэн. Бид аргагүй байдалд орсон. 8 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хохирлын хэмжээг нэмэх тухай хүсэлт гаргасан. ... Миний хувьд хохирлын хэмжээг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэж байна. “Х Т З” ХХК-иас бараагаа эргүүлэн авмаар байна. Мөрдөгч манай байгууллагын зүгээс гаргасан гомдлын он, сарыг зассан асуудлууд гарсан. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч “Э Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

 Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч Э.Б нь хувь хүн болон хуулийн этгээдүүдийг залилсан үйлдлийн цаг хугацааны дараалал нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаанд үйлдсэн. Энэ цаг хугацаанд Д, А нарыг залилсан. Шүүгдэгч Э.Б харьцангуй удаан хугацаанд 3 буюу түүнээс дээш удаа санаатай гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь тогтоогдсон учраас амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн. Шүүгдэгч Э.Б нь “М Ри” ХХК-тай харьцсан үйл баримт тогтоогдоогүй. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан. Яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хохирлын тооцоог гарган, өмгөөлөгч нартай биечлэн уулзаж, хэргийн материал танилцуулсан. Анхан шатны шүүх хуралдаан товлогдохоос өмнө хэргийн материалтай танилцах боломж нь байсан. ... Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Б нь “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж иргэн Ц.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар иргэн Ц.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Гутал ХХК-ийн ажлын байрнаас 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс мөн 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 104.246.550 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, иргэн Ц.Б-д их хэмжээний хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж,

-“МАК” ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал Д.Нинжбадгарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “МАК” ХХК-ийн байрнаас 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн сарын 26-ны хооронд 90.496.000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 80.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлснийг хүлээн авч, “МАК” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “Р и” ХХК-ийн захирал Г.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 124.250.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “Р и” ХХК-д их хэмжээний хохирол,

- “В" ХХК-ийн захирал Л.Ч-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 77.558.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөгийг, нийт 107.558.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “В” ХХК-д их хэмжээний хохирол,

- “М Э” ХХК-ийн захирал Х.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 1 дүгээр сарын 07, 13-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр нийт 101.393.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “М Э” ХХК-д их хэмжээний хохирол,

- “Э Т” ХХК-ийн захирал Д.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61.155.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч их хэмжээний хохирол,

Иргэн С.Д, Г.А нарт “би Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн ажлын хэсэгт ажилладаг, Азийн Хөгжлийн Банк гадаад улсад Монгол Улсын иргэнийг их дээд сургуульд суралцуулах төлбөрийн тэтгэлгийн эрхийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан АНУ-ын Бостон хотын их сургуульд бакалаврын мэргэжлээр 1, магистрын ангид 1 хүүхэд суралцуулах эрхийг сайд Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт сонгон шалгаруулалтгүй олгож байгаа юм, энэ хөтөлбөрт С.Д-н хүү А.Т, Ц.Г-н охин Г.А нарыг хамруулж өгөх боломжтой, сургалт, замын зардлын мөнгө” гэж итгүүлэн, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Төрийн ордон”-ы зүүн талын хаалганы орчимд 12.000.000 төгрөг бэлнээр, 6 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн мөнгө, төлбөр гэж итгүүлэн Хаан банкны 518...885 дугаарын дансаар Г.А-с 500.000 төгрөг, 2021 оны 7 сарын 2-ны өдөр “нэмж мөнгө хэрэгтэй болсон” гэж итгүүлэн Хаан банкны 50...97 дугаарын дансаар 1.000.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.А-д 6.500.000 төгрөгийн, С.Д-д 7.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, “В Ви” ХХК-ийн гадаад харилцааны ажилтан П.Э-д “танай компаниас металл зүсэх, зорох зориулалт бүхий Омни брэндийн тоног төхөөрөмж захиалмаар байна, захиалгын гэрээ байгуулмаар байна, гэхдээ танай компани тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн чадамжтай гэдгээ нотлохын тулд манай компанийн дансанд гэрээний үнийн дүнгийн 6 хувь барьцаа мөнгийг байршуулах шаардлагатай” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “В Ви” ХХК-тай “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж улмаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13.419.540 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авч “В Ви” ХХК-д үлэмж хэмжээний хохирол,

