Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 204/МА2020/00028

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07  дугаар сарын 17-ны өдрийн 145/ШШ2020/00618 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 11.014.313 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн  гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч,  хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17/726 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлийг Landrover freelander маркын *** улсын дугаартай суудлын автомашин барьцаалж зээл авсан. Гэтэл Б.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн. Гэрээний хугацаа дууссан хэдий ч 17/726 тоот гэрээгээр авсан 6000000 төгрөгийн үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй одоог хүрч байна.

Иймд хариуцагч Б.А-оос 17/726 тоот зээлийн гэрээ байгуулж авсан зээлийн үндсэн төлбөр болох 6000000 төгрөг, төлөөгүй сарын хүү 4.438.631,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555.682,19 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 11.014.313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б би 1 удаагийн гэрээгээр 6000000 төгрөгийг Өвөрхангай аймгийн *** суманд баригдаж байгаа *** айлын орон сууцыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусаад борлуулалтын орлогоос төлж дуусгана. Хүүг цаг тухайд нь төлж байсан учир алданги төлөхгүй... гэжээ.  

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Агоос зээлийн гэрээний үүрэг болох 11014313 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.А-оос 191.179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191.179 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “*******” нь хариуцагч болох Б.А-г зээлийн гэрээний хавсралт гэрээний салшгүй хэсэг болох зээлийн гэрээний эргэн төлөлтийг ноцтой зөрчиж 2018 оны 07 сарын 24-ны өдрийн 17/726 тоот зээлийн гэрээний 4.2, 4.2.2 дахь хэсгийг зөрчсөн байхад зээлдүүлэгч гэрээг цуцлахгүй гэрээний хугацааг дуустал үргэлжилсэн. Мөн зээлийн гэрээний 8 сарын хугацаа дууссан ч зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгийг гэрээний 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлдэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү бодсон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дэх заалтуудаар зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн үр дагаврыг зээлдэгч хариуцахгүй бөгөөд зээлдүүлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй билээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 618 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “11.014.313” төгрөг гэснийг “8.160.000” болгон өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаас 2.854.313 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 11.014.313 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

“*******” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан бөгөөд “*******” ХХК нь Б.А-д 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүгэй 8 сарын хугацаатай зээлийг “Landrover freelander” маркын *** улсын дугаартай суудлын автомашин барьцаалж зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Б.А нарын байгуулсан 17/726 дугаартай зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.А-оос зээлийн гэрээний үүрэг болох 11014313 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн хүүнээс 514313 төгрөгийг авахаас татгалзан, зохигчид эвлэрэн хэлэлцэж, “*******” ХХК-ий нэхэмжилсэн үлдэх 10500000 төгрөгийг  хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг,  2020 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр 5.500.000 төгрөгийг “*******” ХХК-д тус тус төлж барагдуулахаар, улсын тэмдэгтийн хураамжийн бүх зардлыг хариуцагч тал төлж барагдуулахаар хариуцагчийн өмгөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, энэ эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07  дугаар сарын 17-ны өдрийн 145/ШШ2020/00618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг,  2020 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр 5.500.000 төгрөгийг буюу нийт 10500000 төгрөгийг  “*******” ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Талууд эвлэрсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191179 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж эвлэрсэн хэмжээгээр буюу 10500000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж болох 182950 төгрөгний 50 хувь 91475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагчаас  99704 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох, харин зохигчид давж заалдах шатны шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ хариуцагч тал давж заалдсан гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцахаар тохиролцсон тул 60620 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07  дугаар сарын 17-ны өдрийн 145/ШШ2020/00618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг,  2020 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр 5.500.000 төгрөгийг буюу нийт 10500000 төгрөгийг  “*******” ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 57 дугаар  зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 191179 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн орон нутгийн төсвийн орлогоос 91475 төгрөгийг, хариуцагчаас 99704 төгрөгийг тус тус гаргуулан шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.