- “Х Т З” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж “Ө Ж А” ХХК-ийн захирал Х.Э-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 170/Б байрны 76 тоот өөрийн гэрээсээ 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11.600.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “Ө Ж А” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- “В Л Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О-д бодит байдлыг нуух замаар “тээврийн төлбөр дээр нэмж ашиг хүртээнэ” гэж итгэл төрүүлэн хуурч 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Х Т З” ХХК-ийн 5653365939 тоот дансаар нийт 41.670.000 төгрөг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 749.288.090 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А-н: “... Миний ээж Ц.Г-д түүний танил С.М эгч 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Австрали Улс руу хүүхдээ магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах боломж байна гэж хэлсний дагуу ээж бид хоёр 2021 оны 07 дугаар сарын эхээр С.М, О.А болон түүний хүүгийн хамт Э.Б гэгчтэй уулзсан. Тухайн үед Э.Б хэлэхдээ “Бостоны их сургуульд хэлний бэлтгэлд явуулах болон дотуур байрны талаар ярьсан. Эхний ээлжид нислэгийн замын зардлыг авна” гэж яриад салсан. Энэ яриа болж дууссаны дараа би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУБИС-ийн орчим явж байгаад нислэгийн тийзийн зардал 6.000.000 төгрөгийг С.Д эгчийн Хаан банкны 504...91 дугаарын дансанд шилжүүлсэн. Үүний дагуу С.Д нь мөнгийг АТМ-ээс бэлнээр гаргуулан аваад өөрийнхөө хүүхдийг явуулах замын зардлын 6.000.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 12.000.000 төгрөгийг Э.Б-д Төрийн ордны зүүн талын хаалганы дэргэд уулзаад бэлнээр өгөөд залилуулсан гэсэн. ...” /3 хх 147-148/,

хохирогч С.Д-н “... О.А, А.Т, С.М, Г нар Э.Б-тэй Боловсролын яамны дэргэд байрлах “Модерн номадс” нэртэй хоолны газарт уулзаад магистр, бакалаврт хоёр хүүхэд АНУ-ын Бостоны Их сургуульд суралцуулахаар ярилцсан байсан. Тэр үед нэг хүүхдийн замын зардлын төлбөрт 6.000.000 төгрөг холбогдох бичиг баримтын хамт баталгаат орчуулгаар орчуулан Пүрэв гарагт надтай холбогдон Төрийн ордны ойролцоо аваад ирээрэй гэж хэлж ярилцаад салсан. Тэгсэн уулзаад удалгүй байхад 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э.Б нь нөхөр Амгалангийн утас руу залгаад “яаралтай замын зардлын төлбөрөө бичиг баримтаа аваад Төрийн ордны зүүн хаалган дээр хүрээд ир, яаралтай нислэгийн тийз бичүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т төвд байрлах Хаан банкны АМТ-с 12.000.000 төгрөг авсан. Тухайн үед Г.А-н ээж Г-с миний дансанд 6.0 сая төгрөг шилжүүлснийг хамт аваад Э.Б-тэй Төрийн ордны зүүн хаалган дээр уулзан бор өнгийн цаасан дугтуйнд бичиг баримтын хамт өгсөн. ...Э.Б нь С.М-тэй утсаар холбогдоод нислэгийн тийзийн төлбөр дутсан учир Хаан банкны 502..97 Төгсбилэг гэсэн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлчих, 500.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны Э.Б гэсэн 518...85 дугаарын дансыг өгсөн гэсэн. Тэр үед С.Мөнхцэцэг нь 1.000.000 төгрөгийн өртэй байсан учраас миний өмнөөс уг мөнгийг Хаан банкны 50..297 тоот, Төгсбилэг эгчийн дансанд өөрийнхөө Хаан банкны 593...708 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байсан. ...” /3 хх 152-154/,

хохирогч Ц.Б-н: “... Би Э.Б-тэй найзаараа дамжуулан танилцаж байсан. Тухайн үед өөрийгөө ахынхаа тээвэр зуучийн компанид ажиллаж байгаа, сарын 2.000.000 төгрөгийн цалинтай учир бага байна, өөрөө компани байгуулж тээвэр хийх сонирхолтой гэж хэлж байсан. Хятад Улсад тээвэр зуучийн сургуульд магистраар төгссөн. Манай ангийн хүүхдүүд Хятадын ложистикийн төвүүдэд гайгүй ажил хийж байгаа, бусад газруудын ачаа, бараа гацаж байхад миний ачаа бараа гацахгүй тээвэр хийх боломж байна гэж хэлсэн. Би ах, эгчийнхээ компанид бүх зүйлийг нь хийдэг байсан, тантай хамтарч тээвэр зуучийн компани байгуулж болох юм, би мөнгөө оруулна, та мөнгөө оруул МАК-ын барааг тээвэрлэхийн тулд Х Т Зийн тусгай зөвшөөрлийг ашиглаад хамтарч тээвэр хийж болох юм гэж хэлсэн. Би итгээд 7 удаагийн үйлдлээр 106.246.550 төгрөг шилжүүлсэн. Тэгээд МАК-ын эхний ачааг хүлээлгэн өгсөн боловч нөгөө орж ирэх ёстой мөнгө нь орж ирээгүй байгаа гэж хэлээд байсан учир би МАК-аас асуутал “Хаан тээвэр”-лүү шилжүүлчихсэн байсан. Тэрийгээ хэлээгүй мөнгө орж ирэхгүй байна гэж хэлээд байсан. Тэгээд МАК-тай уулзах явцдаа “Х Т З” ХХК-ийг Э.Б-н ах, эгчийнх биш Хүслэн гэх хүний нэр дээр байдаг компани гэж мэдсэн. Гэрээ байгуулаагүй эхний авсан 66.246.550 төгрөгийг МАК ХХК-ийн эхний ачаа тээвэрлэхэд зориулж шилжүүлсэн. Үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 2 дахь ачаанд зориулж шилжүүлсэн. Цементийн шуудай оруулж ирэх ёстой байсан. Эхний тээвэр орж ирээд МАК-д хүлээлгээд өгчихсөн мөнгөө хэлээгүй Э.Б авчихсан. Уг нь мөнгөө орж ирэнгүүт ашиг болох 55.325.000 төгрөгийг хоёр хуваана гэж ярьж байсан. ...” /1 хх 48-49/,

хохирогч “В Ви” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Э-н “...2021 оны 05 дугаар сарын дундуур Б гэх өмнө нь хамт Хятад Улсад суралцаж байсан залуу “С Я” ХХК-тай манай компанийг холбож зуучилсны үндсэн дээр би “В Ви” ХХК-г төлөөлж худалдаа хийхээр тоног төхөөрөмж худалдахаар “С Я” ХХК-тай холбогдсон. ... удалгүй “С Я” ХХК-иас Э.Б болон Болдбаатар нар холбогдож гэрээний төсөл болж байна, гэрээ байгуулмаар байна гэхдээ тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн чадамжтай гэдгээ нотлохын тулд манай “С Я” ХХК-ийн дансанд байршуулах шаардлагатай гэсэн ба мөн манай “С Я” ХХК-иас тоног төхөөрөмж нийлүүлэгчийг харьцуулалтын аргаар сонгож байна, танайх шалгарлаа манай компанийн дансанд мөнгө байршуулаарай гэсэн тул би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цахимаар худалдах, худалдан авах гэрээг “В Ви” ХХК-ийг төлөөлж “С Я” ХХК-тай хийсэн. Би гэрээ болчихлоо гэж ойлгоод гэрээнд заасан барьцаа мөнгийг Хас банкны 5003564382 дугаарын данснаас “С Я” ХХК-ийн Хаан банкны 5629050418 дугаарын данс руу 13.419.540 төгрөгийг шилжүүлэхэд “С Я” компаниас Болдбаатар холбогдон болчихлоо мөнгө орсон гэсэн. ... Тэгээд би Э.Б рүү түүний 8933..4 дугаар руу өөрийн 919..62 дугаараас залгаж холбогдоход Э.Б за энүүгээр яваад зохицуулъя гэсэн. Удалгүй Э.Б эргэж залгаад гэрээний мөнгө удахгүй орно, 2 хоног хүлээчих гэсэн тул би хүлээсэн, дахиж мөнгө яасан тухай асуухад жаахан хүлээж бай, одоохон гэсээр өдийг хүрсэн. ...” /4 хх 90-91/,

хохирогч “Э Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н “...Э.Б нь өөрийгөө Монгол Улсаас БНХАУ-руу нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг, мөн гадаад улс руу тээвэр зуучийн компанитай гэж хэлж байсан. Тэгээд Э.Б БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу 9 вагон карказ оруулж ирж чадна, асуудалгүй гэж хэлсний дагуу би өөрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Э Т” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 80...89 тоот данснаас Э.Б-н хий гэсэн Хаан банкны 565...39 тоот Х Т З ХХК-ийн данс руу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61.155.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан. ...” /3 хх 87/,

хохирогч “М Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.У-н “... Манай байгууллага МАК ХХК-ийн ачааг тээвэрлэдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын дундуур МАК танайхаар ачаа бараагаа тээвэрлүүлэхээ болих гэж байгаа, танай ажлыг “Х Т З” ХХК үргэлжлүүлэн явуулах болно гэсэн. Үүний дагуу Э.Б гэх хүн ирж МАК-ийн ачаа тээврийг хүлээж авсан, өөрийгөө танилцуулан манай “Х Т З” ХХК найдвартай түргэн шуурхай ажилладаг гэж хэлж байсан. Мөн өөрийгөө БНХАУ-д тээвэр, ложистик чиглэлээр төгссөн гэж хэлж байсан. Манай байгууллага хурдан ажилладаг учраас “Х Т З” ХХК-иар 4 удаагийн бараа татуулахаар манай оффис дээр Э.Б нь ирж гэрээ хийж байсан. Гэвч “Х Т З” ХХК-ийн Э.Б нь 4 ширхэг захиалгаас нэгийг нь хүлээлгэн өгснөөс бусдыг нь одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрсэн. ...” /3 хх 49-50/,

хохирогч “МАК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч-н: “...МАК ХХК нь 2022 оны 02 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотын боомтоос 12 ширхэг машин карказ төмөр тээвэрлэх шаардлагатай болсон. Тус тээвэрлэлтийг хийж гүйцэтгэнэ хэмээн Эрдэнэ овогтой Э.Б, Ганхуяг овогтой Х нар нь тээвэрлэлтийг хийж өгье манай компани энэ цар тахлын үед тээвэрлэлтийг ямар ч асуудалгүй хийж чадаж байгаа, танай карказыг тээвэрлэе гэж хэлээд үнийн санал явуулж утсаар холбогдсон. Тухайн саналыг судалж үзээд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 0891122 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийн урьдчилгааг Э.Б, Х нарын үүсгэн байгуулсан “Х Т З” ХХК-ийн Хаан банкны 565...939 тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн боловч ачааг тээвэрлэж өгөөгүй. Тэгээд ачаа бараагаа асууж ярихаар “танай ачаа ачигдчихсан, хоёр хоноод очно, гурав хоноод очно” гэх мэтээр байнга худал мэдээлэл өгч байсан. ... Э.Б-г олж оффис дээрээ уулзахад хохирлыг барагдуулахгүй, мөнгөө үрчихсэн, барагдуулах мөнгө байхгүй гэж дансны хуулгаа үзүүлсэн. ...” /2 хх 57-59, 135-137/,

хохирогч “В Л Л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н “... Би Э.Б-тэй ярихад өөрийгөө МАК-ын хангамжийн албаны дарга гэж танилцуулсан. Шүрээгээр 3 чингэлэг ачаа тээвэрлүүлж байтал Шүрээ нь Тяньжин дээр бараа гацаачихсан. Тэр 3 чингэлгийн хоёрт нь МАК-ын цементийн шуудай явж байсан. Тяньжин дээр тодорхойгүй хугацаагаар гацсан тул бид нар Хятадаас дахиж худалдаж аваад Ганц мод боомтоор авто машинаар оруулж ирэх гэж байна. Тэгэхгүй бол үйлдвэр зогсоод би өөрөө ажилгүй болох гэж байна гэж ярьсан. Хоёр авто машин ачаа боомт дээр ирсэн. Хятадын тал мөнгөө нэхээд байна гэхээр нь би МАК ХХК-аас мөнгө гаргаж төлөөд ачаагаа авч болохгүй байгаа юм уу гэхэд ачаагаа авч байж мөнгөө төлнө гээд захирлууд зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Хятад талын компани руу төлчихье гэхэд хэрэггүй чи манай “Х Т З” ХХК-руу мөнгийг шилжүүлчих гэсэн. Би МАК ХХК-тай гэрээ хийж байж мөнгөө шилжүүлнэ гэхэд гэрээ хийвэл удна эхний удаа “Х Т З” ХХК-тай гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би “Х Т З” ХХК-тай гэрээ хийгээд мөнгөө “Х Т З” ХХК-ийн 565...939 дугаарын дансаар шилжүүлсэн. Түүнийхээ дараа би “Х Т З” ХХК нь ямар чиглэлийн компани вэ гэж асуухад МАК ХХК-тай гэрээгээр ажилладаг компани гээд хоорондоо байгуулсан гэрээгээ үзүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлснээс хойш 3-5 хоногийн дараа МАК ХХК-д ачааг нь хүлээлгэж өгөөд мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлээд надад тээврийн төлбөр дээр нэмээд 30.000 юань өгнө гэдэг санал тавьсан боловч 2022 оны 4 дүгээр сарын 11-нд холбогдоод мөнгөө нэхэхэд 3 дахь өдөр гэхэд мөнгөө шилжүүлчихнэ гэж хэлээд түүнээс хойш алга болсон. ...” /5 хх 206-207/,

хохирогч “Ө Ж А" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-н “...  Э.Б гэдэг хүнтэй ярихад “3-4 хоногийн дотор таны ачааг баталгаатай оруулж ирнэ, та мөнгөө” гэсэн. Банк хаалттай байсан тул маргааш нь гэртээ байхдаа “Х Т З” ХХК-ийн нэр дээр байдаг 56...939 дугаарын дансанд барааны урьдчилгаа төлбөр 11.600.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлчхээд Э.Б-тэй 99850077 дугаарт эргэж залгаад ачаа хурдан оруулж ирээрэй, гэрээ байгуулна гэтэл би Гашуун сухайтын боомт дээр ачаа оруулж ирэх гээд ажилтай явж байна, 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот руу орохоороо гэрээгээ хийе гэсэн. ... Э.Б-тэй уулзахад надад гэрээ танилцуулаад гэрээгээ аваад цаашаа өөр өрөө рүү ороод “А П энд Э” ХХК-ийн захирал Ц.Б гэх хүний гарын үсэг зуруулаад гарч ирсэн. Би Ц.Б гэдэг хүнийг хараагүй. Түүнээс хойш уулзахгүй алга болчихсон. ...” /4 хх 246-247/,

хохирогч “Р и” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.А-н: “...  Э.Б өөрийгөө БНХАУ-ын “Сайно транс” ХХК-д ажилладаг найзтайгаа ярьлаа, 4 дүгээр сарын 11 ширхэг вагон захиалчихлаа, захиалгаа баталгаажуулахын тулд 50 хувийн төлбөрийг төлөх шаардлагатай байна гэж вагон захиалгын хуудаснууд үзүүлсэн. Тэгэхээр нь итгээд 50 хувийн төлбөр 124.250.000 төгрөгийг Э.Б-н Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед гадаад валют их хэмжээгээр банкууд олгохгүй гадаад гуйвуулга хийхэд банкууд хязгаарлалт тогтоосон. Э.Б бид нарт Мөнгөн гүүр ББСБ болон төлбөр тооцоо шилжүүлдэг хувь хүмүүсээр мөнгөө шилжүүлж вагон захиалгын мөнгөө өгч баталгаажуулна гэж тайлбарласан. Тэгээд нөгөө компанийн бульдозерын асуудлаас болоод 4 дүгээр сарын 12-ноос хойш алга болчихсон. Энэ мөнгөнөөс цааш нь Хятад руу явуулсан нэг төгрөг ч байхгүй. ...” /2 хх 191-192/,

хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.А-н: “... Захиалсан  Бульдозерыг Ганц мод Гашуун сухайтын боомтоор тээвэрлэж өгье шуурхай оруулж ирье гэж Э.Б миний танилаар дамжуулан холбогдож уулзсан. Тэгээд өөрийгөө МАК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн төмөр хийц, “Витсамо” ХХК-ийн шүүсний материалыг оруулж ирж ажилласан туршлагатай гэж хэлсэн. Мөн МАК ХХК-ийн Цэлмүүн захиралтай хийсэн гэрээг үзүүлэн танилцуулсан. Ачаа бараа оруулж ирж байгаа бичлэг зургаа үзүүлсэн. Тэгээд би итгэж захиалга өгч уг бульдозероо оруулж ирүүлэхээр болоод Э.Б-н зааварчилгааны дагуу Б.У-н Хаан банкны 530..796 тоот данс руу 77.558.000 төгрөгийг, М.Э-н Голомт банкны 116...760 данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Манай бульдозерыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр оруулж ирнэ гэж хэлсэн. Тэгээд танай бульдозер ороод ирчихлээ шүү гэж 04 дүгээр сарын 08-ны өдөр Г гэх Гашуун сухайтын гаальд ажилдаг хүнээр яриулж үлдэгдэл 30.000.000 сая төгрөгийг Э-н данс руу шилжүүлэн авсан. Манай жолооч Гашуун сухайт дээр хүлээгээд байсан. Тэгтэл бульдозер орж ирэхгүй байгаад байсан. Тэр хугацаанд Э.Б худлаа зураг үзүүлж хил дээр ирчихлээ ороод ирчихлээ гэж 4 хоног ярьж байгаад 04 сарын 13-ны өдрөөс бүүр таг чиг болчихсон. ... бид нар өөрсдөө гаалийн бүрдүүлэлтээ хийж авсан. Ингээд энэ ачаан дээрээс Э.Б үндсэндээ манайхаас 68.038.000 төгрөгийг залилсан. ...” /2 хх 233-235/, “... Э.Б нь Гашуун сухайтын боомтоор орж ирсэн гаалийн татварыг анх ярьсан тохирсондоо төлөөгүй. ... Манай байгууллагад 57.175.575.81 төгрөгийн бодит хохирол учирсан. ...” /2 хх 237/,

гэрч О.А-н: “...Боловсролын яамны дэргэд байрлах Модерн Номадс зоогийн газарт Э.Б гэгчтэй М эгч, түүнтэй хамт явсан Г эгч охинтойгоо, мөн би хүү Т нарын хамт уулзсан. Э.Б гэгч нь бидэнд өөрийгөө “Азийн хөгжлийн банкинд ажиллаж байгаад саяхан сонгуулийн дараа ажлаасаа гарсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилд орж байгаа. Засгийн газрын тэтгэлгээр Бостоны Их сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт нэг, нэг хүүхдийг орон нутгаас суралцуулах боломж гарсан. Түүнд Хэнтий аймгаас танай 2 хүүхдийг сонгосон байгаа учир визний төлбөр, нислэгийн зардал нэг хүүхдийнх 6.000.000 орчим төгрөг болно, уг мөнгийг энэ долоо хоногт багтаагаад өгөөрэй” гэж хэлсний дагуу эхнэр Д дараа нь Э.Б гэгчид “А.Т, А нарын нислэгийн зардлын 12.000.000 төгрөгийн талыг нь бэлнээр, талыг нь дансаар шилжүүлэн өгсөн гэж байсан. ...” /3 хх 162-163/,

гэрч С.М-н: “... Нэг өдөр нөгөө Э.Б гэх залуу над руу залгаснаа “ядаж 1.000.000 төгрөг шилжүүлчих яаралтай хэрэг болоод байна” гэхээр нь би Д-д 1.000.000 төгрөгийн өглөгтэй байсан болохоор Д-н хүүхдийн сургалтад зарцуулах юм чинь гэж бодоод Э.Б-н явуулсан данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчихсэн. Тэгсэн Э.Б гэх залуугийн бүх зүйл нь залилан байсныг дараа нь мэдсэн. ...” /3 хх 212-214/,

гэрч Б.Ц-н: “... Би “С Я” ХХК-ийн захирал хийдэг. Би энэ гэрээний талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед их гайхсан. Би болон манай байгууллага нэг ч удаа “В Ви” гэх компанитай гэрээ хийж байгаагүй. Мөн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. ... 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Э.Б танай компанийн данс руу 13.000.000 төгрөг би оруулсан байгаа. Уг мөнгө нь урдаас бараа авах мөнгө гэж хэлээд эхнэр Ч бид хоёроор дамжуулж тус мөнгийг авсан. Тус 13.419.540.48 төгрөгийн 9.400.000 төгрөгийг Э.Б-н данс руу шилжүүлж өгсөн байх. ... Анх манай компанийн тамгыг Э.Б албан бланк дээр тамга дарах гэсэн юм ахаа, эгчээ гэж гуйж байгаад Э.Б эхнэр бид хоёроос тамгыг авч байсан санагдаж байна. ...” /4 хх 99-100/,

гэрч Ю.Ч-н: “...Тус гэрээг байгуулахад манай компаниас хэн ч оролцоогүй. Тус худалдах, худалдан авах гэрээг сүүлд Э гэх залуугаас цахимаар хүлээн авч танилцсан. Тус гэрээнд манай байгууллага захиалагчаар орсон, нөгөө тал нь “В Ви” ХХК гэсэн байсан. Гэрээнд Ц-ын нэр орсон байсан боловч нөхөр Ц-н гарын үсгийг дуурайлгаж зурсан байсныг би сүүлд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хараад мэдсэн. ...Э.Б нь над руу залгаж холбогдоод “эгчээ би Б гэх ахтайгаа нийлж хүнд токерын машин хятадаас оруулж ирж зарах гэж байгаа юм, худалдаж авах хүн нь хувь хүнтэй гэрээ хийхгүй, компанитай гэрээ хийнэ гээд байна, та тус болооч” гэсний дагуу хорооллын өөрийн ажиллуулдаг “Гэр грилл” ресторанд Э.Б-тэй уулзахад ... Э.Б надад худалдан авагч талаасаа урьдчилгаа мөнгийг нь авах хэрэгтэй байна төлбөрийг баримт дээр таны компанийн тамгыг хэрэглэх гэсэн юм, та тамгаа өгөөч гэж гуйхаар нь компанийнхаа тамгыг “Гэр грилл” ресторанд байхдаа Э.Б-д өгөхөөр болсон. Дараа нь Э.Б “мөнгө бүтсэн, танай компанийн данс руу шилжиж байгаа, 518...85 дугаартай данс руу орж ирсэн мөнгөө хийгээрэй эгчээ” гэсэн утгатай мессеж бичихээр нь би тус өдөр дансаа шалгахад 13.419.540.48 төгрөг орж ирсэн байсан. ...” /4 хх 102-103/,

гэрч Ч.Б-н: “... Тэгээд байж байхад 2022 оны 01 дүгээр сарын эхээр Э.Б гэдэг залуу манай “Мон ложистик Ворлдвайд” ХХК дээр ирээд О болон надтай уулзаад одоо вагон захиалга болж байгаа жаахан хойшлоод байна удахгүй болчихно гэж байсан. ...” /3 хх 110-111/,

гэрч И.Ц-н: “... Дахин дахин “Э Т” ХХК-ийн Д-с шаардахад тээвэрлэлтийг “Х Т З” гэдэг компани хариуцаж байгаа хоёр талаас шахаад тээвэрлэлтийг хурдан хийлгэе гэж хэлсэн. Тэгэхээр нь Э.Б-тэй холбогдоход үр дүнд хүрээгүй. Мөн “Э Т” ХХК-ийн Д.Д-той холбогдоод гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардахад Э.Б-тэй танай тээвэрлэлтийг хийлгэхээр тохирсон хөлсийг нь төлсөн, Э.Б-с мөнгө орж ирмэгц буцаагаад танай байгууллагаас авсан мөнгийг шилжүүлнэ гэсэн тайлбар өгсөн. ... “Э Т” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй учраас иргэний хэргийн шүүхэд хандаж 61.155.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. ...” /3 хх 113-114/,

гэрч А.О-н: “... “Э Т” ХХК-тай гэрээ байгуулсны дараа Э.Б гэдэг хүн компани дээр ирж Б бид хоёртой уулзахад нь “Э Т” ХХК-ийн хүн гэж ойлгосон, ачаа тээврийн талаар ярьсан. Д.Д нь ачааг өөрсдөө хариуцна гэсэн учраас итгэж найдсан. Тухайн үед өөр ямар нэгэн компаниар оруулж ирэх тухай юу ч яриагүй учраас компанийн дансанд мөнгөө шилжүүлсэн. ... Д.Д гэдэг хүн нь өөрийнхөө шийдвэрээр “Х Т З” ХХК-д мөнгө шилжүүлсэн байгаа нь манай компанийн хувьд ямар ч оролцоогүй, хамаарал байхгүй. Хэрэв залилуулсан бол хохирогч нь Долгор байна. Харин манай компани нь гэрээ байгуулсан Д.Д-с хариуцлагаа нэхнэ. Э.Б-тэй ямар нэгэн харилцаа холбоогүй учраас “Э Т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу иргэний шүүхээр мөнгөө нэхэмжлэх болно. Иймд манай компани Э.Б-тэй холбоотой эрүүгийн хэргийн хохирогч байх боломжгүй. ...”/3 хх 116-117/,

гэрч Г.Х-н: “... “Х Т З” ХХК-ийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулсан. ... 2019 онд Э.Б сургууль дээр хэдэн залуучуудтай ирж таараад бид нар тухайн үед танилцаж Ви чатаа солилцож байсан. Э.Б “шинээр тээвэр зуучийн компани байгуулъя, Монгол дахь ачаа, бараа маш их байгаа, урдаас ачаагаа татуулах хүмүүс их олдоно” гэж хэлсэн. Чи зөвхөн бичиг цаас, гэрээгээ бэлдээд байж байхад болно. Хоёулаа хамтарч компани байгуулъя гэж хэлээд маш их яаруулаад байсан. Бид хоёр байгуулахаар болоод 100 айл дээр очиж хүнээр бичиг баримтаа хөөцөлдүүлэхээр болтол Э.Б би иргэний үнэмлэхээ алга болгочихсон. Тэгээд ч би төрийн албан хаагч учраас компани байгуулж болохгүй, чиний нэр дээр байгуулчихъя гэж хэлээд миний нэр дээр “Х Т З” компанийг байгуулсан. Компани байгуулсны дараа “чи гялс компанийн нэр дээр данс нээчих, урьдчилгаа авах гэхээр компанийн данс хэрэг болоод байна” гээд би компанийн нэр дээр данс нээсэн. ... Э.Б рүү залгатал эхлээд ирчихсэн байгаа шүү дээ гэж хэлснээ “худлаа яриад бай, МАК-аас ирээгүй байна гэж и мэйл ирээд байна” гэж уурлатал “харин тиймээ” гэж хэлээд чимээгүй юм ярихгүй байж байгаад “оочирт ороогүй байна, эргээд залгая” гэж хэлээд утсаа тасалсан. 2 хоног холбоогүй байж байгаад нэг залгасан чинь утсаа авсан. Тэгэхээр нь уурлаад “Надад хэцүү байна, ачаа бараагаа хүмүүс нэхээд байна, би Хятадад байгаа хүмүүсийг чинь мэдэхгүй байна гэж хэлтэл “Чи компаниас нэрээ салгачихаа чамд хамаагүй, асуудал гарсан ч би өөрөө хариуцаад явчихна” гэж хэлсэн. ...” /1 хх 64-66/,

гэрч С.Б-О-ы: “... Тухайн үед Э.Б гэх хүн миний 94....99 дугаарын утсаар залгаад би Өмнөговь аймагт байна, та урдаас нэг бульдозерын гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч гэхээр нь за, энэ ямар бульдозер юм бэ гэсэн чинь би очиж чадахгүй болоод байна, та наадхаа гаргаад өгөөч гэсэн. ... Уг бульдозер нь “В” ХХК-ийн нэр дээр орж ирсэн байсан. Манай нөхөр уг бульдозерын гаалийн бүрдүүлэлтийг хийж мөн их хэмжээний татварыг төлж оруулж ирсэн. ... Уг бульдозерыг “В” ХХК-д хүлээлгэн өгсөн. Э.Б-с уг бульдозерыг оруулж ирэхэд ямар ч мөнгө гаргаагүй. Харин “В” ХХК-аас дахин 100 хувь мөнгө нь гарч авсан. ...” /2 хх 240-241/,

“Э Т” ХХК, “Х Т З” ХХК-ийн хооронд байгуулсан Тээврийн зохион байгуулах үйлчилгээний гэрээ /3 хх 77-78/, “Э Т” ХХК болон “М Ло” ХХК нарын байгуулсан Тээврийн зохион байгуулах үйлчилгээний гэрээ /3 хх 121-123/, “М Э” ХХК, “Х Т З” ХХК-ийн хооронд байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбарууд /3 хх 19-20, 27-29/, “МАК” ХХК болон “Х Т З” ХХК-ийн 089-1122 дугаартай, 001-5222 дугаартай гэрээний хуулбарууд /2 хх 6-9, 80-82/,

хохирогч “Өү Жэй Ай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-с 565...39 дугаарын “Х Т З” ХХК-ийн дансанд 11.600.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга /5 хх 4/, “МАК” ХХК-мас “Голомт” банкны данснаас “Х Т З” ХХК-ийн данс руу 80.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт /2 хх 10/, “М ц” ХХК-иас “Х Т З” ХХК-ийн данс руу 24.970.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт /2 хх 88/, “М ц” ХХК-иас “Х Т З” ХХК-ийн данс руу 24.970.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт /2 хх 89/, “М ц” ХХК-иас “Г д т” ХХК-ийн данс руу 40.556.900 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтууд /2 хх 90/, “Э Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 80....9 дугаартай данснаас “Х Т З” ХХК-ийн Хаан банк дахь 565...939 тоот данс руу 61.155.000 төгрөгийг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт /3 хх 76 дахь тал/,

“М Э” ХХК-аас “Х Т З” ХХК-ийн данс руу удаа дараагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн банкны баримтууд /3 хх 15-16, 21, 25, 30/,

“В Ви” ХХК-ийн мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны дансны хуулга /4 хх 136/,

Хохирогч “В Л Л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Хаан” банкны шилжүүлгийн баримтууд /5 хх 214-215/,

“В” ХХК-иас Б.У-н Хаан банкны данс руу 77.558.000 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны шилжүүлгийн баримтын хуулбар, “В” ХХК-иас М.Э-н Голомт банкны данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны шилжүүлгийн баримтын хуулбар /2 хх 214-215/,

“В” ХХК-иас Гаалийн Ерөнхий газрын данс руу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 38.011.162 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14.139.869.79 төгрөг, 4.224.544 төгрөг шилжүүлсэн Голомт банкны шилжүүлгийн баримт, “В” ХХК-иас Ч.Б-н 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 800.000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны шилжүүлгийн баримтууд /2 хх 222-225/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

    Харин шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулах ёстой атал ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад оногдуулахаар заасан хорих ялын дээд хэмжээгээр буюу 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.   

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, энэ талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

              Харин шүүгдэгч Э.Б-н “... залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл уг гэмт хэргийг цаг хугацааны хувьд байнгын шинжтэй, хэвшмэл маягтай, удаа дараагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Э.Б-н үйлдэл нь дээрх шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулан ойлгох хууль зүйн үндэстэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяраас “... анхан шатны шүүх “М Э” ХХК-д учирсан 14.299.900 төгрөгийн хор уршгийн талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан, уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлд “... Хуурч, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Түүнчлэн, залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах гол онцлог нь зөвхөн эд зүйл, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд шилжүүлэн авах үйлдлээр илэрдгээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “М Э” ХХК-тай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр их хэмжээний мөнгө шилжүүлэн авснаар тухайн үйлдэл төгссөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд харин түүний хувьд “М Ри” ХХК-тай аливаа хэлбэрээр эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, “мөрдөн шалгах ажиллагааны явцад “М Ри” ХХК-д учирсан хохирол шүүгдэгч Э.Б-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй учир хохирогчоор тогтоогоогүй” гэсэн прокурорын дүгнэлт болон анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

            Тиймээс Э.Б-г “М Э” ХХК-ийг гэрээ байгуулах замаар бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 101.393.000 төгрөгийг залилан авсан гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хохирогч “М Э” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Иймд хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 72 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Ц т овгийн Э-н Б-г 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “...  Ц т овгийн Э-н Б-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, хохирогч “М Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11ий өдрийг хүртэл хугацаанд 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР